Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьж буй. Уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцлаа.
Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр барих ажлыг “Адмирал” компани гүйцэтгэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн талбайгаас гадаадын компанид газар өгсөн гэх маргаан гарсан. Тэгвэл уурхайн амнаас 500 метр зайтай газарт35 га талбайд, таван жилийн хугацаанд газар ашиглуулах гэрээ хийн уг үйлдвэрийг барьж буй гэнэ. Баяжуулах үйлдвэрийг хол барьвал борлуулах бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх учир талбай дотроо газар ашиглуулж байгаа гэсэн тайлбарыг холбогдох хүмүүс өгөв. “Адмирал” компани 2018 оноос судалгаагаа эхлүүлж, “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн сул коксжих болон эрчим хүчний бус нүүрсийг хэрхэн баяжуулж, экспортод гаргах, үнийг нь өсгөхөөр ажилласан байна. Монголд анх удаа x-ray лазерын технологийг ашиглаж, рентген туяагаар нүүрс, чулууг ялган агаараар буудах замаар үнснээс нь салгадаг аж. Тус компанийн захирал Д.Гансүх “Бор тээгийн ордын нүүрсний найм, есдүгээр давхаргад сул коксжих нүүрс, Баруун, Зүүн цанхиас олборлож буй гурав, дөрөвдүгээр давхаргын нүүрс нь сайн коксжих чанарынх байгаа. Ингэж нүүрсийг баяжуулснаар 20-30 ам.доллар байгаа үнийг60-70 долларт хүргэн зарах боломжтой болгоно” гэв. Цахилгаанд суурилсан, бүрэн автомат үйлдвэр байх учир тэд өөрийн хөрөнгөөр дэд станц байгуулжээ. Бор тээгийн уурхай 430 сая тонн нүүрсний нөөцтэй. Үүний 400 сая нь сул коксжих нүүрс бөгөөд үүнийг хуурай аргаар баяжуулах аж. Ирэх сард тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгаа хийж эхлэх уг үйлдвэр жилд таван сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай юм.
Нойтон аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийн хувьд нүүрсийг сорчлохгүй, захиалагчийн хүссэн бүтээгдэхүүнийг гаргах боломжтой гэдгээрээ онцлог аж. Жилд 10 сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулах хүчин чадалтай уг үйлдвэрийн усны хэрэгцээг Загийн усны хоолойн төслөөр шийдэхээр болсон. Нүүрс баяжуулах төслийн ерөнхий инженер Ө.Нямаа “Тавантолгойн орд нь хагас коксжих, коксжих, эрчим хүчний гэсэн гурван төрлийн нүүрстэй. Нийт нөөцийн 90 хувь нь коксжих нүүрс учраас хуурай аргаар баяжуулах боломжгүй гэсэн үг. Мөн нөөцийн 20-30 хувь нь хэлбэлзэлтэй. Энэ нүүрсийг сорчлохгүйгээр бүрэн олборлоё гэвэл үлдсэн 80 хувьтай нь холих хэрэгтэй. Нойтон арга учраас эрчим хүч, хагас кокс, коксжих нүүрсийг баяжуулна. Гэхдээ эрчим хүчний нүүрсийг баяжуулах зардал өндөр учир хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөний дараа энэ талаар ярьж болно. Тавантолгойн орд нийт 14 давхаргатай. Хамгийн дээд тал нь найм хүртэлх давхаргын нүүрсийг холих боломжтой. Ингэснээр нүүрс голохгүйгээр, ордын бүх нөөцөө ашиглан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийх боломж бүрдэж байгаа юм. Мөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсний дараа холих технологийг манай улсад анх удаа хэрэглэж байна” гэлээ.
Нүүрс баяжуулах төсөл нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогын аж үйлдвэрийн хэсэгт багтсан ажил. Төслийн бүтээн байгуулалтын ажлын явц 37 хувьтай байна. Мөн шаардлагатай нийт тоног төхөөрөмжийн 20 хувийг нь оруулж иржээ. 2024 оны зургадугаар сард уг үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж. Тэд эхний ээлжид Бор тээгийн уурхайгаас хилээр гаргахад шаардлага хангахгүй байгаа нүүрсний 40 хүртэлх хувийг авч, “эргэлтэд оруулах”-аар төлөвлөжээ. Хүчин чадлаа бүрэн ашиглаж эхэлбэл бүх төрлийн нүүрсийг баяжуулж болох юм байна. Нүүрсийг чанараар нь сорчилж, ялгахгүйгээр ашиглаад эхэлбэл жилийн борлуулалтын орлого 400-500 сая ам.доллароор нэмэгдэх тооцоо бий аж. Мөн Онч хараа, Цанхи, Бор толгой гэсэн гурван ордын дунд буй үйлдвэр учир цаашид үйл ажиллагаагаа тэлэх боломжтой гэж үзэж байна. Үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнийг авто болон төмөр замын тээврээр зөөх боломжтойг тэд онцолсон. Австрали технологид суурилсан бүрэн автомат энэ үйлдвэрийн талбайд ил нүүрс байхгүй учир байгаль орчинд сөрөг нөлөөгүй, тоосжилт үүсгэхгүй гэлээ.
