Үүрийн гэгээтэй уралдан босож, үдшийн бүрийгээр амардаг уяачид шандас сорих хүлгүүдийнхээ сойлгод хамгийн их анхаарал хандуулдаг цаг бол улсын наадам. Морьдоо тарлах, хөлс авах, услах, идэш тэжээлийг нь тааруулж, өнгө зүсийг нь ажиглах гээд завгүй өнждөг тэд хүлгийнхээ үүрсэх чимээ, уралдаанч хүүхдийн гийнгоон дуунд хийморио сэргээдэг. Наадмын өдрүүд хаяанд ирж, Архангай аймгийн Хашаат сумын уяач А.Алтансүх морьдынхоо уяа сойлгыг тааруулах ажил хэдийн эхлүүлжээ. Тэрбээр хүүхэд байхдаа өвөөгийнхөө хурдан морь уяхыг харж, адуутай нөхөрлөсөн гэдэг. Түүний сойсон хүлгүүдээс шүдлэн, хязаалан, соёолон, азарга нь аймаг, сумын наадамд цөөнгүй айрагдан, аман хүзүүдсэн бол их насны морь нь жил бүр эхний 10 байрт шалгарч эзнээ баярлуулдаг аж. Хашаат сумын 100 жилийн ойн баяр энэ жил тохиож буй. Нутгийнхаа наадамд морьдоо уралдуулахаар сойж буй түүнтэй ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу. Зон олноороо өргөн дэлгэр тэмдэглэх сумын тань 100 жилийн ойн баяр дөхжээ. Та наадамд морьдоо уяж, уралдуулахаар хэдийн зэхсэн байна.
-Нутгийн зуншлага энэ жил сайхан байна. Наадам дөхсөн тул морьдынхоо уяа сойлгыг тааруулахаар барьсан. Нутгийн уяачид сумынхаа түүхт ойн наадамд уясан хүлгийнхээ шандсыг сорихоор дор бүрнээ завгүй хөдөлмөрлөж байгаа. Би азарга, даага, шүдлэн, их насны морь уралдуулна. Саяхан Ч.Санжаадамба аварга нутагтаа ирэхдээ Галшарын угшилтай хурдан удмын их насны морь надад бэлэглэлээ. Аваргын ах бид хоёр нэг ангийн анд. Хүүхэд байхаасаа өнөөг хүртэл нөхөрлөж байна. Азарга минь сүүлийн хэдэн жил сумынхаа наадамд айрагдаж, түрүүлсэн. Энэ жил хүлгүүдийн минь өнгө, зүс сайхан байна. Уяа, сойлго таарвал сайн уралдахаар харагдана.
-Уяачид хүлгээ хэр шандастай давхихыг их, бага сунгаагаар шинждэг шүү дээ.
-Сумын хурдан морины сунгаа чанартай болдог. Багийн өдөрлөгөөр цээжинд давхисан морьдоос ямар зүсмийн хүлэг түрүүлэх нь харагддаг юм. Сүүлийн үед нутгийн залуус бүгээн, бор зүстэй морьд уях болсон. Манайх зусландаа буугаад удаагүй тул ажил ихтэй л сууна. Би морьдоо уралдуулахаар барьсан тул эхнэр, хүүхдүүд ар гэрийн ажлыг амжуулахаар эрвийх дэрвийхээрээ хөдөлж байна.
-Морьдынх нь хэр давхих уяачаас гадна уралдаанч хүүхдүүдээс ихээхэн шалтгаалдаг. Та тэднийг хэрхэн сонгодог вэ?
-Ах, дүүс, хамаатан садныхаа хүүхдүүдээс моринд элэгтэй, дуртайг нь сонгодог юм. Тэд түрүүчээсээ морь унахад томдоод дүү нараас нь унуулж эхэлсэн. Уяач хүн морьдоо барьж эхэлсэн өдрөөс олон зүйл анзаарч, ажигладаг. Би аль болох тайван байхыг хичээдэг. Морьдоо болон уралдаанч хүүхдүүдээ хэт их ядрааж болохгүй. Адуутай нөхөрлөсөн эхний жилүүдэд өнгө, зүс хувирахыг нь нэг их мэдэрдэггүй, хөлсийг нь аваад уралдуулдаг байлаа. Сүүлийн үед идэш тэжээл нь хэрхэн тохирч, өнгө, зүс хэр засаж байгааг ажиглаж хардаг болсон. Өвөөг минь М.Самдан гэдэг. Насаараа морь уясан сайхан буурал байлаа. Хүүхэд байхдаа өвөөгийнхөө морь уяхыг харж өссөн ч нас бага тул уях эрдмээс нь нэгбүрчлэн суралцаж амжаагүй. Өвөөгийнхөө наадмын морийг олон жил унаагүй ч их, бага сунгаа, сумын өдөрлөгийн уралдаанд цөөнгүй оролцсон. 10 дугаар ангиа төгсөөд 2006 оноос морь уяхаар хорхойссон доо. Тэр цагаас нутагтаа Хэнтий, Сүхбаатар аймгаас хурдан удмын морьд залж, уралдууллаа. Шандастай хүлгийн өлгий нутаг бол яах аргагүй Сүхбаатар аймаг. Энэ нутгаас төрсөн алдартай уяач, улсын наадмын түрүү магнайгаар тодорсон олон хүлэг бий. Миний хувьд уясан эзэн, унасан хүүхэд, уралдсан хүлэг аль алинаар нь их бахархдаг.
-Аргамаг хүлэгтэй нөхөрлөж, наадмын дэнжид тоос таттал уралдуулах болсон тухайгаа сонирхуулж яриач.
-Уяачийн эрдмээс дөнгөж суралцаж байх жилүүдэд морьд минь дундуур л давхидаг байв. Тэр үед залуу байсан болохоор уяа сойлго, идэш тэжээлийг нь сайн тааруулаагүй гэж боддог юм. Харин хэдэн жилийн дараагаас аймаг, сумын наадамд айрагдаж баярлуулсан. Өвөө минь хээр зүсмийн их насны морь уяж уралдуулдаг байлаа. Хашаат сумын тэгш ойн баяр тохиосон жил уясан морь нь түрүүлж, сумын наадамчин олныг баясгасан сайхан дурсамж одоо ч мартагддаггүй. Би өвөөгийнхөө хурдан удмын хүлгээс даага, шүдлэн уясан удаа бий.
-Өөр нутгаас угшилтай хүлэг залж, адуун сүрэгтэй ээнэгшүүлэн ижилсүүлнэ гэдэг уяачаас ухаан, чамгүй авьяас шаарддаг ажил шиг санагддаг.
-Тийм шүү. Адуу ухаантай амьтан. Хаана ч явсан сэтгэл сэргээнэ. Уяач хүний морь уях ажил амаргүй. Зөвхөн наадам дөхөхөөр уяа, сойлгыг нь тааруулдаг юм биш. Хэдэн сар нойроо хагасалж, зүтгэснийхээ үр дүнг харах гэж өдөр бүр завгүй өнждөг. Наадам өндөрлөсөн гээд маргаашаас нь уясан морьдоо зөнд нь орхичихдоггүй. Байнга арчилж тордон, идэш тэжээлийг тааруулж, өдөр бүр ажиглана. Нас, насны морьд наадамд сойход тухайн уяачаас гадна гэр бүлийнхнийх нь сэтгэл, зүтгэл, хөдөлмөр шингэсэн байдаг юм. Нутаг, нутгийн хүлэг өөрийн гэсэн араншинтай. Идээшиж дассан газрынх нь онцлог, өвс ногооных нь гарц, шимээс хамаарч угшил, хурд өөр байх нь уях явцад анзаарагддаг. Нутгийн уяачид унаган адуун сүргээсээ бус, хурд, угшил сайтай газраас авчирсан морьд сойж, сум, аймгийн наадмын түрүү авч байгаа харагддаг. Зүүн аймгийн хүлгүүдийг ажиглахад шандастайгаас гадна махан бариа багатай, хөлслөхөд арьс нь зөөлөн, нимгэн байдаг. Уяа сойлгыг нь тааруулахад хөл нь хөнгөрч, өнгө сайхан засна. Хээр морь хамбан, зээрд морь ухаа өнгөтэй болж зүс нь өөрчлөгдөх жишээтэй.
-Наадмын өглөө морьд уяан дээрээ толгой хаялан дүүхэлзэж, үүрсэх нь энгийн өдрүүдээс нэг л өөр харагддаг юм.
-Тэгэлгүй яах вэ. Наадмын өглөө уяач, уралдаанч хүүхдийн аль алиных нь сэтгэл их хөдөлдөг. Олон жил уралдсан хүлгүүдийн нүднийх нь харц, уяан дээрээ нааш цааш үүрсэн дүүхэлзэхээс догдолж байгаа нь андашгүй. Морьд ч уралдах хүлгүүдээ хараад өөр болно. Уяачид ч нэгнийхээ уясан хүлгийн хэр шандастайг харахыг хүснэ. Наадмын гурван өдөр уяач хүний сэтгэл гэгэлзэж, баяр хөөр, гунигийг ч мэдэрдэг. Хүн болгон морьдоо сайхан уралдуулах сан гэж боддог учраас тайван, тогтож сууж чаддаггүй юм. Түрүүлэх морь цаанаа нэг өөр. Үргэж бусгахгүй, тогтуун болоод ирнэ. Би наадмын өглөө морьд гараанаас гарахыг харах дуртай. Уяа, сойлго нь зөв таарсан хүлэгт уясан эзэн нь санаа зовох зүйлгүй дээ. Газрын холоос уралдсан ч цээжинд давхиад ирдэг. Үе тэнгийн уяачдаас Н.Нарангэрэлийн шарга зүсмийн их насны морь наадамд цөөнгүй түрүүлсэн. Нутгийнхаа уяачдын галаар зочилж, хол ойрын мэдээлэл солилцож, хэний хүлгүүд өнгө засаж, хэр хурдтай давхихыг тааварлаж ярих дуртай шүү.
