Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн улмаас олон нийтэд учирсан хохирлыг эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай хүсэлт ирүүлсний дагуу Улсын ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг гаргаад буй билээ. Тус ажлын хэсгийнхэн Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий хүмүүсийн шийдвэр, тухайн газарт үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээлэл зэрэг баримт, тайлбар, материалуудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас гаргуулан авчээ.
Прокурорын байгууллагынхан Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсэд барьсан 630 барилга, байгууламжийн мэдээлэл, 170 объект болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3929 иргэн, аж ахуйн нэгжид үерийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон баримттай танилцаж, хууль тогтоомжид нийцэж буй, эсэхийг дүгнээд тодорхой арга хэмжээнүүдийг авчээ. Тухайлбал, үерийн далангийн хамгаалалтын бүсэд шинээр газар олгож, нийтэд хохирол учруулахаас сэргийлэхийн тулд барилга, байгууламж бариагүй иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрчлэн хууль тогтоомж зөрчин хамгаалалтын бүсэд газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээг авхуулахаар ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. Тухайн бүсэд барилга, байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар ашиглах, эзэмших, барилга барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудын зарим шийдвэрийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөрдөн шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн аж.