БНХАУ эрдэмтдээ дээдэлдэг улс аж. Эрдэмтдийн үг нь үйлдэл болж, эх дэлхий дэх газрын диваажин хэрхэн бүтсэнийг дараах мэдээллээс сонирхоорой. Шанхай хотоос Сүжөү 400 км-ийн зайтай. Манайхаар бол Улаанбаатараас Орхон аймаг хүрэхийн дайтай газар. Монголд бол ийм зайг бид үдэш 20.00 цагийн орчимд галт тэргэнд суугаад, өглөө 07.00 цаг хүртэл явж туулна. Харин Монгол, Хятадын сэтгүүлчид Шанхайгаас хурдны галт тэргэнд суун20 минут “цахилаад”, Жянсү мужийн нийслэл Сүжөү рүү оччихов. Ширхэг ч тоосгүй гэмээр цэмцгэр хот биднийг угтсан юм.
Дэлхийд данстай соёлын өв энд олон. Үүнээс гадна Сүжөү ногоон байгууламжаараа олон улсад тэргүүлдэг учир газрын диваажин гэх нэршилтэй болжээ. Эдгээр чанар нь энэ хот олон улсын жуулчдыг татах гол хөшүүрэг болдог гэнэ. Түүнчлэн аж үйлдвэр, техник, технологи, боловсролын салбараа түлхүү хөгжүүлсэн гэдгээрээ ч дэлхийд нэрээ таниулсан хот санж. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаараа улсдаа нэгдүгээрт жагсдаг, ухаалаг машинтай анхны суурин хот гэдгээрээ Сүжөү алдартай.
Сүжөүгийн ДНБ 12.29 их наяд юань бөгөөд нэг хүнд ногдох хэмжээ нь монгол төгрөгөөр тооцвол 69 сая гэнэ. 2022 онд хийсэн судалгаагаар тус хотын хөрөнгө оруулалт огцом өссөн. Тодорхой хэлбэл, дэлхийн шилдэг 500 компаниас 392 нь Сүжөүд хөрөнгө оруулж, бодит мөнгөн дүн нь 30.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн шинжлэх ухааны салбарын өсөлт нь өнгөрсөн онд 67 хувиар нэмэгджээ.
Монгол, Хятадын сэтгүүлчид хамгийн түрүүнд Хөх мөрний гурван хавцлын ухаалаг автомашин үйлдвэрлэлийн жишиг загварын төвд очлоо. Бидний зарим нь жолоочгүй автобусаар тухайн орчинд зугаалж, үлдсэн нь жишиг загварын төвтэй танилцсан юм. Хөх мөрний гурван хавцлын ухаалаг автомашин үйлдвэрлэлийн жишиг загварын төвийнхөн хоёр жилийн дараа гэхэд Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн парк болох зорилго тавьжээ. Ингэснээр нэгдүгээрт, Өндөр зэрэглэлийн авто удирдлагын төв, хоёрдугаарт, Шинэ санаачилга инновацын төв, гуравдугаарт, Жишиг загварын төв, дөрөвдүгээрт машин өөрийгөө цэвэрлэх Ухаалаг авто угаалгын төв гэсэн бүтэцтэйгээр ажиллаж эхлэх нь. Энэ зорилгыг хэрэгжүүлэхээр 13 компани нэгдэн ажиллаж буй бөгөөд өнгөрсөн зургадугаар сард “Ухаалаг машин-2023” олон улсын форумыг амжилттай зохион байгуулсан аж.
Сүжөү бүрэн цахимжсан, 100 хувь камержсан хот. Тиймээс ухаалаг такси хаана хүрсэн, хэн суусан, хаашаа явсныг Хөх мөрний гурван хавцлын ухаалаг автомашин үйлдвэрлэлийн жишиг загварын төвд бүрэн хянадаг. Ухаалаг автобус, таксийг хэдийгээр хэрэглээнд нэвтрүүлсэн ч туршилтын хугацаа нь дуусаагүй тул заавал IT инженер машиндсууж явдгийг дээрх төвийн мэргэжилтнүүд хэллээ. Жолоочгүй таксины компани гэхэд Сүжөүд дөрөв бий. Эдгээр ухаалаг такси дэлгүүр хэсэх, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхээс гадна кинонд “тоглохдоо” ихээхэн мэргэшиж байгаа гэсэн. Мэдээж БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс ихээхэн дэмжиж, багагүй хөрөнгө оруулдаг учраас энэ бүх аж үйлдвэрлэл, шинжлэх ухааны ололт амьдралд ийнхүү хэрэгжиж, иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчилж буй.
