Манай улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож, аялал жуулчлалыг дэмжихээ зарлаад буй. 2023 онд гадаадаас нэг сая аялагч хүлээж авах зорилт дэвшүүлсний тал хувийг нь жуулчлалын улиралд буюу 6-8 дугаар сард “авчрахаар” тооцоолсон юм. Яг энэ цаг хугацаа бол аялал жуулчлалынхны хувьд оргил ачааллын, жилийн хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, орлого олдог гол үе нь билээ. Гэтэл хэрэглэгчдийг цахилгаан, ус, дулаанаар хангадаг байгууллагууд урсгал засвар нэрээр энд тэндгүй хязгаарлалт хийж, зочлох үйлчилгээний газруудын тогтвортой үйл ажиллагаа явуулах, аялагчдад тав тухтай үйлчилгээ үзүүлэх боломжийг хааж буйд салбарын бизнес эрхлэгчид бухимдах болов.
ЭХЯ-наас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Бага тойруу зэрэг хотын төв хэсгийн зарим хэрэглэгчийн халуун усыг хэсэгчлэн хязгаарласнаас тухайн бүсэд үйл ажиллагаа явуулдаг зочлох үйлчилгээний байгууллагууд энэ зун хэцүүдээд буй. Нэмээд өчигдрөөс хэд хэдэн байршилд халуун ус хязгаарлахаар болсноо “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдэгдлээ. Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК ээлжит урсгал засвар хийх нэрээр Цонжин болдог орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хагас сарын турш 10.00-18.00 цагийн хооронд хязгаарлахаар болсныг бизнес эрхлэгчид эсэргүүцэж байна. Тэд “Аялал жуулчлал төдийгүй хөдөө аж ахуйн салбарынхны оргил ачааллын үе нь долоо, наймдугаар сард байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд ид ажилладаг үеэр ийм шийдвэр гаргасан нь цагаа олсонгүй. Гадаад, дотоодын жуулчид хүлээж авахаар урьдчилж гэрээ хийсэн олон бааз үүнээс болж хохирч болзошгүй нь” гэж ярилаа. Эл шийдвэртэй холбогдуулан зарим аж ахуйн нэгж урсгал засварыг есдүгээр сар хүртэл хойшлуулах хүсэлтийг тус компанид хүргүүлжээ.
Төрийн байгууллагуудаас гаргаж буй урагшгүй, бодлогогүй шийдвэрүүд цар тахлын нөлөөгөөр урт хугацаанд хямралд байсан аж ахуйн нэгжүүдэд сэхэл авах чөлөө өгөхгүй байгааг зарим нь дурдлаа. Тиймээс Засгийн газрын бодлого хэрэгжүүлэгч яам, холбогдох байгууллагынхныг уялдаа холбоотой ажиллахыг аж ахуйн нэгжүүд шаардаж буй юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл