Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймаг, Даланжаргалан суманд “Машин мөргөлдсөн байна” гэсэн мэдээллийг долоодугаар сарын 31-ний 13.40 цагт хүлээн авсан аж. Шалгалтыг явуулахад “North benz” маркийн тээврийн хэрэгсэл pruis-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчиж явсан 3 иргэн нас барж 1 иргэн гэмтсэн гэх хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэлээдгүй байгаа төдийгүй онхолдох, явган зорчигч мөргөх, хурд тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах зэргээс ноцтой зам тээврийн осол, хэрэг гарч хүний амь нас эрсдэх тохиолдол нэлээдгүй гарсаар байна.
Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.