Монгол Улсын мэргэн Ө.Хатанболор сурын талбайд хоёр дахь удаагаа түрүүлчихээд алтан шар зурхайдаа талархаж, баярын нулимс унагасан юм. Монгол Улсын мэргэн Д.Цэцэгийн нумаар сурын талбайд анх сум тавьж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн сайхан дурсамж түүнд бий. Түүнийг энэ спортод шилдгүүдийн нэг болоход нутгийн харваачдын сайхан сэтгэл, зон олных нь тус дэм багагүй нөлөөлсөн гэдэг. Тэд ч Монгол Улсын даян мэргэн цол хүртэхэд нь хамгийн түрүүнд гүйн ирж, урам хайрласан. Тэрбээр өдгөө Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынхны хайр хүндлэлийг даасан шилдэг харваач болжээ. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын мэргэн цол хүртсэн тэрбээр дөрвөн жилийн дараа түрүү харваачаар дахин тодорч, цолоо ахиуллаа.
-Та Монгол Улсын даян мэргэн цол, тэмдгээ гардаж авлаа. Сурын талбайд түрүүлсэн харваачийн баяр, догдлолыг наадамчин олонтой хуваалцах сайхан санагддаг юм.
-Үндэсний их баяр наадмын сур харваанд хоёр дахь удаагаа түрүүлж, наадамчин олноо баясгаснаа хүн болж төрсний ач гавьяа гэж боддог. Түрүүлэхэд минь баяр хөөртэй угтаж авсан наадамчин олны догдлол, хайр хүндлэлийг үгээр илэрхийлэхэд ч багадмаар санагдаж байна. Тийм сайхан мэдрэмжийг мэдэрнэ гэдэг харваач хүний амьдралд тохиох ховор аз.
-Наадмын сур харвааны босго өндөр. Харваачид хэрхэн хөдөлмөрлөж, бэлтгэл хийснээ баярын өдрүүдэд харуулдаг шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Наадмын сурын харваа энгийн өдрүүдийнхээс өөр байдаг юм. Байгалийн эрс тэс уур амьсгал, цаг агаар олон харваачийн тэсвэр хатуужил, ур чадвар, туршлага, сэтгэл зүйн байдал, хэрхэн хөдөлмөрлөж, бэлтгэл базаасныг тал бүрээс нь шалгадаг. Цол тэмдгээ гардаж авсан өдрөөс хойш Монгол Улсын даян мэргэн гэж дуудуулах болсондоо баяртай байна. Энэ жилийн наадамд сурын харваанаас гадна шагайн харваанд Дундговь нутгийн минь ахмад, залуу харваачид амжилт гаргаж алт, мөнгөн медаль хүртлээ.
-Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдуламтай түрүү булаалдахаар товх харваанд гарахад наадамчин олон хэн нь түрүүлэх бол гэж амьсгаа дарж суусан нь сэтгэлд одоо ч тод байна.
-Нутгийн харваачид надад урмын үг хайрлаж, эрч хүч өгдөг. Товх харвахын өмнө тэд “Сум алдалгүй сайн харваж, товхоо авч түрүүлээрэй” гэж ерөөсөн. Тэднийхээ ерөөснөөр хүсэл мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрлээ. Улсын даян мэргэн Б.Пунсалдулам амжилт гаргасан шилдэг харваачдын нэг. Түрүү байрын төлөө түүний ард зогсож харваад хоёр дахь удаагаа түрүүлснээ бэлгэшээж байгаа шүү. Хүчтэй өрсөлдөгчтэй товх харвахдаа зоригтой, шиймдэмгий, өөртөө итгэлтэй байсан.
-Таныг цол хүртсэний дараа харваачид тань нутгийнхаа дууг дуулан угтан авч, сурын алтан шар зурхайд хүндэтгэл үзүүллээ.
-Хамт бэлтгэл хийсэн харваачид минь догдолж, Дундговь нутгийнхаа тухай дууг дуулж угтсан нь сайхан санагдсан. Улсын наадмын түрүү харваачаар тодорно гэдэг зөвхөн ганц миний амжилт бус. Надад итгэж, найдсан олны тус дэм, сайхан сэтгэл, уйгагүй хөдөлмөрийн хичээл зүтгэл. Би нутгийнхаа эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн анхны харваач болж байна. Миний амжилтыг үргэлжлүүлж нутгаас минь иртэй, хавтай эрхий мэргэчүүд төрнө гэдэгт эргэлздэггүй.
-Амжилтынхаа гарааг хаана, хэрхэн эхлүүлсэн бэ?
-Монгол Улсын мэргэн Д.Цэцэг эгчийн нумаар сурын талбайд анх сум тавьж байсан сайхан дурсамж надад бий. Би Монгол Улсын даян мэргэн Ц.Баасанхүүгээр ахлуулсан “Хүч” спорт хорооны тамирчидтай олон жил цэц сорьсон. Миний амжилт гаргах эхлэл тус спорт хорооны харваачдаас улбаатай. Харваач хүний хайрлаж нандигнах хамгийн гол хэрэгсэл бол нум, сум байдаг. Дундговь аймгийн харваач, спортын мастер Ч.Эрдэнэ-Оюугийн урласан нумаар 2017 оноос эхлэн харваж, хоёр удаа түрүүллээ. Үүнээс гадна олон тэмцээнд оролцож, эхний гурван байрт шалгарч байв.
-Монгол Улсын даян мэргэн цолтнууд оноо тэнцэн товхолж, эхний гурван байрт шалгарсан нь өмнө тохиогоогүй онцлох үйл явдал байлаа.
-Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдуламаас гадна С.Энхтунгалаг эгч энэ жилийн наадамд амжилттай харваж, өндөр оноотой III байрт шалгарсан. Тэрбээр сурын спортоор олон жил хичээллэсэн туршлагатай харваач. Шилдэг 16-д үлдэж, сум алдалгүй харвахад нутгийн харваачдын уухайн түрлэг адаг өргийн дөрвөн сумыг минь тосон авч, улсын даян мэргэн цолны болзол хангуулсан даа.
С.СҮРЭНЖАВ: Өрсөлдөгчтэйгөө бус, өөртэйгөө өрсөлдөж амжилт гаргалаа
Жил бүрийн наадмаар хүчит бөх, хурдан хүлэг, эрхий мэргэн харваачдыг нутгийнх нь уул, ус даган ирж нааддаг гэх үг бий. Алтан шар зурхайд нутгийнхаа хийморийг сэргээн, ур чадвар, мэдрэмжээрээ олноос цойлж, од шиг гялалзсан нэгэн харваач бол Монгол Улсын мэргэн цол хүртсэн С.Сүрэнжав байлаа. Аавын хүү болгон цэц сорьдог ч тэр бүр түрүүлээд байдаггүй азтай агшин, торгон мөч, баярын нулимсаа тэрбээр наадамчин олонтой хамгийн түрүүнд хуваалцсан. Түрүү байрын төлөө товх харваж, ойрын хэдэн жил дуулдаагүй өндөр оноогоор улсын цолтнуудын босгоор алхсан хүүгээ Говь-Алтай аймгийн Жаргалант сумын зон олон, “Хантайшир зурхай” багийнхан сэтгэл догдлон угтаж авсан юм.
-Та энэ мөчөөс эхлэн Монгол Улсын мэргэн хэмээн цоллуулахаар боллоо. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам Говь-Алтайд ирэх сарын 1-2-нд болно. Түүхт ойгоо тэмдэглэх нутагтаа том бэлэгтэй очих нь.
-Баярлалаа. Аавынхаа нэрийн адил овоглож ирсэн өндөр Алтайн нутгаас Монгол Улсын мэрцгэн цолтон төрсөнд сэтгэл өндөр байна. 2018 оны Үндэсний их баяр наадмын сур харваанд Б.Дашзэвэг ах түрүүлж, нутгийнхаа ахан дүүсийг баярлуулж байв. Түүнээс хойш таван жилийн дараа хоёр дахь мэргэнээ өлгийдөж авлаа. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Эрээн нуурт 2019 онд1000 харваач чуулж, томоохон наадам хийсэн юм. Тэр цагаас нутгийн олон залуус сур харваатай нөхөрлөж, уйгагүй хичээллэсний үр дүнд амжилт гаргах чансаа нь өндөр болж байна.
-Түрүү харваачаар тодорсноо ээждээ утсаар дуулгаж харагдсан. Хүүгээ улсын наадамд цэц сорихыг хараад баярлаж суусан байх.
-Товх харваж түрүүлчихээд догдолсондоо өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. Миний ээж 70 насны босго алхсан сайхан буурал бий. Сэтгэл жаахан тайвширсны дараа ээждээ баярт мэдээг дуулгахад “Хүүдээ баяр хүргэе. Хайртай шүү, мундаг байна” гэж урам хайрласан. Эрийн гурван наадмын сур харваанаас хоёр дахь түрүүтэй болох азтай мөчид Алтайн сүрлэг оргилууд хэдэнтээ өндөлзөж, зон олон минь баярлан, сэтгэл тэнэгэр наадаж суусан биз ээ.
-Таныг нумтай анх нөхөрлөхөд гайхамшгаас нь мэдрүүлсэн ачтан хэн бэ?
-Би энэ жилийн наадамд багштайгаа хамт сур харвасан. Сурын талбайд шавийнх нь нэр гарахад багшийнх нь алдар ч бас хамт дуудагддаг гэж ярьдаг. Миний багшийг Б.Билэгдэмбэрэл гэдэг. Аймгийн мэргэн, спортын мастер цолтой. Үндэсний сур харвааны эрдмээс харамгүй зааж, амжилтаас атгуулсан багшдаа их баярладаг.
-Үндэсний сур харваагаар хамтдаа хичээллэж амжилт гаргасан гэр бүл цөөнгүй бий. Та тэдний нэг байна.
-Тийм ээ. Эхнэрийг минь Ч.Бямбасүрэн гэдэг. Өнгөрсөн жилийн наадмаар аймгийн тод харваач болсон. Намайг хаана сур харвана тэнд хамт байдаг юм. Нум эвшээлгэж, сум тавьж эхэлсэн цагаас хайр халамжаар дутаалгүй, байнга зөвлөж ирлээ. Сурын талбайд өөрөө цэц сорихын хажуугаар надад анхаарал хандуулна гэдэг ханьд минь амаргүй санагддаг байх.
-Наадмын өглөө гэрээсээ ямар бодолтой гарав. Түрүүлэх мэдрэмж төрсөн үү?
-Ажлын онцлог байдлаас хамаараад энэ жил бэлтгэл хийх зав ховор гарлаа. Гэсэн ч улсын баяраар сайн харвана гэсэн бодолтой сурын талбайг зорьсон. Наадмын эхний өдөр 16 сум нэг ч алдалгүй харвахдаа өөртөө олзуурхсан ч хөөр, догдлолоо дарахыг хичээж байлаа.
Багш наадмын өмнөх орой “Шөлтэй хоол идээрэй. Элдэв зүйл бодож, сэтгэлээ хямраалгүй эртхэн амраарай” гэж зөвлөсөн. Би 2018 оны долдугаар сарын 7-нд сургалтын нумаар аймгийнхаа наадмын сур харваанд 40 сумнаас долоо оносон юм. Түүнээс хойш багшийнхаа удирдлагад тууштай хичээллэж, дөрвөн жилийн дараа аймгийн мэргэн болсон. Өнгөрсөн хугацаанд үндэсний болон буриад, урианхай сур харвааны тэмцээнд өрсөлдөж, спортын мастер цол хүртсэн. Тав дахь жилдээ наадмын сур харваанд анх удаа цэц сорьж түрүүллээ.
-Дорнод аймгийн харваач М.Бат-Оршихтой оноо тэнцэж, товх харвасан. Түрүү байрын төлөөх өрсөлдөөн танд ямар бодол төрүүлсэн бол?
-Товх харвахад нум их зөөлөн санагдсан. Дундговь аймгийн харьяат, спортын мастер, нум урлаач Ч.Эрдэнэ-Оюу ахын урласан нумаар харваж, Монгол Улсын мэргэн цол хүртлээ. Тухайн харваачийг амжилт гаргахад олон хүний дэм, итгэл найдвар нөлөөлөхөөс гадна эдлэн хэрэглэж буй нум, сум, булцуу, эрхийвчээс их шалтгаалдаг. Энэ ташрамд, нум урласан Ч.Эрдэнэ-Оюу, сумыг нь хийсэн Б.Энхсайхан ах нартаа баярласнаа илэрхийлье.
-Түрүүлсэн харваач, бөх бэлтгэл хийсэн газраа эргэн тойрч, сүү цайны дээжээ өргөдөг юм билээ. Та багийнхантайгаа хаана галд гарав?
-Манай аймгийн харваачид энэ жил 61-ийн гарамд наадмын бэлтгэл базаасан. Би тэр үед ажил ихтэй байсан тул нутгийнхантайгаа гал болж гараагүй. Аймгаасаа Улаанбаатарт ирж, урианхай сурын харваанд оролцчихоод дараа нь улсын наадмын харваанд цэц сорилоо. Гурван өдөр үргэлжилсэн үндэсний сурын харваанд шилдгүүд өрсөлдсөн болохоор чансаа өндөр, чанга байлаа. Наадмын өдрүүдэд тэнгэр бүрхэг байсан тул нартай, хуртайд харвасан. Харваачид наадамчин олны өмнө шударга өрсөлддөг. Тиймээс өрсөлдөгчтэйгөө бус, өөртэйгөө өрсөлдөж амжилт гаргалаа.