Шанхай (Дорнын Парис) өртөг өндөртэй хот. Гэсэн ч эл газарт суурьших, хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд их. Шанхай ч тэднийг алгаа тосон найрсгаар угтаж авдаг ажээ. Тус хотын Гүбэй дүүрэгт Гадаад иргэний эрх ашгийг хамгаалах төв жилийн 365 хоног амралтгүй ажилладаг. Ерөнхийдөө Гүбэй дүүрэгт гадаадынхан олноор оршин суудаг, амьдардаг хорооллууд зонхилдог, арилжааны цөм газар гэж ойлгож болно. Бусад улс орноос гадна Хятадын өөр муж, хотуудаас ирсэн гийчдийг ч Гүбэй найрсгаар угтан авдаг. Шанхайд оршин суух зөвшөөрлөөс авхуулаад аль дүүрэгт, хэр хэмжээний өртөгтэй байрууд байгаа, худалдаж авбал, эсвэл түрээсэлсэн тохиолдол ямар хэмжээний төлбөр төлөх зэрэг зөвлөгөө, мэдээллийг дээрх төвийнхөн иргэдэд өгдөг аж. Мөн бизнес эрхлэх бол хаана орон зай, хамтрагч байгаа талаар мэдээлж, татварын бодлого, хилээр нэвтрэхэд бүрдүүлэх материал зэргээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг юм билээ.
Үүний зэрэгцээ 60 төрлийн дугуйлан, дамжааг дээрх төвд хичээллүүлдэг. Энд хөгшин, залуу, хүүхэд нялхас гээд хүн бүхэн ирж болно. Бүх үйлчилгээг насны ангиллаар төрөлжүүлж, тус тусад нь багш ажиллуулдаг, нарийвчилсан хуваарьтай, түүнийгээ ч нэг бүрчлэн мөрддөг аж. Хятад хэл, уран бичлэг зэрэг үндэсний онцлогтой дугуйлан нь төлбөргүй. Бусад нь цагийн 15 юанийн ханштай гэнэ. Өмнө нь бүх дугуйлан төлбөргүй байжээ. Гэвч иргэд бүртгүүлчихээд ирэхгүй байсан учир бага зэргийн төлбөртэй болгосон аж.
Дөрвөн давхар, нийт 2500 ам метр талбай бүхий Гадаад иргэний эрх ашгийг хамгаалах төвд өдрийн турш бум бужигнаж, түм түжигнэнэ. Тухайлбал, иргэн ажиллах болон оршин суух зөвшөөрлөө эндээс авдаг. Гадаадын иргэний материалыг судлахад долоо хоног л шаардлагатай. Үүнээс илүү хоногоор сунжруулдаггүй, иргэдэд дарамт учруулдаггүй аж. Бусад 800 гаруй зөвшөөрлийг ухаалаг төхөөрөмж ашиглан хэдхэн секунд, минутын дотор иргэд авчихдаг гэнэ. Ер нь гадаадын иргэд энд ирээд нэг цонхноос бүх үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.
Гүбэй дүүрэгт 60 орчим орон, Хятадын бусад хотоос ирсэн 33 мянган хүн аж төрдөг. Тэдний 51 хувь нь гадаадын иргэн. 1998 онд гадаадын иргэдийг угтан авч үйлчлэхээр Гадаад иргэний эрх ашгийг хамгаалах төвийн шавыг тавьж байжээ. Улмаар төвийн эргэн тойронд иргэд оршин суух хотхон, хорооллуудыг аажим аажмаар нэмж барьсаар Гүбэй өнөөдрийн төрхөө олж, эдийн засаг, технологийн гэх нэршилтэй, ашиг орлогоороо тэргүүлэгч дүүрэг болжээ. Гүбэй дүүргийн гадаад иргэдийн анхны хотхоныг “Су Ху” гэдэг. Эл хотхоны тохижилт, цэцэрлэгжүүлэлт Шанхайдаа алдартай. Үе үеийн оршин суугчид нь ч хотхоны анхдагчдын бүтээсэн бэлгэдэлт хөшөөг өдөр бүр зүлгэж, арчилдаг. Амжилтад хүрсэн минь энэ хот, эл хотхоны ээл хэмээн талархлаа тэд илэрхийлж, ач санан хөшөөг арчилж, өнгөлдөг ажээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин 2019 оны арваннэгдүгээр сард Гадаад иргэний эрх ашгийг хамгаалах төвд ирж, гадаадын иргэдтэй уулзан, саналыг нь сонсжээ. Үүний дараахан нь Гадаадын иргэн харьяатын тухай хуулийн төсөл боловсруулан, Төрийн зөвлөлийн нийт гишүүнээрээ хэлэлцүүлж, баталсныг эндхийн мэргэжилтнүүд дурдсан юм. Энэ нь гадаадын иргэдэд ээлтэй, ашигтай, эрх, үүргийг нь тэнцүүлж өгсөн, Шанхайд ч хөрөнгө оруулалт татах цогц хууль болсон аж.