-Өвөөгийн тань өвлүүлсэн эмээл, хазаар танд байдаг уу. Хурдан морины эд, хэрэглэл өвлөгдөхөөр адуун сүрэг өсөж, хийморь нь сэргэдэг гэж хүмүүс ярих юм билээ.
-Өвөөгийн хурдан морины эд, хэрэглэл нагац ах С.Жигмэдийнд бий. Өвөө ач хүүгээ хожим уяач болбол хэрэг болно гэж өвлүүлсэн байх. Хүлэг бүхэн шандастай байдаггүй, хүн болгон уяач болдоггүй гэдэг үг бий. Ах хэдэн сайхан морь уях гэж хэрэндээ үзсэн. Эвийг нь нэг л олж чадалгүй сүүлдээ больсон доо. Морь уяна гэдэг ухаан, мэдрэмж, эв дүй шаарддаг ажил. Уяач хүн хүлгээ сайтар мэдрэх нь чухал. Морьдыг унаж, уяад эхлэхээр ямар хүлэг болох нь аяндаа мэдрэгддэг юм.
-Наадмын өдрүүдэд уралдаанч хүүхдүүддээ зөвлөж захидаг зүйл тань юу вэ?
-Сүүлийн үед хүүхдүүд наадамд уралдах морио хэд унаад л маш сайн мэдэрдэг болсон байна. Бариа ойртож, газар ахиад ирэхээр мориныхоо амгайг сул тавиарай гэж захидаг. Моринд хайртай хүүхэд хүний хэлж, захисан зүйлийг хурдан хүлээж авна. Уралдахдаа морио газрын ямар үед сайн давхиулахаа мэддэг. Сумын морьд жилд хоёр томоохон уралдаанд оролцдог болохоор гарааны төхөөрөмжид сайн дасахгүй бужигналддаг. Товчлуур дарж, төхөөрөмж нэгэн зэрэг тасхийтэл буух үед омголон морьд үргэж, харайгаад хүүхдээ унагачих гээд байдаг тал бий. Тэр үеийг бодвол сумын морьд одоо овоо дасаж, сайн уралддаг болсон.
-Та өөрийгөө уяачийн эрдмээс чамгүй суралцсан гэж боддог уу?
-Морь хүнийг ажигч, гярхай, хөдөлмөрч болгодог. Залхуу хүн морь уяж чадахгүй. Би морь уралдуулах эрдмийг хүнээр заалгаагүй ээ. Өвөөгөөсөө харсан зүйлд тулгуурлаж, өөрийнхөө ухаан, мэдрэмжээр л уядаг. Нуугаад яах вэ, эхэндээ ч морь уях гэж хөглөж явсан дурсамж бий. Өөрийгөө голохгүй уяач гэж бодож явсан тэр үеэ бодохоор одоо инээд хүрдэг юм.
-Халхын алдартай уяачдаас хэнийх нь уясан хүлгүүдийн шандсыг хараад бахархаж байв?
-Өвөрхангай аймгийн Хархорин сумд 2015 онд Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн даншиг наадам зохион байгуулахад улс, аймгийн алдартай уяачид морьдоо уралдуулсан юм. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Д.Одгэрэлийн уясан хүлгүүдийг хараад их бахархсан. Сайхан хүлэг харсан эр хүний нүд баясдаг юм шүү дээ. Түүний уясан хул алаг морь тэр жил улсын наадмын түрүүг авсан юм. Хүлгээ мэдэрч, уяа сойлгыг нь сайн тааруулдаг уяачийн морьд ингэж хурдлахаас яах вэ гэж бодож байлаа.
-Наадмын өмнөх өдөр сэтгэл тань гэгэлзээд нойр тань хүрдэггүй байх аа?
-Сумын наадам сайхан болдог. Наадмын өмнөх өдөр бүх ажлаа амжуулж, морь, малаа эртхэн амраана. Орой хар чийг буухаас өмнө мориныхоо идэш тэжээлийг нь тааруулдаг. Хоёроос дөрвөн цагийн хооронд нүдний хор гаргаж, гэгээ орохтой уралдаж босно. Баярын өдрүүд ойртох тусам сэтгэл гэгэлзээд нойр хүрдэггүй. Наадмын өглөө цээжний морьд гарч ирэхийг хараад өөрийн эрхгүй огшдог. Өөрийн морьд бус, хүний хүлэг байсан ч баярлана. Уяачид түрүүлсэн морины эзэнд баяр хүргэн, урам хайрлаж байхад уралдаан үзсэн хүмүүс хүлгийнх нь хөлснөөс хүртэх гэж хошуурдаг юм. Хол зам туулж ирсэн морь, хүүхдийг харах өрөвдмөөр шүү дээ. Ядарсан морь нүдээ тас аниад хөтөлж яваа эзнийхээ араас хөлөө арай ядан зөөхийг харах хэцүү.
