Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Б сумын ИТХ, Засаг даргад холбогдох газрын маргаан хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зарим хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цахимаар оролцсон.
Шүүх хуралдаан даргалагч шүүгчээс цахимаар оролцож байгаа гуравдагч этгээдийн төлөөлөгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарт сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, хангалттай дата ашиглах эрхтэй байх, дүрс харагдах орчин зэрэг бэлтгэл хангасан байх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан буюу системээс гарахгүй байх, дүрсээ хаахгүй байх, үг хэлээгүй тохиолдолд дууг хаах, техникийн саатал гарсан тохиолдолд буюу шүүх хуралдааны танхимын дуу сонсогдохгүй байх тохиолдолд мэдэгдэх зэрэг журмыг тайлбарлаж, шүүх хуралдааны дэг зөрчсөн торгох шийтгэл оногдуулахыг танилцуулсан болно.
Шүүх хуралдаан нийт 6 цаг 05 минут үргэлжилсэн ба өмгөөлөгч Н.О нь шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны дэгийг зөрчиж, 2-3 удаа дүрсээ хаасан тул шүүх хуралдаан даргалагч шүүгчээс сануулсан аж.
Гэвч өмгөөлөгч нь шүүх хуралдаан эхэлснээс хойш 1 цаг 09 минутад ямар нэгэн хүсэлт тайлбаргүйгээр системээс гарч шүүх хуралдааныг орхиж, дахин холбогдоогүй болох нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд өмгөөлөгч Н.О нь шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй, шүүх хуралдааны дэгийг зөрчиж даргалагчийн зөвшөөрөл, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг орхисон зөрчил гаргасан болох нь нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэг зуун нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчөөс татгалзаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хэдий ч энэ нь өмгөөлөгчийн шүүх хуралдааны журам зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл болохгүй болохыг дурдав.