Том оврын, тэр дундаа хүнд даацын автомашины жолооч нар маш их стресс, айдастай ажилладаг. Гарах осол, хүндрэл, бэрхшээл нь ч их. Харин Шанхайн “Шижин” компанийнхан ухаалаг машин үйлдвэрлэж, дээрх хүндрэлийг халжээ. Улмаар дэлхийн нийтэд үүнийгээ “гайхуулж” байна. Тухайлбал, англичууд “Шижин” компаниастом оврын 100 ухаалаг автомашин авах захиалга өгчээ. Өдгөө хоёр машиныг Англид туршилтын журмаар ажиллуулж байгаа гэнэ. Энэ жил нийт захиалгын 34-ийг нийлүүлэх бөгөөд үлдсэнийг нь ирэх онд хүлээлгэж өгнө. Хиймэл оюун ухаан (AI)-ы тусламжтайгаар жолоочгүй үүрэг гүйцэтгэх эл машин 3-3.5 сая ам.доллар буюу 12 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үүнийг бүтээхийн тулд олон эрдэмтэн 7-8 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн аж. Тэд жолоочгүй хүнд даацын автомашиныг олон улсын зах зээлд нэвтрүүлээд гурван жил болж буй. “Шижин”-ий талаар товч танилцуулахад, БНХАУ-ын хиймэл оюун ухааныг бүрэн хэмжээнд хөгжүүлсэн, шинжлэх ухаан, технологийн цөөн компанийн нэг. Мөн 18 орны 162 компанитай хамтарч ажилладаг арвин туршлагатай. Үүний зэрэгцээ улсынхаа инновац, шинэ гарааны компаниудыг туршлагажуулж, зах зээлд гарахад нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Гол бүтээн байгуулалт нь хиймэл оюун ухаан, үүлэн систем, чип, терминал, ложистик, тээврийг хослуулан хөгжүүлж, олон улсын зах зээлд нэвтрүүлсэн явдал. Үүгээрээ эл компанийн залуус дэлхийд анхдагч болж чадсан. Үүний бодит жишээ нь дээр дурдсан жолоочгүй, кабингүй, цахилгаанаар ажилладаг, хүнд даацын “Q-Truck” машин бүтээсэн явдал. Шинэ бүтээгдэхүүнийг нь Европын Холбоо хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Дотооддоо энэхүү машиныг уул уурхай, боомтуудад ашигладаг. Үүнээс гадна “Q-Truck” нь кино зураг авахад ч нэлээд үүрэг гүйцэтгэдэг. Ашиглалтад оруулаад гурван жил болохдоо нэг ч удаа осол эндэгдэл гаргаагүй. Санах ойд нь суулгаагүй, өөр лүү нь ойртож буй гаднын биетийг мэдэрч холдож, тойрч, 24 цагаар ажилладаг онцлогтой юм билээ.
Хамгийн анх эл машиныг Тайландын боомтуудад туршсан аж. Өдгөө Тайланд дахь Лайм Чабан, Шведийн СТN, Абу-Дабигийн “Халифа II” хөлөг онгоцны зогсоол болон Шинжаан олон улсын хуурай боомт, нисэх онгоцны буудал зэрэг газарт жолоочгүй машин үүрэг гүйцэтгэж буй. Өөрөөр хэлбэл, энэ машиныг бүтээснээрээ “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятад, Зүүн Өмнөд Ази, Умард Европ, Ойрхи Дорнодын бүс нутгийн улсыг хамарч, арилжаа наймаа хийх, үйлдвэрлэл явуулах боломж бүрджээ. Энэ нь энгийн машиныг бодвол хорт хий бага ялгаруулдаг учраас байгальд ээлтэй, жолоочийн ажлыг хөнгөвчилсөн зэрэг давуу талтай.
