Иргэн Д.О, М.О, Г.Х нар орон сууцын хөнгөлөлттэй зээлд болон түрээслээд өмчлөх квотод хамруулж өгнө хэмээн бусдыг төөрөгдүүлж, 64 иргэнээс 1.1 тэрбум орчим төгрөг залилжээ. Үүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг УЕПГ-аас мэдээллээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Прокурорын газраас иргэн М.А нь МУБИС-ийн бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, 2009 оноос Баруун-Урт сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд багшилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2-1-тзааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Нийслэлийн Прокурорын газраас бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаар хүч хэрэглэх, заналхийлэх гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн 16 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3-1-ийн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх болон 20.16-2.1 дэх хэсгийн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг заалтаар яллах дүгнэлт үйлдсэнийг УЕПГ-аас мөн мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт тус газраас хэрэг бүртгэлтийн 31 142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.