НҮБ-ын нэрийг ашиглан иргэдийг залилах явдал сүүлийн үед цөөнгүй гарах болжээ. Тодруулбал, өөрийгөө тус байгууллагын ажилтан, хамтрагч, холбоотон гэж итгүүлсэн хүмүүс нийгмийн сүлжээ, цахим шуудан, факс ашиглан хуурамч мэдээлэл бүхий зурвас илгээж, иргэдийг залилсан хэрэг удаа дараа бүртгэгдсэн байна. Иймд дээрх олон улсын байгууллагынхан иргэдийг залилангийн хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүллээ. Хувийн, ялангуяа санхүүгийн мэдээллээ илгээхийг хүссэн, их хэмжээний мөнгөн тусламж олгох тухай дурдсан, олон улсын төсөл, хөтөлбөрт хамруулах санал тавьсан цахим шуудан, зурваст хянамгай хандахыг зөвлөв. ЦЕГ-аас ч иргэдийг энэ төрлийн цахим гэмт хэргээс сэргийлэхийг анхаарууллаа.