“Акуа гарден” буюу олны мэдэхээр “Авлига хороолол”-ын барилгын ажлыг зогсоох хүсэлтийг дахин хэлэлцэхээр боллоо. “Онч шийдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, БХБЯ, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төвд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр хийх үеэр ийнхүү шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн зүгээс “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Акуа гарден” хотхонд захиалга өгсөн 11 хүнийг гуравдагч этгээдээр урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болголоо.
Мөн БОАЖЯ-наас гаргасан ийм хүсэлтийг ч түдгэлзүүлэв. Тэрчлэн хотын даргад холбогдох байгууллагынхны танилцуулсан “Акуа гарден” хотхоны үерийн усны нөлөөлөл, авах арга хэмжээний талаарх дүгнэлтийг гаргуулах “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хүсэлтийг хэрэгссэнгүй. Харин нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 3-ны А/17 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг холбогдох мэдээлэл, баримтыг тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
Бэлтгэсэн: Н.Мишээл