НҮБ-аас 1948 онд баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна”, гуравдугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй” хэмээн заасан байдаг. НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол Улс ч уг зарчмыг дагаж мөрддөг. Улмаар манай улс Үндсэн хуульдаа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын эдгээр гол үзэл санааг тусгаж, баталгаажуулсан. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй”, 16 дахь хэсэгт “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэсэн байна. Зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд л халдашгүй дархан байх тусгай эрхтэй биш гэсэн үг. Хүн бүр үнэ цэнтэй, хүн бүр халдашгүй. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй. Гэвч ийнхүү тунхагласан эрх, эрх чөлөө бодит байдал дээр ямархуу түвшинд явна вэ.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас энэ оны тавдугаар сард гаргасан судалгаагаар Монгол “асуудалтай нөхцөл байдалтай” улсын ангилалд орж, 180 орноос 88 дугаарт жагсжээ. Зөвхөн сэтгүүлчдэд биш, Монгол Улсын иргэн бүрт хамаатай хэвлэлийн эрх чөлөөгөөр бид 2020 оны үзүүлэлтээс даруй 10 байраар ухарсан байх юм.
...Төрийн өндөр албан тушаалтнуудаас ч сэтгүүлчид, сошиалд олон дагагчтай хүмүүст хандсан гомдол цөөнгүй. Илт доромжилсон, гутаасан, нэр хүндэд нь ноцтой халдсан биш л бол олны нүдэн дээр үг, үйлдлээ “шүүлгэх” учиртай албан тушаалд очсоноо санаж, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Гэвч “гоншигонуур” улс төрч олширчээ...
Сэтгүүлчдийн хувьд аливаа албан тушаалтныг шүүмжилж нийтлэл бичсэн, нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэж, буруу булхай үйлдлийг нь олон нийтэд илчилснийхээ төлөө Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох зүйл ангиар буруудан ялд унах тохиолдол цөөн боловч гардаг. Хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагууд хэдэн жил тэмцсэний эцэст Эрүүгийн хуулиас дээрх зүйл заалтыг2017 онд хассан ч 2020 оны нэгдүгээр сард парламентаас мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт оруулсан юм. Үүнийг “Гүтгэх, доромжлох заалтыг өнгийг нь хувиргаад оруулж ирлээ” хэмээн хэвлэлүүд шүүмжилж байв. Шинээр баталсан Зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэхтэй холбоотой гэмт хэргийг 2017-2020 оны хооронд зохицуулж байсан билээ. 2018 онд цагдаагийн байгууллагад бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн гэх зүйл ангитай холбоотой 370 орчим гомдол ирүүлсний 182 нь сэтгүүлчдэд хамааралтай байсан аж. Сэтгүүлчидтэй холбоотой гомдлын 30 хувийг төрийн өндөр албан тушаалтнууд гаргасан байжээ. Бусдыг гүтгэсэн нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр сая төгрөгөөр торгож байсан юм. Харин Зөрчлийн хуулиасаа уг заалтыг хасаж, буцаад Эрүүгийн хуульд гүтгэхтэй холбоотой зохицуулалтыг оруулснаар дахин эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна гэсэн үг.
Сэтгүүлчдийн хувьд аливаа мэдээллийг эх сурвалжтай, баримттай нөхцөлд олон нийтэд түгээдэг. Түгээсэн мэдээллээ баримтаар баталж чадалгүй Эрүүгийн хуулиар ял авсан тодорхой тохиолдлууд бий ч бид Ёс зүйн дүрэмтэй, Сэтгүүлчдийн эвлэл, Ёс зүйн хороотой. Тиймээс мэргэжлийн редакцтай, ёс зүйгээ баримталдаг сэтгүүлчидтэй газраас бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн зүйл ангиар ял авах тохиолдол тун ховор.
