-Дэлхийн 37 улсад электрон тамхи худалдаалахыг хоригложээ-
Манай улс 2021 онд 721ш, 91230кг, 2022 онд 296ш 72567.72кг, давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна. Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээхдээ зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 3180С хүртэл халааж, тэр нь шингэнийг ууршуулж, хэрэглэгчийн амьсгалах манан хэлбэрээр ялгаруулдаг байна. Электрон тамхины шингэн хэсэг нь nicotine, glycerol, propylene glycol болон үнэр, амт оруулагч зэргийг агуулдаг. Дэлхий нийтээр Covid-ийн идэвхтэй үе намжсаны дараа электрон тамхины асуудал анхаарал татах болжээ.
Дэлхийн тамхины хяналтын төв байгууллагаас гаргасан судалгаагаар 37 улс электрон тамхи худалдаалахыг хориглосон. Австри, Бельги, Канад, Ирланд, Итали, БНСУ, Норвеги зэрэг 73 улс худалдаалахыг зөвшөөрч байгаа ч борлуулах газар, нас, цаг зэргийг журамласан байдаг. Тухайлбал, Австрали улсад электрон тамхины зах зээл өсөн нэмэгдэж байгаа нь хүүхэд, өсвөр үеийнхний тамхи татах, никотин донтолтыг нэмэгдүүлж байгаа судалгаа гарч, үүнээс болгоомжлон Австралийн засгийн газраас никотин агуулсан эсэхээс үл хамааран бүх электрон тамхийг эмчийн жоргүйгээр худалдахыг хориглохоор болжээ.
Харин манай улсад “Тамхины хяналтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2005 онд батлагдан 2012, 2015-3, 2019, 2022-2, 2023 онд тус тус нэмэлт өөрчлөлт орсон ч электрон тамхины тухай хараахан тусгагдаагүй байна. ЭМЯ-с нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд уг нэмэлт өөрчлөлтөөр бидний яриад байгаа электрон тамхины талаар тусгай зөвшөөрөл, техникийн зохицуулалт, татвар зэрэг нэлээд өөрчлөлт орох байх гэсэн хүлээлт бий. Түүнчлэн улсын хилээр “Электрон тамхины шингэн” гэж гаальд мэдүүлсэн дээжид шинжилгээ хийж үзэхэд НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын хавсралтад заагдсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн болох каннабидиол, “Шингэн тамхи” гэж мэдүүлсэн дээжид НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарагдсан Дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн зэрэг зөрчлүүд гарсан байна.