Монгол, Франц улсын археологичдын хамтарсан экспедицийнхэн 2003 онд Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газарт Хүннүгийн үеийн оршуулгын булшийг малтан судлах явцдаа 17 метрийн гүнээс ховор үнэт зүйлс олсон байдаг. Олдворын дунд шатрын хөлөгтэй төстэй, 1-1.5 мм гүнзгийлэн ухсан дөрвөлжин нүднүүдтэй, тал нь ялзарч муудсан хавтгай нимгэн мод, гурван ширхэг дугариг чулуун тэмдэг (хасаа) байжээ. Эдгээр олдворыг өдгөө Геологи, археологичдын музейд хадгалж буй. Лабораторийн судалгаагаар Гол модны нэгдүгээр булшны он цагийг манай эриний 20-50 он гэж тогтоосон байна. Энэ нь хүннү нар манай эриний I зууны үеэс хөлөгт тоглоомоор наадаж байсан гэж үзэх үндэслэл болжээ. Үүнийг батлах бас нэгэн баримт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг нь “Шатар чулуун хөшөө” гэж нэрлэж ирсэн дурсгал юм. Эдгээрийн тухай сонирхолтой домгийг эртнээс олон нийт ам дамжуулан ярьж иржээ. Монгол овогтны нэгэн том шатарчин хаан насан эцэслэхэд энэ газар нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн чулуун хөшөө босгосон гэдэг. Уг домгийг нотлох сүг зураг, сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай булш, монгол шатрын дүрсүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэр бий аж. Зарим эрдэмтэн, судлаачийн тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр орших Эрдэнэцогт сумын төвд эртний Хүннү гүрний үеийн суурин байх магадлалтай гэнэ.
Манай эриний эхэн үед хүннүчүүд хөлөгт наадгайгаа улам хөгжүүлж, шатар хэмээх нэгэн шинэ тоглоом бий болгожээ. Шатрын анхны хөлөг, дүрснүүдийн талаарх хэд хэдэн таамаглал байдаг. Тухайлбал, хөлөг нь хар болон цагаан өнгийн 64 нүднээс бүтсэн, тэг дөрвөлжин хэлбэртэй. Хөлөг дээр тоглох наадгайд таван хошуу мал, өрхийн тэргүүн эр хүн, малчин хүний нөхөр банхар нохойг дүрсэлсэн байна. Таван хошуу малын бодын тоог тоглогч тал бүрт тэнцүү тоотойгоор хөлгийн арын эгнээнд байрлуулжээ. Тодруулбал, арын эгнээний хамгийн захад нь тэргэнд хөллөсөн хоёр шар, түүний дотор талд хоёр морь, морины дотор талд хоёр тэмээ, гол дунд нь баруун гар талд эр хүн, түүний зүүн гар талд банхар нохой байрлуулжээ. Арын өмнөх эгнээнд тал тус бүрт банхрын найман гөлөг байна. Ийнхүү тал бүр нь 16, нийт 32 дүрсээс шатар бүтэх болжээ. Наадагч хоёр талын дүрснүүдийг хооронд нь ялгахын тулд цагаан, хар хоёр өнгийг сонгосон байв. Хөгжлийн явцад хөлөг дээрх дүрсүүдийг янз бүрээр сольж байжээ. Тухайлбал, анх байрлуулсан гол дүрсний нэг болох банхар нохойг арслан, гөлөгнүүдийг нь арслангийн зулзагаар ч сольж үзэж.
Их эзэн Чингис хааны үед шатрыг дайн тулааны стратеги, тактик боловсруулахад ашиглаж байсныг Монголын судлаач, эрдэмтэд тогтоосон нь бий. Чингис хаан эцэг өвгөдийнхөө зохиосон наадгайгаар байнга наадаж, хөгжүүлэхэд анхаарч байжээ. “Чингис хааныг ширээнд нь залж, түүний хажууд хүчтэй, ухаантай амьтан болох бэрс (эмэгчин бар)-ийг байрлуулж, ноёныг шадар хамгаалагчтай болгосон” гэдэг домог яриа байдгийг ахмадуудаас сонссон хэмээн билгүүн номч Б.Ринчен өгүүлсэн нь бий. Олон улсын түүхч, судлаачдын бичсэн баримтуудаас үзэхэд тухайн орнуудад анх нэвтрэн дэлгэрч байсан шатар тоглох дүрэм нь монгол шатрын дүрэмтэй яв цав тохирдог гэнэ. Энэ нь шатар Монголоос үүссэнийг батлах баримт бас болдог аж. Жишээ нь, Арабын Халифт улс VIII зуунд Ираныг эзлэхдээ тэнд дэлгэрсэн монгол шатрыг “Шатранж” хэмээн нэрлэжээ. Түүнийгээ байлдаж эзэлсэн Испани болон бусад оронд нэвтрүүлсэн байдаг. Шатрын дүрсүүдийн хэлбэр, нэрийг тухайн орнууд үндэснийхээ онцлогт тохируулан өөрчилсөн байдаг. Исламын шашны ёсонд аливаа амьтныг дүрслэн хэрэглэхийг хориглодог учир арабууд шатрын дүрсийг цилиндр, конус маягийн хийсвэр дүрсээр сольжээ. Чухамхүү шатрын ийм дүрсүүд VIII зуунаас эхлэн Арабын эзэлсэн орнуудад, дараа нь Европт түгэн тархжээ. Улмаар Кавказ нутгаас археологийн малтлагаар эртний монгол шатрын дүрснүүд олдсон юм. Эдгээрийн он цагийг монголчуудын байлдан дагуулалтын нэгээхэн үе буюу 1217-1265 онд Ойрхи Дорнодын зарим нутгийг эзэгнэн захирсантай тохирч байна гэж Оросын судлаачид үздэг. Энэ нь шатар Монголд үүссэнийг нотлох бас нэгэн баримт аж.