Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, мэдээлэл хадгалах, сүлжээний хамгаалалтын төхөөрөмжийг нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг Сонгуулийн ерөнхий хороо зарлаж, холбогдох материалуудыг саяхан хүлээн авч дуусжээ. Өнгөрсөн зургадугаар сард улсын төсвийг тодотгохдоо сонгууль зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 15.9 тэрбум төгрөг тусгасан бөгөөд дээрх тендерийг үүний хүрээнд зарлаж буй бололтой.
УИХ-ын ээлжит сонгууль ирэх онд болно, жил хүрэхгүй хугацаа үлдлээ. “Хар машин” гэгддэг сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамжийг шинэчилнэ гэж сүүлийн хэдэн жилийн турш ярьсан ч одоо л ажил хэрэг болгож буй нь энэ.
...Сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, мэдээлэл хадгалах, сүлжээний хамгаалалтын төхөөрөмжийг нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг Сонгуулийн ерөнхий хороо зарлаж, холбогдох материалуудыг саяхан хүлээн авч дуусжээ. Өнгөрсөн зургадугаар сард улсын төсвийг тодотгохдоо сонгууль зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 15.9 тэрбум төгрөг тусгасан бөгөөд дээрх тендерийг үүний хүрээнд зарлаж буй бололтой...
Уг нь өдгөө бидний хэрэглэж буй “хар машин” нь “Dominion voting systems” компанийн бүтээгдэхүүн бөгөөд албан ёсны нэр нь “New image cast” юм.
Одоогийн парламентад байсан нэгэн гишүүн үүнийг нэлээд хуучирсныг нь шогширч, “Iphone 5” маркийн гар утастай жишиж байв. Мөн Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар “хар машинууд”-ыг шинэчилнэ хэмээж байсан ч сонгууль дөхсөн үед автоматжуулсан төхөөрөмжөөр оролдох нь “нуухыг авах гээд нүдийг сохлов” гээчийн үлгэр болж магадгүй хэмээн болгоомжилсон тул хойшлуулсан. Гэсэн ч өнгөрсөн жил 2023 оны төсвийг батлахдаа ч үүнийг хайхраагүй, сая тодотголоор хөрөнгө “тавьж” буй хэрэг. Энэ саналаа Сонгуулийн ерөнхий хорооныхон өнгөрсөн жил төсөв батлах үеэр уламжилж байсан ч бүтэлгүйтсэн юм. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг 2011 онд баталж, дараа жил нь УИХ-ын сонгуулиар ашигласнаас хойш тасралтгүй хэрэглэж буй. Өөрөөр хэлбэл, сонгогчид “хар машин”-тай танилцаад 10 гаруй жил өнгөрч, программ хангамжийнх нь лицензийн хугацаа хэдийн хэтэрчихэж. Тиймээс ч өнгөрсөн жил болсон орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийн үеэр АН-ын зүгээс үүнийг анхааруулж, автоматжуулсан системийг шинэчлэхийг шаардаж байв.
Уг нь энэ оны төсвийн тодотголоор үүнд зориулан 21 тэрбум төгрөг суулгахаар төлөвлөсөн ч баталсан нь 15.9 тэрбум. Гэхдээ энэ нь 2011 онд 24 тэрбум төгрөгөөр анх сонгуулийн автоматжуулсан системтэй болсноос хойш хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд Мэдээллийн технологийн төв байгуулахтай холбоотойгоор компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад шаардлагатай 150 гаруй сая төгрөгийг 2012-2013 онд буюу хоёр он дамжуулан суулгасан гэх мэтийн тоотой хэдхэн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хийж байжээ.
Нөгөө талаас “Сонгуулийн автоматжуулсан систем” гэдгийг хуульд нь “...сонгуульд бэлтгэж, түүнийг хуулийн дагуу зохион байгуулахад ашиглах зориулалттай мэдээллийн сан бүрдүүлж, сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, саналыг нь авах, тоолох, дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах үүрэг бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж, тэдгээрийг ажиллуулах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн харилцан уялдаа бүхий цогцыг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, автоматжуулсан систем гэдгийг зөвхөн “хар машин” гэж ойлгож болохгүй. Тэгвэл дээр дурдсан төсвөөс гадна улсын бүртгэлийн төхөөрөмжийг шинэчлэхэд 26 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнийг ирэх жилийн төсөвт суулгахаар төлөвлөж буй юм билээ. Үүнд сонгогчийг бүртгэх компьютер, хэвлэгч, хурууны хээ уншигчийг хамааруулдаг аж.
