Туул голын сав газрын хамгаалалтын захиргааныхан усны нөөцийн бохирдол, хомсдолоос сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран хяналт шалгалт зохион байгуулж байна. Эдгээр байгууллагын мэргэжилтнүүд эхний ээлжид Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт, Туул голын сав газрын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн ус ашиглалтад хяналт тавьжээ. Шалгалтын үеэр Туулын баруун дэнж хэмээх газарт хэсэг бүлэг иргэн, нөхөрлөлүүд усны сан бүхий хамгаалалтын бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд хохирол учруулж байсныг тогтоожээ. Эл хэргийг шалгуулахаар тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн аж. Мөн байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүй, хог хаягдал, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу шийдээгүй “Хамтын эх булаг”, “Батбродерс майнинг” зэрэг компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл