Он солигдох мөчтэй уралдан өргөн барьж, үүнээс таван сар орчмын дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 4-нд баталсан Аялал жуулчлалын тухай хуультай сая нэг танилцах боломж олдов. Шинэчлэн баталсан хуулийг холбогдох шатны албан тушаалтнуудад танилцуулж, хянуулах журмын дагуу ажилласаар хоёр сар орчмын хойно ийнхүү олон нийтэд нээлттэй болгож буй гэх. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ салбарынхны дунд багагүй талцал, шүүмжлэл дагуулсан. Төсөл боловсруулах ажлын хэсгийг салбарын яам, холбогдох төрийн байгууллагынхнаас гадна хөндлөнгийн судлаач, эксперт, бизнес рхлэгч, хууль зүйн салбарын мэргэжилтэн, тэр ч бүү хэл, орон нутгийн иргэдийн төлөөллийг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж, өөрийн орны онцлог, олон улсын чиг хандлагад нийцүүлэн реформын шинжтэй гэж болохуйц дорвитой өөрчлөлт, зохицуулалтууд тусган шинэчилсэн хэмээн хууль санаачлагчид нь сурталчилсан.
...Төрийн бус байгууллагад ийм “онцгой” эрх олгох нь нийгмийн нөлөөлөл, бизнесийн орчин талаасаа ч зохисгүй гэдгийг судлаач, мэргэжилтнүүд үндэслэлтэйгээр, жишээ, баримттайгаар хэлсэн...
Харин олон нийт, аялал жуулчлалын салбартай ойр, жаргал, зовлонг нь хэн хүнээс илүү мэддэг хүмүүс үүнийг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бус, “боомилох” зохицуулалтуудтай, үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангаж чадаагүй гэж шүүмжилсэн юм. Зарим судлаач өмнөх хуулиас дор үзэл баримтлалтай гэж няцааж байв. Улмаар ажлын хэсгийг дахин байгуулж, төсөлтэй холбоотой хэлэлцүүлгийг илүү өргөн хүрээнд хийхээ салбарын яамнаас мэдэгдэн, олон нийтийн саналыг харгалзан зарим зүйл, заалтыг хасахаар болсон. Мордохын хазгай гэгчээр эхнээсээ л ийм дуулиан шуугиан дагуулсан учир уг хуулийн төслийг эхний хувилбараас нь хэрхэн өөрчилж, эцэслэсэн нь олон нийтийн анхаарлын төвд байсан юм.
Шинэчилсэн хуулиас харахад багагүй өөрчлөлт оруулжээ. “Гадаадын жуулчид зөвхөн тур оператороор үйлчлүүлэх ёстой”, “Улсын болон орон нутгийн жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгээс өөр газарт аялагч хоноглосон бол торгоно” гэх зэрэг цаг үедээ нийцэмгүй, хориглоно, арга хэмжээ авна гэсэн агуулгатай зарим заалтаа хасжээ. Аялал жуулчлалын салбарыг санхүүгийн бие даасан, тогтвортой эх үүсвэрээр хангах зорилгоор Засгийн газрын тусгай сан байгуулна хэмээн тусгасан байснаа ч “авч хаясан” бололтой. Лавтай хуульд үүнтэй холбоотой үг, өгүүлбэр алга. Харин үүний оронд салбарын судалгаа, шинжилгээ, статистикийг нэгтгэсэн Аялал жуулчлалын мэдээллийн сан, яамдын төлөөлөл бүхий Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулахаар тусгасан байна. Үндсэндээ олон нийтийн зүгээс дэвшүүлсэн санал, гарсан шүүмжлэлүүдэд тулгуурлаад хууль дахь хатуу, хөрсөн дээр буух боломжгүй зохицуулалтуудаас хасаж, “зөөлрүүлжээ”. Гэхдээ хэсэг бүлэг хүний эрх ашгийг хамгаалсан гэж хэлж болохуйц, судлаачдыг хамгийн их эгдүүцүүлсэн нэгэн зохицуулалтыг хэвээр үлдээсэн нь анхаарал татлаа.
Тур операторууд үйл ажиллагаа эрхлэхийн тулд нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд заавал бүртгүүлж, зөвшөөрөл авах ёстой гэсэн заалтыг шинэ хуульд тусгасан нь ихээхэн маргаан дагуулсан юм. Компаниуд холбоонд сайн дураараа элсэж, эвлэлдэн нэгддэг атал заавал гишүүн нь болж, татвар төлж байж л тусгай зөвшөөрөл авахаар тусгасан нь чөлөөт өрсөлдөөнийг хязаарласан, хэсэг бүлэг хүнд л ашигтай зохицуулалт гэж үзэж буй. МУИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрийн багш, судлаач Д.Амартүвшин “Тур операторуудад улсаас зөвшөөрөл олгох шийдвэрийн цаана увайгүй, чанаргүй компаниудыг цөөрүүлэх гэсэн санаа байгаа нь зөв ч арга нь буруу. Сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулах учиртай байгууллагыг төрийн төлөөлөл болгон авчирч, давуу эрх олгосон нь буруу. Ингэснээр зах зээлд цөөн компанийн ноёрхол тогтож, өрсөлдөөнийг хязгаарлах, шинэ бизнес эрхлэгчдийн боломжийг хаах сөрөг талтай. Төрийн оролцоог тусгай зөвшөөрөл гэдэг зүйлээр данхайлгачихаар чөлөөт өрсөлдөөний зах зээл хумигддаг” хэмээн үүнийг эсэргүүцсэн. Харин судлаач Л.Оюунчимэг “Холбооны гишүүнчлэлтэй байгууллагууд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр заасан нь илтэд эрх ашгийн зөрчилтэй зохицуулалт” гэсэн. Гэтэл аялал жуулчлалын хуулийг батлахдаа эл заалтыг хэвээр үлдээжээ.
Шинэчлэн найруулж баталсан хуулиар аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агентлаг, үйлчилгээний байгууллага (байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээний газар, жуулчны мэдээллийн төв гэх мэт) гэж гурав ангилсан. Тэгвэл эдгээрийн аль аль нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу аялал жуулчлалын холбооноос хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байхаар эрх зүйн орчин бүрдүүлжээ. Хуулийн 6.4 дүгээр зүйлд “Тур оператор, аяллын агентлаг нь нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна” гэжээ. Тодруулбал, тур оператороор тогтохгүй аяллын агентлагууд ч холбоонд албан ёсоор бүртгүүлж, гишүүнчлэлтэй болж байж л үйл ажиллагаа эрхлэх нь. Түүнчлэн 6.6-д “Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэлийг нийтийн эрх зүйн хуулийн этгээд олгоно” гэжээ. Үйлчилгээний байгууллагад ангилал, зэрэглэл тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгох журмыг Засгийн газар батлах ч хэрэгжилтийг нь аялал жуулчлалын холбоо хангах үүрэг хүлээжээ. Мөн тур оператор, аяллын агентлагаас бусад байгууллага эрсдэл бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд мөн л энэ холбоонд бүртгүүлсэн байх ёстой гэнэ. Үндсэндээ “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарт үйл ажиллагаа явуулах байгууллага болгон л ямар нэг сэжмээр аялал жуулчлалын холбоотой “зам нийлэх”-ээс аргагүй юм байна. Тэгвэл энэ холбоонд хэн багтах вэ.
Хуульд нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу аялал жуулчлалын мэргэжлийн холбоо гэдгийг “Тур оператор, аяллын агентлаг, үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна” гэж тодорхойлжээ. Энэ холбоог байгуулах хурлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль баталсан өдрөөс хойш 90 хоногийн дотор зохион байгуулах заалттай юм байна. БОАЖЯ-ныхан үүнийг энэ сарын 21-нд зохион байгуулах тов гаргаад буй.
Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногийн сүүлч гэхэд шинэ холбоогоо байгуулчихсан байх нь. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай компаниудыг эл хуралд хамруулна гэж хуульчилжээ. Холбооны гишүүдийг бүх нийтийн саналаар сонгохдоо ч үүнийг харгалзах юм байх. Мөн үйл ажиллагааных нь чиглэлээс хамаараад байгууллагуудын зохистой харьцааг хангах бодлого баримталж байгаа гэх.
Төрийн бус байгууллагад ийм “онцгой” эрх олгох нь нийгмийн нөлөөлөл, бизнесийн орчин талаасаа ч зохисгүй гэдгийг судлаач, мэргэжилтнүүд үндэслэлтэйгээр, жишээ, баримттайгаар хэлсэн. Харин хуулийн төсөл боловсруулагчид “мэргэжлийн” гэх гоё үгээр “жийрэг” хийсэн нэгэн шинэ бүтэц бий болгохоор зүтгэсээр, түүнийгээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлчихлээ. Тэгсэн атлаа мэргэжлийн холбоо нь бусдаас юугаараа онцлог, ялгаатай байх талаар нарийн зааж, тусгаагүй нь хачирхалтай. Аялал жуулчлалын холбоо манай улсад цөөнгүй. “Монголын аялал жуулчлалын салбар дахь бүх байгууллагыг нэгтгэсэн дээвэр байгууллага” гэж өөрсдийгөө тодруулан өргөмжилдөг томоохон холбоо ч бий. Гэхдээ тэд гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж чаддаг уу гэвэл эргэлзээтэй. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, төр, хувийн хэвшлийг холбох гүүр болж чадсан уу гэвэл чамлалттай. Холбооны удирдлага, зөвлөлийн гишүүд нэртэй хэдэн компанийн захирал өөрсдийнхөө төлөө л дуугарч, үе үе хурал, зөвлөгөөн зохион байгуулан, бичиг цаас хоорондоо шидэлцэхээс хэтэрдэггүй. Аялал жуулчлалын тухай хууль даган “мэндэлж” буй мэргэжлийн гэх холбооныхон ч тэдний замналаар явахгүй гэх баталгаа байхгүй. Мэдэл нь ихэдсэн мэргэжлийн бус холбоогоор аялал жуулчлалын салбараа самруулах вий.
Бэлтгэсэн: Н.Мишээл