Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Дэлгэрэх бүрд” ХХК-ийн “Бүрд” багийнхан дэд байрт шалгарч, мөнгөн медальтай нутгаа зорьсон. Багийнхаа харваачдаас Т.Данзандорж Монгол Улсын хошой мэргэн цолны болзол хангасан билээ. Тэрбээр манай уншигчидтай сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм.
-Дундговь аймгийн харваачид аман хүзүүдлээ. Та багийнхантайгаа наадмын шагайн харваанд хэд дэх жилдээ цэц сорив?
-Би шагайн харваагаар тав дахь жилдээ хичээллэж байна. Баяр наадмын шагайн харвааны тэмцээнд багийнхантайгаа 2019 оноос эхлэн оролцож байгаа. Манай багаас дөрөв нь Монгол Улсын хошой, хоёр нь Монгол Улсын мэргэн цолтой. Энэ жил хоёр харваач цол, чимэг хүртсэн. Би 2021 онд УАШТ-д анх удаа түрүүлж, Монгол Улсын мэргэн болсон юм. Энэ жил цолоо ахиулан улсын хошой мэргэн цолтон боллоо. Бид жил бүрийн наадмаар сайн өрсөлддөг. Энэ жил Өмнөговь аймгийн “Алтанговь транс” багийнхантай аваргын төлөө тоглож удааллаа.
-Ц.Отгонбаяр ахлагч багтаа шилдэг харваач урихын тулд чамгүй судалсан биз?
-Тийм ээ. Уйгагүй судалж, эрэл хайгуул хийсний үр дүнд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, Монгол Улсын мэргэн Д.Орхонтамир, Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Х.Хосбаяр нарыг багтаа нэгтгэлээ. Тэд ч туршлагатай харваач гэдгээ наадамчин олны өмнө батлан харуулж, багаараа II байр эзэлсэн.
-Шагайн харваанд удам дамжсан харваачид амжилт илүү гаргаж, цол хүртэж байгаа харагдах юм.
-Намайг хүүхэд байхад аав үеийнхэнтэйгээ байсхийгээд шагай харвадаг сан. Хорхойсож тоглохыг нь багаасаа харж өссөн болохоор хэзээ нэгэн цагт аав шигээ хичээллэнэ гэж мөрөөддөг байлаа. Шагайн харваанд эргэж буцахгүйгээр сэтгэл татагдсан ч олон жил бодсон хүслээ нэг л өдөр биелүүлсэн. Манай театрынхан шагай харвах дуртай. Байгууллагынхаа уран бүтээлчдээс сонгон авч, шагайн харвааны баг бүрдүүлэн 2019 оноос УАШТ-д оролцож эхэлсэн юм. Миний хувьд аймгийнхаа Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажилладаг. 2018 оноос шагайн харваа сонирхон анх хичээллэсэн. Тэр жил театрын бүжгийн багш У.Өнөрбаяр намайг энэ спортод хөтлөн оруулж байв.