Голууд үерлэж, далан задарч, хот даяар гамшиг болж байхад “Playtime-2023”-аа хойшлуулбал яасан юм бэ. Үргэлжилсэн их борооны улмаас нийслэлийн зарим хэсэг усанд автаж, ус, цахилгаан нь тасарлаа. Орон сууцын айлууд гаднаас ус зөөж, газын плитка эрэлд гарч байна. Гэр хорооллынхон нүүрс түлээ хайж, түргэн авч буй дүр зураг хаа сайгүй харагдана. Хот доторх голууд үерлэж, далан хаалтууд сэтэрч онцгой, цагдаагийн алба хаагчид борви бохисгүй ажиллаж байна. Эрчим хүчнийхэн ч бэлэн байдалд шилжиж, чийгтэй, нойтон, аюултай, эсэхийг үл харгалзан 24 цаг ажиллаж байна. Үүнтэй зэрэгцээд зэрэгцээд хэдхэн цагийн дараа “Playtime-2023” хөгжмийн наадам 17.00 цагт эхлэх гэж байна. Зохион байгуулагчдын зүгээс ч бэлтгэл ажил хангасан "Ийнхүү playtimefestival эхэллээ" хэмээн залуусыг уриалан дуудсан аястай пост оруулж эхлэв. Залуус хөгжим сонсож, зүрхэндээ, тархиндаа сэргэлт авах хүсэл зорилгыг нь ойлгоно.
Гэхдээ энэ наадам голын дагуух “Монгол шилтгээн” цогцолборт болдог. Энэ наадмыг зорьж очиж, өсвөр насны охид, хөвгүүд олон. Ер нь л олон олон залуус энэ наадамд очихоор зэхсэнээ Фейсбүүк дэх нүүр номдоо бичсэн байсан. Гэхдээ яг энэ гамшгийн үед хэн тэдний аюулгүй байдлыг хангах вэ. Онцгойгийнхон 24 цагаар ажиллаж, үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, сэтэрсэн даланг аюулгүй болгохоор ууттай шороо зөөж, өдөр шөнөгүй ажиллаж буй. Цагдаагийнхан ч ялгаагүй усанд боогдсон хүн, мал аврахаар, үерлэсэн их усыг хаахаар мөн л борви бохисгүй ажилласаар. Эрчим хүчнийхэн чийгтэй газарт ажиллаж, тогонд цохиулж, амь наана там цаана ажиллаж байгааг бид бүгдээрээ харж байна.
Иймийн учир энэ удаагийн наадмыг хойшлуулах, бүх алгасвал яасан юм бэ. Оюутан, залуусынхаа аюулгүй байдлыг бодсон ч, өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ачааллыг харсан ч энэ удаагийн “Playtime-2023” наадмаа хойшлуулах нь чухал шиг. Тус наадмын зохион байгуулагчдын мэдээлснээр эл хөгжмийн наадамд бүх насны хүмүүс орох боломжтой. Тухайлбал, 16 наснаас доош байвал заавал харгалзах хүнтэй нэвтэрнэ. Харгалзах хүнтэй 12 ба түүнээс доош насны хүүхэд үнэ төлбөргүй нэвтэрнэ хэмээж буй. Гэтэл үер усанд живсэн, хөл алдсан, машинтайгаа голд суусан гээд дуудлага, мэдээлэл тасрахгүй байна. Үүнийхээ хажуугаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид "Монгол шилтгээн"-ий эргэн тойронд 24 цагаар хамгаалалтад гарч байгаа юм билээ. Уг нь онцгой, цагдаагийн алба хаагчдын ажил багадаагүй. Хүн хүч багатай, ачаалал их байхад дээрх наадмыг зохион байгуулагчид дайны хажуугаар дажин гэгчээр энэ удаа нөхцөл байдлаа бодолцож, наадмаа хойшлуулмаар л байгаа юм. Тиймээс дахин анхааруулъя. Энэ өдөр, энэ орой “Playtime-2023” хөгжмийн наадамд очихгүй байя.