Иргэд золгүй байдлаар усанд осолдож, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. ОБЕГ-аас мэдээлснээр энэ он гарснаас хойш нийслэлийн таван дүүрэг, 16 аймгийн 42 сумд 53 удаагийн усны осол бүртгэгдэж, 49 иргэн нас баржээ. Үүний 35 нь насанд хүрэгч, 14 нь хүүхэд байж. Долдугаар сарын 25-наас хойш улсын хэмжээнд 18 хүн ийм шалтгааны улмаас амиа алдсан байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын дуудлагаар ажиллахдаа есөн хүний амь аварсны тав нь бага насны хүүхэд байсан гэнэ. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Сайхан сумд 15 настай хүүхэд усанд энджээ. Хүү адуугаа эрж яваад Орхон голд осолдсон бөгөөд аврагчид түүний цогцсыг гурван өдрийн дараа буюу өчигдөр олсон байна.
Энэ зун Монгол орны төв, зүүн бүсийн аймгуудаар их хэмжээний бороо орж, голуудын усны түвшин нэмэгдсэн нь ийм төрлийн осол нэмэгдэх шалтгаан болсныг дээрх байгууллагын мэргэжилтэн дурдав. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, баталгаагүй гүүр, гармаар зорчих, гол үерлэсэн үед автомашин, мориор гатлах, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэх зэрэг хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэл нь энэ төрлийн ослын гол шалтгаан болдог аж. Ойрын өдрүүдэд төвийн бүсийн нутгаар бороо элбэгтэй, томоохон голууд үерлэсэн хэвээр байгаа тул иргэдийг хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.