Харин сүүлийн хэдэн жилд цахим сэтгүүл зүй хөгжихийн хэрээр зарим сайтынхан бусдын нэр хүндэд халдсан асуудлаар шүүхэд дуудагдах, буруудах тохиолдол гарч буйг үгүйсгэхгүй. Мөн сошиал хаягаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлээд цагдаа, шүүхийн байгууллагад дуудагддаг жишээ энгийн иргэдийн дунд ч, сэтгүүлчдийн хувьд ч цөөнгүй байна. Тухайлбал, Дэнс.мн сайтын сэтгүүлч Ц.Шинэбаяр ОХУ-ын хийн хоолой тавихтай холбоотой сэдвээр цахим хуудсандаа байр сууриа илэрхийлээд Шадар сайд С.Амарсайханы нэр хүндэд халдсан хэмээн яллагдагчаар татагдаад байсан. Хоёр жил үргэлжилсэн уг маргаан сэтгүүлч буруугүйг тогтоосноор дуусав.
Мөн жиргээчдийн дунд Элийрэгч нэрээрээ танигдсан, иргэн Ц.Уянга байсхийгээд л цагдаа, шүүхийн байгууллагад дуудагддаг болсон. Тэрбээр 2018 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийг оролцуулан жиргэсэн, мөн “жонхуу” хэмээн тодорхойлсныхоо хариуд “Төрийн тэргүүний нэр хүндэд халдсан” хэмээн буруудаж, Зөрчлийн тухай хуулийн бусдыг гүтгэсэнтэй холбоотой заалтаар хоёр сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээж байжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг гомдлыг гаргасан юм байна. Өөрт нь ч мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан хэмээн тэрбээр эсэргүүцэж, “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас бусад үед Ерөнхийлөгчийн нэр хүнд гэж ярих ёсгүй” гэж байв. Мөн тухайн жилд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлахын өмнө тэрбээр ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Халх голын ялалтын80 жилийн ойн мэндчилгээтай холбоотойгоор монголчуудыг айлгаад байгаа юм уу, дарамтлаад байгаа юу гэсэн утгатай зүйл жиргээд шалгуулсан байна. Энэ талаар тэрбээр “Тагнуулын ерөнхий газраас 22.30 цагийн орчимд хоёр хүн гэрт ирсэн гэсэн. Тухайн үед нь би гадуур ажилтай явж байсан. Би нэн даруй хойшлуулшгүй хэрэг хийгээгүй болохоор шөнийн цагаар тэд над руу холбогдох ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байжээ. Түүнийг шөнө гарч ирж мэдүүлэг өгөхийг шаардсан, ингэхдээ “В.Путиний талаар муу юм бичсэн учраас шалгана” гэсэн юм билээ. Ардчилсан хувьсгалыг авчирсан улстөрчдийн нэг Э.Бат-Үүл ч байр сууриа илэрхийлснийхээ хариуд “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг гүтгэсэн” хэмээн цагдаад дуудагдсанаа ярьж байв.
Иргэн Ц.Уянга саяхан АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд зохих өндөр албан тушаалтны болон шүүх, цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалтныг “Магнитскийн хориг”-т оруулах хүсэлт өргөн барьснаа жиргэжээ. Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хүмүүст Европын Холбоо 2021 оноос Магнитскийн хилийн хориг тавьж эхэлсэн юм. “Дотоодын хууль тогтоомж олон улсын хэм хэмжээтэй нийцэхгүй, үзэмжээр өөрт дургүй бүхнээ яллаж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө ялладаг албан тушаалтнуудад хүний эрхийн хориг тавиулах ёстой” гэж тэрбээр бичжээ.