Шанхайд энэ мэтчилэн үзэх харах, танилцах газар олон. Тэдгээрийн нэг нь Юй Юань цэцэрлэгт хүрээлэн. Юй Юань нь эртний алдарт Жян Нань нутгийн цэцэрлэгт хүрээлэн гэдгээрээ дэлхийд бас алдраа цуурайтуулсан. Хятадын эртний соёлын эд зүйлсийг хамгаалах гол тулгуур гэгддэг эл цэцэрлэгт хүрээлэн жуулчдын очдог гол газруудын нэг. Тэнд нүд баясгаж, сэтгэл сэргээх модод, уул, ус, асга хад ихтэй, байгалийн үзэмж төгс бүрдсэн юм билээ. Юй Юань нь Мин гүрний үеийн язгууртны хувийн эдлэн газар, өрхийн цэцэрлэгт хүрээлэн байж. Тухайн үеийн Сычуань мужийн дэд дарга байсан нэгэн эрхэм Мин гүрний шүүхийн дарга аавдаа зориулж энэхүү цэцэрлэгт хүрээлэн, эдлэн газрыг тохижуулсан гэдэг. Ингэхдээ газар, газрын урчуудыг урин залж, тухайн үедээ дээд хэмжээнд тооцогдох бүтээн байгуулалт өрнүүлсэн түүхтэй аж. Өөрөөр хэлбэл, Мин, Чин гүрний үеийн нэртэй архитекторууд эл цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, өнөөдрийн өнгө үзэмжийг бүтээжээ. Цэцэрлэгт хүрээлэн 400 гаруй жилийн настай бөгөөд Хятадын анхны босогч хувьсгалчид энд цуглан, нууц үйл хэргээ ярилцаж байсан гэдэг. Ер нь эл газарт анхны гэсэн тодотголтой маш олон зүйл бий. Уншигч абугай энд ирвэл Хятадын эртний банк, бумбын шашны тахилгын өрөө, шийжүжгийн гоёмсог тайз, уламжлалт барилга, хээ угалз гээд олон анхдагчийн түүхтэй танилцаж болох юм.
Тухайлбал, энд Шанхайн анхны хиймэл уулыг барьсан. Тухайн үед цавуу гэж байгаагүй тул шилдэг урлаачид эрдэнэ шишийн цардуул ашиглан бүхий л бүтээн байгуулалтаа хийжээ. Уг хиймэл уулнаас эрт үедээ Шанхайг бүхэлд нь харж, басхүү Хөх мөрнийг тольдож болохоор хамгийн өндөрлөг газар байжээ. Өдгөө эл газрыг БНХАУ-ын төр, засаг нь худалдан авч, эртний янзаар нь тохижуулан, нийтэд нээлттэй аялал жуулчлалын бүс болгосон байна. Унаган байгалийн төрхийг нь хадгалсан хэрнээ уран сайхны хэв маяг оруулж, басхүү урлагийн ховор нандин хийцийг хослуулсан эл цэцэрлэгт хүрээлэнд өдөртөө мянга мянган зочин хүлээж авдаг.
Эндхийн барилга, баримал, хөшөө, нуур, уул, тал бүгд өөр өөрийн өвөрмөц түүхтэй. Жишээ нь, үүд хэсгийн “угтагч” арслан нь эрх мэдэл, эрч хүч бэлгэддэг юм байна. Мөн эрслэн нь хайр энэрэл, зөөлөн сэтгэлийг илтгэж, зургаан гүегээ дагуулжээ. Дэлхийд алдартай гурван гайхамшигт чулууны нэг, бүсгүйн бэлхүүс шиг хэлбэртэй сиймхий (олон нүхтэй чулуу) босоо чулуу энд бий. Сиймхий нүхнүүдээр нь зоос шидэж, газар унасан талаар нь хүүтэй эсвэл охинтой болохоо мэдэж болно. Хэдэн жилийн өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Хятадад айлчлахдаа эл цэцэрлэгт хүрээлэнд зочилж, үзэмж юуг нь бишрээд буцжээ. Мин гүрний үеийн түүхийг бүхэлд нь хадгалсан ийм нэгэн цэцэрлэгт хүрээлэн Шанхайн хуучин хотын зүүн хойд хэсэгт байрладаг юм билээ.
6340.5 ам километр нутаг дэвсгэртэй, 24.7 сая хүн амтай ч Шанхай түгжрэлгүй, иргэд нь уур бухимдалгүй, чинээлэг аж төрж байна. 2025 онд дэлхийн шилдгийн шилдэг дижитал хот байгуулж, эдийн засаг, санхүү, худалдаа, тээвэр, технологи, инновацын олон улсын төв болж, цэнхэр гарагтаа нөлөө бүхий метрополис, экологи хамгийн тансаг шийдэл бүхий орчин үеийн хот “хэргэм”-д хүрэхээр цаг, минуттай уралдсан бүтээн байгуулалт Шанхайд 24 цагаар өрнөж байна.
Үргэлжлэл бий.