Зарим талаар нэр хүнд муутай, өнөө хэр эргэлзээ дагуулдаг, бүр улс төрийн намын ялагдлын буруутан болж шатаалгуулж байсан “хар машин”-ы хувьд ийн шинэчилснээр сонгуулийн үр дүнг аль аль тал нь хүлээн зөвшөөрөхөд нэмэртэй байж мэднэ. Ямартай ч сонгуулиа шударгаар явуулж, сонгогчдын саналыг үнэн, зөвөөр тоолж, нэгтгэн зарлахад эл шинэчлэл гарцаагүй хэрэгтэй. Гэвч “хар машин” дотор хэн нэгэн суучихаад өгсөн саналыг нь өөрчилдөг, эсвэл алсаас удирдаад дүнг нь засдаг гэх мэт бодолтой сонгогчдод тэгтлээ нөлөөлөх нь юу л бол. Харин ч өдгөө эрх барьж байгаагаар нь “Ардын намынхан сонгуулийн өмнө “хар машин”-ыг шинэчлэх нэрээр өөрсдөдөө ашигтай “тохируулга” хийчихлээ” хэмээн хардахыг үгүйсгэхгүй.
Аз болоход гэх үү, сонгуулийн хяналтын тооллогыг бүх хэсгийн хороонд хийхээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын өгсөн саналыг бүгдийг нь гараар тоолж, “хар машин”-аас гаргасан дүнтэй тулгасана гэсэн үг. Сүүлийн хоёр удаагийн сонгуулиар “Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт (сугалах)-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ” хэмээх хуулийн заалтыг мөрдсөн юм. Тухайлбал, 2020 оны сонгуулиар ажилласан нийт 2070 хэсгийн хорооноос 846-д нь буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүйг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, “50 хүртэл хувь” гэж заасан учраас сонгогчдын саналын тэн хагасыг заавал гараар тоолно гэсэн үг биш. Таван хувийг нь ч хяналтын тооллогод оруулж болох юм. Үүнээс өмнө 40 хүртэлх хувийг гараар тоолж баталгаажуулж байсан үе бий. Тэр ч бүү хэл, 2012 оны сонгуульд ялагдсаныхаа дараа МАН-ынхан “хар машин”-ыг шатааж, тухайн үед хоёрхон хэсгийн хороон дээр хяналтын тооллого хийснийг шүүмжлэн, эсэргүүцэж байлаа. Үнэхээр ч 2012 оны сонгуулиар мөрдсөн хуулиар тойрог тус бүрээс санамсаргүй сонголтын аргаар хоёр хэсгийн хорооны саналыг гараар тоолж тулгадаг байв. Үүнээс гадна хаана, аль хэсгийн хорооны саналыг гараар тоолох вэ гэдгээ урьдчилан зарлаж байгаад хяналтын тооллого хийдэг байсан түүхтэй.
Юутай ч одоо илүү ч үгүй, дутуу ч үгүй 100 хувь бүгдэд нь хяналтын тооллого “оруулах” учраас эргэлзээ, хардлага нь илүү багасаасай хэмээн найдна. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолж байсан юм. Энэ нь мөн л “хар машин”-ыг дагасан эргэлзээ, хардлагатай холбоотой. Гэвч техник, технологийн дэвшилд тулгуурлан 10 гаруй жил автоматжуулсан систем ашигласан атлаа үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй, жил ирэх бүр хяналтын тооллого хийх хувь, хэмжээг нэмэгдүүлж буй нь ойлгомжгүй аж. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс “хар машин”-ы дүн өнгөрсөн хугацаанд нэг ч удаа зөрж байгаагүйг удаа дараа мэдэгдэж ирсэн. Ерөнхийлөгчийн өнгөрөгч сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан “2012 оноос эхлэн явуулсан долоон удаагийн ээлжит сонгуулиар гар тооллого болон төхөөрөмжөөс гарсан хэсгийн хорооны дүн зөрсөн тохиолдол нэг ч удаа илрээгүй. Хэрвээ алдаатай тоолдог байсан бол сонгуулийн өмнө ч, дараа ч гомдол гаргаад шалгуулах эрх нь хэн бүхэнд нээлттэй. Гэтэл ийм гомдол ганцхан удаа буюу 2012 оны сонгуулийн дараа гарсан. Үүнийг Сонгуулийн ерөнхий хорооныхон гомдол гаргасан хүмүүстэй нь хамт тоолоход зөрүү гараагүй. Автоматжуулсан системийг ашиглахаас өмнө буюу 2011 оноос эхлээд сонгуулийн төв байгууллагын зүгээс 100 хувь гараар тоолж, тулгадаг байхаар хуульд тусгах санал гаргасан ч оруулаагүй. Бидний ашиглаж байгаа яг энэ төхөөрөмжийг Канад, Америк, Филиппин зэрэг олон оронд хэрэглэж байна” хэмээн тайлбарлаж байсныг сануулъя.