Хамгийн сүүлд буюу наадмын өмнө нэгэн иргэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг үерийн устай хамт эвлүүлж, сошиалаар түгээснийхээ төлөө цагдаагийн байгууллагад дуудагдсан. Наадмын өмнө их хэмжээний бороо орж, нийслэл хот үерт автах үеэр энэ явдал болсон юм. “Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” хэмээн амласан Ерөнхийлөгчөө тэр хүнд цагт “санагалзсан” иргэний буруу юу байна вэ. Ийм зураг эвлүүлснээр Төрийн тэргүүний нэр хүнд яг яаж хохироод байгаа юм. Энэ тохиолдолд мөн л ҮАБЗ-өөс цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлжээ. Үзэл бодлоо хөнгөн наргиа байдлаар илэрхийлсэн тэр залууг хүмүүс өмгөөлөн, олон янзын зурагтай эвлүүлэг хийж сошиал сүлжээнд илүү ихээр цацсан. Харин илт бусдыг заналхийлсэн, дайн тулаан, гэмт хэрэгт турхирсан зарим хүнийг болохоор “тоодоггүй” нь ялгавартай хандаж буйн илэрхийлэл хэмээн олон хүн байр сууриа илэрхийлжээ.
Үнэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө тэр зурагнуудыг харж “гомдоод”, цагдаад өргөдөл гаргахыг үүрэгдсэн гэж бодохгүй байна. Бүх ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон албан тушаал хашиж буй, улс төрийн тогоонд олон жил сайн, муутай нь “чанагдсан” хүн үзэл бодлоо хөнгөн илэрхийлсэн иргэнтэйгээ шүүхдээд зогсохгүй гэж найдна. Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг, даргадаа нэр нүүр олох гэсэн доогуурх албан тушаалтнуудынх нь л “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж буй” ажил байх. Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэдээлэл түгээх, цацах, аливаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх хоёрыг ялгаж салгалгүй гомдол мэдүүлснээрээ тэд даргыгаа бүр л баллаж, ардчилал, эрх чөлөөг боомилдог Ерөнхийлөгч болгочихож байгаа юм.
Нөгөө талаар төрийн өндөр албан тушаалтнуудаас ч сэтгүүлчид, сошиалд олон дагагчтай хүмүүст хандсан гомдол цөөнгүй. Илт доромжилсон, гутаасан, нэр хүндэд нь ноцтой халдсан биш л бол олны нүдэн дээр үг, үйлдлээ “шүүлгэх” учиртай албан тушаалд очсоноо санаж, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Гэвч “гоншигонуур” улстөрч олширчээ.
Сошиал орчин хөгжихийн хэрээр цахим сэтгүүл зүй дэлгэрч, хүн бүр шахам тусдаа нэг сайтын домайнтай болж байна. Ийм үед мэргэжлийн сэтгүүлчийн ёс зүйг умартсан, бусдын нэр хүндэд илт халдсан мэдээллийг “сэвэх” тохиолдол байгаа нь нууц биш. Нөгөө талаар олон дагагчтай “инфлүүнсэр” хэмээх хүмүүс цахим хуудсаараа дамжуулан ёс зүйгүй үг хэллэг бүхий, бусдыг гадаад дүр төрхөөс нь эхлээд доромжилсон утгатай пост, жиргээ оруулах, үүнийгээ “үзэл бодлоо илэрхийлэх эрх”-ээр халхлах оролдлого бас бий. Иймэрхүү тохиолдлуудыг бол зөвтгөх боломжгүй. Тэд үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын эрхэнд халдахгүй байх үүрэг хүлээдгээ санах учиртай.
Албан тушаалтнууд гомдож, гоншигонохоо урдаа барих бус, шүүмжлэл, үзэл бодлоо хөнгөн наргиа хэлбэрээр илэрхийлэх байдлыг гүтгэлэг, доромжлолоос ялгаж, ардчилсан хувьсгалаас олсон хамгийн чухал үнэт зүйл болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хүндэтгэж үзэх ёстой. Учир нь энэ бол ардчилсан орны хувьд хамгийн суурь эрх, эрх чөлөө. Үүнийг төрийн өндөр албан тушаалтнууд, дарга нар “боомилох” ёсгүй. Бид урагшлах ёстой болохоос ухрах эрхгүй.