“Магнай трейд” ХХК Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг байгууллагын үйл ажиллагаанд саад, хохирол учруулсан хэмээн 2.5 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхэд ханджээ. Тус компанийнхныг Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 2019 онд өрөмдлөг хийхээр зэхэж, техник хэрэгслээ байршуулаад байхад нь орон нутгийн удирдлага зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэн газар чөлөөлүүлэх захирамж гаргаж байж. Ингэснээр “Магнай трейд”-ийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаад, Засаг даргын шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн ч нэхэмжлэгч давж заалдсанаар эл маргаан дөрөв дэх жилдээ үргэлжилж буй аж. Хэргийг өнгөрсөн онд Хэнтий аймгийн шүүхэд шилжүүлэхэд компанийн талд шийдвэр гаргасан учир нэхэмжлэгч тал хариуцагчийн оршин суугаа харьяаллын шүүхэд дахин ханджээ.