-Уралдах морьдоос даага уях танд ямар санагддаг вэ?
-Даага уях хамгийн хэцүү. Анх удаа хурд сорьж байгаа болохоор уяж байгаа эзнээсээ ур чадвар, авьяас, ажиллагаа их шаарддаг. Даага уяж байгаа үед ачааллыг нь ихдүүлж болохгүй. Хүүхэдтэй зүйрлэвэл дааганд уралдах зам, уралдаанч хүүхэд, үзэж буй наадамчин олон гээд бүх зүйл шинэ санагддаг. Шүдлэн, хязаалан бол хэдэн удаа уралдчихсан болохоор зүгээ олчихсон байдаг юм. Даага түрүү магнайгаар тодрох, баян ходоод болох нь ч хөөрхөн. Миний хувьд энэ жил азаргаа сайн давхих болов уу гэж бодож байгаа. Уяач хүний ажлыг гэр бүл нь дэмжин, ойлгож чадвал амжилт гаргадаг. Намайг ажил ихтэй, завгүй үед эхнэр, хүүхдүүд морьдоо усалж, өвс, тэжээлийг нь дориун тааруулаад өгчихсөн байдаг юм. Би морьдоосоо удаан холдож чаддаггүй. Адууны буян их. Эзнээ хол, ойрын олон хүнтэй нөхөрлүүлдэг. Монгол хүн мориноосоо буугаад хов ярьдаггүй. Хөөрөг зөрүүлж суухдаа өөдрөг, гэгээн зүйл өгүүлнэ. Эр хүнийг хөглөж, хийморийг нь бадраадаг амьтан бол адуу. Нутгийнхаа уяачидтай Булган аймгийн Гурванбулаг сумд үрээгээ айрагдуулчихаад цааш Баяннуурыг зорьж уралдуулж байлаа. Дараа жил нь би зуднаар адуутайгаа очиход хүмүүс андахгүй мэдэж байв. Тэр жилийн уралдаанд азарга минь айрагдсан юм. Буцахдаа ганц нэг айлаар бууж мордоход цай, хоол болж сайхан угтсан. Адууны буяныг тэр үед их ойлгосон доо.
-Танай сум алдартай бөхчүүдтэй. Зурагтаар Хашаат сумын гээд зарлахаар бөхчүүдийнхээ барилдахыг харах гэж догдолдог биз?
-Наадмын өдрүүдэд зурагтаас холдохгүй шүү. Хэний уясан хүлэг түрүүлж, аль нутгийн бөхчүүд улсын цол хүртэх бол гээд сонирхож хардаг. Нутгийн бөхчүүд сайхан барилдах урамтай. Тавын даваанаас эхлээд улсын цол олгодог болохоор тэднийгээ хүртчихээсэй гэж их боддог юм. Манай сумаас төрсөн алдартай бөхчүүд бий. Тухайлбал, үндэсний бөхөөс Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, чөлөөт бөхөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг. Өвөөгийн талын ах дүүс бөхийн удамтай. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг өвөөгийн дүүгийн охин нь.
-Хөвгүүд тань таныг дагаад морь уях сонирхолтой болж байх юм уу?
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Бид хүүхдүүдээ мэргэжил, боловсролтой болгохыг зорьдог. Хөвгүүд минь моринд дуртай. Тэднийгээ морь уя гэж хүчлэхгүй. Хүсэл, сонирхолтой бол адуутай нөхөрлөх биз ээ. Хүүхдүүд “Тэднийх тэр аймгаас тийм зүстэй морь уралдуулахаар адуундаа авчирсан байна. Тэр морийг нь тийм хүүхэд унах гэнэ” гээд намайг мэдээгүй байхад сонин болгож ярьдаг. Телевизийн нэвтрүүлэгт уригдсан уяачдын яриаг сонсох дуртай. Хэрэг болох зөвлөгөө өгдөг юм. Сүүлийн үед залуучууд морь уях сонирхолтой болжээ. Уясан морьдоос нь тэдний туршлага чамгүй хуримтлуулж байгаа нь ч анзаарагддаг. Ажиглаж байхад залуучууд морь уях эрдмээ нэгэндээ харамгүй зааж, туршлагаасаа хуваалцаж байгаа нь таатай бодол төрүүлдэг юм.