Нойтон аргаар нүүрс баяжуулахын тулд Загийн усны хоолойн төсөл хэрэгжүүлж, 70 км зайнаас 14 худгаас усаа татан авч хэрэглэх юм байна. Үүнийхээ 95 хүртэлх хувийг дахин ашиглахаар тооцжээ. Уг төслийн ажилд гадаадаас ажиллах хүч авах квот батлах, шаардлагатай тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэх асуудлыг яаралтай шийдэж өгөхийг тэд Д.Амарбаясгалан сайдаас хүссэн. Мөн нийт 470 ажлын байр бий болгох аж. УИХ-аас улсын төсөвт тодотгол хийж батлахдаа нүүрсний биет хэмжээг 50 сая тонноор тооцжээ. Энэ төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж чадах уу гэдгийг Д.Амарбаясгалан сайд асуухад “Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 17.5 сая тонн нүүрс олборлоод байна. Жилд 30 сая тонн нүүрс борлуулахаар ажиллаж байна. Тээвэр ложистикийн асуудал чухал байгаа” гэв.
“Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төслийн үйл ажиллагаатай сайд мөн танилцав. Уурхайгаас олборлосон нүүрсийг хүлээн авч, бутлаад тээвэрлэх, ангилан хольж, төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зорилготой уг төслийн ажлыг зургаан багцад хуваасан, гүйцэтгэл нь 67 хувьтай болжээ. Галт тэргэнд цагт 4500 тн нүүрс ачих, цагт 3500 тн нүүрсийг 300 мм-ээс доош хэмжээтэй болгон бутлах төхөөрөмжөөр дамжуулж, овоолох гэх мэт шат дамжлагатай ажиллах юм байна. Уг төслийг энэ оны арванхоёрдугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр жилд 20 сая тонн нүүрсийг галттэргээрачих, тээвэрлэх боломжтой болох юм. Уул уурхайн болон төмөр замын хосолсон тээврийг ашиглах төслийн үйл ажиллагааг бүрэн автомат байдлаар нэгдсэн удирдлагын төвөөс удирдах нь. Үүний хүрээнд агуулах, нэгдсэн удирдлагын төв, засвар, 13 МВт-ын хүчин чадалтай дэд станц зэрэг байгууламж барьж байна. Тоног төхөөрөмжүүдийн зарим нь үйлдвэрээс гарч буй бол долдугаар сард түрүүчийг нь авчрах гэнэ. Мөн нийт 16 зүтгүүрээс энэ онд эхний 4-5-ыгнь авчрах юм байна.
Говь нутагт аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжүүлж эхэлсэн нь сайн ч энд ус, эрчим хүчний нөөц чухал. Тавантолгойн цахилгаан станц барих ажлын тендерийг зарласан ч одоогоор тодорхой оролцогч гарч ирээгүй байгаа аж. Олон улсад нүүрстэй холбоотой төслийг сонирхох нь буурч буй учраас яг хэзээ угстанцыг барих талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа гэнэ. Загийн усны хоолойн төслөөр нүүрсийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн хэрэгцээг хангах ч бусад том ажилд хүрэлцэхгүй. Тиймээс “Хэрлэн говь”, “Орхон” зэрэг төслийн ажлыг эрчимжүүлэхэд Засгийн газар анхаарна гэдгийг Д.Амарбаясгалан сайд онцолсон. Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гадна хувийн хэвшлийн хөрөнгөөр гүйцэтгэж буй нүүрс баяжуулах төслүүдтэй танилцлаа. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нүүрсний орлого 30-40 хувиар нэмэгдэж, 400-500 сая ам.долларын орлого олох боломжтой болно. Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд том төсөл, хөтөлбөр, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэмжих бодлого баримтална. Дорноговь дахь нефть боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн, бусад бүтээн байгуулалтын ажилд оролцож буй компаниудын тоног төхөөрөмжийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлж байгаа. Мөн боловсон хүчний хомсдол их байгаа учир Өмнөговь аймгийн Засаг дарга, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтраад МСҮТ-д уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна. Бид тээврийн зохион байгуулалтаа дотооддоо хариуцаж эхэлсэн нь бас дэвшил боллоо” гэв.
Баяжуулах үйлдвэрийн төслөөс гадна Тавантолгойн уурхайгаар бид бас орсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай нийт 68 мянган га газарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Уг талбайн голд орон нутгийн “Тавантолгой” компани 300 га газарт ажилладаг учраас энэ хоёрын хооронд зөрчил, маргаан нэлээд гардаг. Тэд хамтран ажиллах гэрээнийхээ дагуу уг асуудлаа шийдээд явж буйг сайдад уламжилсан юм.