Ухаалаг автобусанд суусан мэргэжил нэгтнүүдийнхээ мэдрэмжийг сонсож, шагшсаар дараагийн газартаа хэдийн ирлээ. Бас л шинэ амжилт, инновац, хиймэл оюун ухаан (AI)-ы ололтыг хөрсөн дээр буулгаж, амьдралд хэрэгжүүлж буй олон жишээг эндээс харав. Сүжөү аж үйлдвэрийн паркийн үзэсгэлэнгийн танхим буюу хиймэл оюун ухааны туршилтын газрын үйл ажиллагаа илүү өргөн цар хүрээтэй аж. Орчин үеийн ухаалаг машин, цахилгаан бараа, дрон, рүтер, проектер ямар үйлчилгээтэй, хэр хувирсныг эндээс үзэж болох юм билээ.
2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн эл газарт 31 000 мэргэжилтэн, 650 эрдэмтэн ажилладаг. Үүнээс гадна олон улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд ч эднийхэнтэй хамтардаг. Улсын төсвийн 10 гаруй хувийг хиймэл оюун ухааны туршилтын газарт зарцуулдаг бөгөөд энэ нь эргээд өгөөжөө өгч буй. 2021 оноос гол туршилтуудаа эхлүүлсэн. Нэн тэргүүнд хиймэл оюуны ухааны туршилт хийдэг. Мөн нано технологид суурилсан, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гаргадаг гэнэ. Гуравдугаарт, гарааны компаниудыг энд бойжуулдаг аж.
Дэлхийн дижитал хотуудаас энэ л газарт хандаж захиалга өгдөг. Биднийг очсон өдөр гэхэд АНУ-аас рүтерийн чипийн захиалга өгч, үйлдвэрлэлээ эхлүүлсэн гэж байв. Бусад орноос элдэв программ, жижиг, том робот, сансар судлалын төхөөрөмж захиалдаг. Мөн өдөртөө хэдэн мянган аппликэйшн бүтээж, захиалагчдадаа нийлүүлдэг байна. Гол захиалагчид нь эрүүл мэнд, аялал жуулчлал, газар тариалан, байгаль орчин, бүх төрлийн тасалбар захиалга, зам харилцааны компаниуд, банк санхүү, эдийн засгийн салбарынхан аж.
Жишээ нь, эрүүл мэндийн салбарынхан зарим бага эмч, сувилагч нараа роботоор орлуулах болжээ. Робот мэс заслын үед хэрэгтэй хайч, хутга, багажийг эмчид дамжуулж өгөхөөс гадна хагалгааны дараа өвчтөнийг асрах ажлыг бүрэн хариуцна. Бие засахад нь туслахаас авхуулаад хоолны дэглэм, эмийн жор, дасгал хөдөлгөөнийг нь бүрэн хариуцаж “ажилладаг”. Үүнээс гадна Сүжөү хотын Эрүүл мэндийн газрынхан ахмад настны цахим бүртгэл хийсэн байна. Улмаар тухайн ахмад настан ямар архаг хуучтай болохыг нэг бүрчлэн тэмдэглэж, аппликэйшнээс өгсөн сануулгын дагуу ахмадуудаа эргэж тойрон, үзэж эмчилдэг болжээ.
Ухаалаг машин ч ялгаагүй. Машиныхаа AI-ыг гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдтэй холбоход л хангалттай. Орой харихынхаа өмнө ганц товчлуур дарахад нь будаа агшаагч ажиллаж, хөргөгч махаа гэсгээж, угаалгын машин хувцас угааж, тоос сорогч үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Мөн иргэн маршрутаа сануулчихад гэр хүртлээ дугхийж болно. Хүсвэл халаасны проектороо гаргаад том дэлгэцээр кино үзсэн шигээ тухлах ч боломжтой.
Нэг зүйлийг онцлоход, Монголд цахим луйвар их гардаг. Тэгвэл Хятадад энэ төрлийн хэрэг гарахаас урьдчилан сэргийлж чадсан байна. Тухайлбал, хэн нэгэн этгээд өөр бусдын данснаас мөнгө зөвшөөрөлгүйгээр авсан бол гэмт хэрэгтний дүрс гар утсанд нь ирдэг гэнэ.
Боловсролын салбарт ч хиймэл оюун ухаан чухал нөлөөтэй болжээ. Ямар ч чадвартай багшаас илүү AI түшиглэн цахим хичээлээр сурагчдад англи хэлийг, математикийг 100 хувь үр дүнтэй заадаг болжээ. Газар тариалангийн тухайд ч робот үрээ цацаад, услаад, ургацаа хураадаг болсныг Сүжөү аж үйлдвэрийн паркийн үзэсгэлэнгийн танхимын мэргэжилтнүүд онцолсон. Энэ бүгдийг хийлгэхийн тулд нэг л товчлуур дарахад хангалттай. Хэрэв дуу хоолойгоо таниулсан бол хэлэхэд л хүсэл биелэх нь.
Төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийнхний зарим ажлыг энэ мэтчилэн бүрэн цахимжуулсан байна. Мэргэжилтэн өвдсөн үедээ, чөлөө авахдаа, ямар нэг судалгаа хийж дууссан бол цахим үйлчилгээ ашиглан мэдэгдэхэд л хангалттай. Мөн Сүжөү аж үйлдвэрийн паркийн үзэсгэлэнгийн танхим өнөөдрийн байдлаар 4500 компанийг бойжуулж, зах зээлд гаргасан бөгөөд бүгд хөлөө олж, амжилттай ажиллаж байгаа гэнэ. Шинжлэх ухааны дээрх ололтын улмаас зарим багш, эмч ажилгүй болсон гэдгийг IT мэргэжилтнүүд хэлсэн. Гэсэн ч тус хотын удирдлага үүнд анхаарал хандуулж, амьдралын чанарыг нь алдагдуулахгүй байх үүднээс давхар бодлого явуулдгийг онцолсон билээ.
Сүжөүд ирээд саатах газрын нэг нь Хааны ордны алтан тоосгоны музей юм. Чин, Мин улсын 600 жилийн түүхийг эл музейгээс мэдэж болно. Дэлхийн өвд бүртгүүлэхээс гадна хойч үедээ уламжлалаа, түүхээ таниулахын тулд эртний гэсэн бүхнээ нандигнан сэргээж, дэлгэдэг ард түмэн ажээ. Хааны ордны алтан тоосгоны музейд гэхэд ураг удмынхаа зургаа дахь үеийн тоосгочин бүсгүй ажилладаг. Тэрбээр хүүхэд багачуудад тоосго хийх аргыг сонирхолтой байдлаар харуулж, өөрсдийг нь гар бие оролцуулан тоглуулах жишээтэй. Чин улсын үед тоосгыг 29 дарааллын дагуу хоёр жил орчим хөдөлмөрлөж бүтээдэг байжээ. Ингэхдээ шавраа зуурч нарс, будаа, сүрэл ашиглан тоосгоо барьцалдуулдаг байсан гэнэ. Хоёр жилийн хөдөлмөр шаарддаг хэдий ч тоосгыг жинлэж, тогшиж, хэмжсэний дараа 10 тоосгоноос хоёрыг нь Хааны ордон барихад “тэнцүүлж” авна. Тогшиход жингэнэж, алт шиг дуугарах аваас тэр хааны ордны тоосго болдог байж. Ингээд Шанчэнь боомтоос Бээжин хот руу тоосгоо завиар зөөнө. Тухайн үед сайн чанарын цавуу үгүй, будааны зутангаар орлуулдаг байсан тул тоосгоо үйрүүлэлгүй усан боомтоор зөөх нь амь дүйсэн ажил байсан нь лавтай. Мөн тоосгоноос төмрийн дуу гардаг. Ийм дуутай хөргөсөн хөх тоосгыг сүм, хийд барихад голдуу ашиглана. Гангар шаазан тогших мэт авиа гарах аваас нарийн ур хийцтэй барилгад хэрэглэдэг байжээ.
Энэхүү музейг алдарт архитектор, дизайнер Лю Жякүн бүтээж, 2016 оны тавдугаар сарын 18-нд албан ёсоор ашиглалтад оруулсан юм байна. Тус музей нь эртний тоосго шатаах зуухны үлдэгдэл, музейн үндсэн барилга, орчин үеийн уран зургийн төв, тоосго үйлдвэрлэлийн цех, соёлын бүтээлч ажлын танхим, соёлын дэлгүүр зэргээс бүрддэг. Хааны ордны алтан тоосгоны музейн үзмэр “тоосгоны материал олборлох”, “тоосго үйлдвэрлэх явц”, “хэрхэн ашиглаж, юу бүтээв” гэсэн үндсэн гурван хэсэгтэй. Мөн Ян Чэн нуур, усан боомт түшиглэн, тоосго үйлдвэрлэж байсан иргэний амьдралыг эндээс тольдох боломжтой.
Энэхүү тоосго шатаах зуухны галыг 600 жилийн турш унтраалгүй бадраасаар өнөөдөртэй золгожээ. Тодорхой хэлбэл, хаан язгууртны ордон харш байгуулахад зориулагдсан тоосго шатаах зуух энд гол үзмэр болон дүнхийнэ. Тоосгоны хамгийн анхны үйлдвэрлэлийн арга барил, дарааллыг одоо ч дагаж мөрддөг гэх. Хятадын соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд оруулсан уг музей олны хөлийн газар ажээ. Орчин үед уламжлалт алтан тоосгыг баячууд, эрдэмтэд бичгийн ширээний тавцанг орлуулан ашиглаж чамирхдаг байна.