Олон арван дамжуулан мөрөөдөж, хэлэлцэн, төлөвлөж, судалсны эцэст манай улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ажил эцэслэгдэх шатандаа ороод байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгаж, улмаар 2016 оны хоёрдугаар сарын хуралдаанаар уг үйлдвэрийг болон тос дамжуулах хоолой барих шийдвэр гаргасан билээ. Тэр цагаас үе шаттайгаар эхэлж судалгаа шинжилгээ, гэрээ хэлцэл байгуулах ажил дараагийн Засгийн газрын үед үргэлжилж буй нь энэ. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтан ширээ сумын нутагт барьж буй, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн ажлын явцтай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан биечлэн танилцаж, тулгамдаад буй зарим асуудлаар шийдэл гаргалаа.
430 САЯ АМ.ДОЛЛАРЫН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДНЭ
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гурван тулгамдсан асуудал байгаа аж. БНЭУ-ын санхүүжилтээр барьж байгаа уг үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулж, 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр анх төлөвлөсөн юм. Гэвч цар тахлын нөлөө, эдийн засгийн байдал болон инфляцын өсөлттэй холбоотойгоор 430 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт нь 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Мөн үйлдвэрийг 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг бүтэц, инженерийн ажилд зарцуулах хугацаа зэргийг нь харгалзан дөрвөн хэсэгт хуваан барьж буй. Эхний багцын хүрээнд технологийн бус барилга, байгууламжийг БНЭУ-ын“JMC projects India”, хоёр, гурав дахь ажил болох анхдагч процессын барилга, байгууламж, үйлдвэрийн 35 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих ажлыг мөнл тус улсын “Megha engineering and infrastructure limited” (MEIL) компани хийж байгаа. Эхний багц ажлын гүйцэтгэл 80.3 хувьтай байгаа бол хоёр, гуравдугаар багцын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Дөрөв дэх багц ажил болох лицензтэй технологийн байгууламжийг барих компаниудыг сонгон шалгаруулаад, гэрээ байгуулах ажил одоо өрнөж байгаа аж. Дөрөв дэх хэсгийн ажилд дээрх 430 сая ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон юм байна. Уг санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барина гэдгийг Д.Амарбаясгалан сайд хэлэв. Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээ хийж, БНЭУ-тай хамтран шийдэх асуудал гэсэн үг.
Харин “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ыг барих ажил болон төсөлд ажиллагсдын цалин, нийгмийн хангамжийн санхүүжилтийг манай улс дотооддоо шийдэх учиртай. Ажилчдын хотхон барих санхүүжилтийг Хөгжлийн банкны зээлээр шийдэж байсан ч барьцаалсан эд хөрөнгийн үнэлгээ хангалтгүй гэдэг шалтгаанаар тус банк зээлээ зогсоожээ. Энэ хэсэгт 45-60 ам метр талбай бүхий хоёр өрөөнөөс бүрдэх нийт 10 блок, 550 айлын орон сууц барьж буй аж. Эхний ээлжийн орон сууцын ажлын гүйцэтгэл 79, дараагийнх нь 32 хувьтай байгааг сайдыг ажиллах үеэр танилцуулсан. “Титан” нэртэй уг хотхоны санхүүжилтийг анх Хөгжлийн банк өөрсдөө судалж, зээл өгөхөөр шийдсэн. Тиймээс эхэлсэн ажлаа дуусгах талаас нь Засгийн газар уг банктай яриа хэлэлцээ хийнэ, шаардлагатай бол баталгаат барьцаа гаргаж шийдүүлнэ гэж Д.Амарбаясгалан сайд хэлэв.
Төсөл дээр ажиллаж буй монгол ажилчдын цалинтай холбоотой санхүүжилтийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулсан байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д одоогоор 80 гаруй хүн ажиллаж байна. Тус компанийн өдөр тутмын зардал, цалинг Хөгжлийн банкны зээлээр шийдсэн байсан. Тиймээс дараагийн шийдлийг олтол цалин, нийгмийн хангамжтай холбоотой зардлыг манай компанид хариуцуулсан. Бид одоогоор 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт өгчихсөн байна. Он дуустал энэ нөхцөл байдал үргэлжилнэ гэвэл 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр тооцон ажиллаж байгаа” гэлээ. Стратегийн ач холбогдолтой уг том төслийн өдөр тутмын ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд Засгийн газраас ийм шийдэл гаргасан юм байна. “Эрдэнэс Монгол” компанийн уг зээл нь Монголбанкны бодлогын хүүтэй уялдсан, уян хатан нөхцөлтэй байх гэнэ.
Төсөлтэй холбоотой удаах асуудал нь шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, гадаад ажилтнуудыг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой визийн зохицуулалт байгаа юм. Үүнийг Засгийн газар анхааралдаа авч, шийдвэрлэж өгнө хэмээн сайд амлав.
ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМААС ТҮҮХИЙ ТОС ЗӨӨХ ХООЛОЙГ УГСАРЧ ЭХЭЛЖЭЭ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг дотоодоосоо хангахаар төлөвлөсөн. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19, 20 дугаар талбайгаас түүхий тосыг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй үйлдвэрийн талбай хүртэл нийт 530 км үргэлжлэх хүчитгэсэн ган хоолойгоор тээвэрлэнэ. Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco international cooperation” компани 2022 оны сүүлчээс судалгаа шинжилгээ, зураглалын ажлаа хийсэн байна. Биднийг очихын өмнөх өдөр буюу энэ сарын15-наас тэд хоолойгоо угсарч эхэлжээ. Дамжуулах хоолойгоор жилд 1.5-2.4 сая түүхий тос тээвэрлэх хүчин чадалтай. Халах, хөргөх, дундын болон тос хүлээн авах станц зэрэг 10 гаруй барилга байгууламж барьж бэлэн болгожээ. Одоогоор өдөрт 500 метр хоолой угсарч буй бөгөөд дээрх компанийн инженер, техникийн үлдсэн хятад ажилтнууд ирвэл нэг км хоолой угсрах боломжтой болох гэнэ. Хоолойнуудыг угсарч дууссаны дараа газрын гүнд булах юм билээ. Энэ нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болж буйгаараа онцлог юм. Дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley parsons” компани хийжээ.
ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖЛЫГ ТӨР БОДЛОГООР ДЭМЖИНЭ
Дорноговь аймагт хувийн хэвшлийн хөрөнгөөр бүтээн байгуулж буй “Алтан ширээт”, “Гэрэлт говь” үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажилтай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мөн танилцсан юм. “Алтан ширээт” паркийг ашиглалтад оруулснаар жилд 1-1.5 сая тонн төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах, 1.5 сая тонн нүүрс угаах, 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх, 2.6 сая тонн кокс үйлдвэрлэх боломжтой дөрвөн үйлдвэр барина. Нийт 420 сая ам.долларын өртөг бүхий уг төслийн бүтээн байгуулалтын ажил 40 орчим хувьтай яваа аж. Тэд цаашлаад 2024-2025 онд гангийн үйлдвэр барихаар төлөвлөж буй бөгөөд хаягдал биш, олборлосон төмрөөр бүтээгдэхүүн хийдэг болох гэнэ.
“Гэрэлт говь” төслийн хувьд Таван толгойн бүлэг ордоос гарч буй эрчим хүчний болон хаягдал нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой. Жилд гурван сая тонн нүүрсийг нойтон аргаар баяжуулахаар төлөвлөжээ. Хувийн хэвшлийн хөрөнгөөр аж үйлдвэрийн парк байгуулж буй эдгээр ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, Засгийн газрын баталгаа гаргахаас эхлээд бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдгийг сайд энэ үеэр онцолсон.
Д.АМАРБАЯСГАЛАН: НИЙТ ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ 80-90 ХУВИЙГ ХАНГАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна гэж байна. Үүний тулд манай Засгийн газраас ямар ажил хийх шаардлагатай байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үйлдвэр барихтай холбоотой учирсан хэд хэдэн асуудлыг 2-3 удаагийн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсэн. Газрын тосны үйлдвэрийг товлосон хугацаанд бүрэн ашиглалтад оруулахын тулд Засгийн газар хоорондын яриа хэлэлцээрийг богино хугацаанд баталгаажуулах, дөрөвдүгээр багцын ажлын гэрээ хэлцлийг өргөн барьж, УИХ-ын намрын чуулганаар батлуулах шаардлагатай байна. Эдийн засгийн нөхцөл, инфляцтай уялдаад дөрөв дэх багц ажлын зардал тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр байгааг хоёр улсын Засгийн газар ярилцаж тохирно. Стратеги, геополитикийн хувьд асар өндөр ач холбогдолтой уг төслийг зогсоож болохгүй. Тулгамдаад буй асуудлуудыг шийдэхийн тулд улс төрийн шийдлүүдийг яаравчлах хэрэгтэй байгаа.
Бидэнд өмнө нь 1.6 тэрбум ам.долларын санхүүжилттэй мега төсөл хэрэгжүүлсэн туршлага байхгүй. Тиймээс төрийн байгууллага хоорондын уялдаа хангалтгүй зэргээс болж энэ төслийг хурдацтай урагшлуулах нөхцөл бүрдүүлж чадаагүй, дотоодын хөрөнгө оруулалтаа Хөгжлийн банкны өндөр хүүтэй зээл авч эхэлсэн гэх мэтээр алдаа гаргасан зүйл бий. БНЭУ-ын талаас ажил саадгүй явж байхад манай талаас асуудалтай байна.
Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг өндөр түвшинд хийж, АНУ, Франц, Норвег, Польш зэрэг 10-аад улс оролцож байгаа. Улсын хэмжээнд ийм том хэмжээний үйлдвэр ашиглалтад оруулснаар бид туршлага хуримтлуулна. Оюу толгойн гэрээ хэлэлцээг хийх үед “Туршлагагүй хүмүүс гэрээ хэлцэл хийлээ, гадаадын туршлагатай компани оролцуулаач” гэж шүүмжилсэн. Энэ алдааг бид давтахгүй байхад анхаарч байна. Том төслийг амжилттай дуусгахын тулд улс төрийн шийдэл гаргах ёстой.
-Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар дотоодын хэрэгцээний хэдэн хувийг хангах вэ?
-Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн баррель тос боловсруулна. Нэг сая орчим тонн шатахуун, дизель түлш үйлдвэрлэнэ. Монгол Улс жилд 1.2-1.4 тэрбум долларын шатахуун хэрэглэдэг. Тиймээс нийт хэрэглээнийхээ 80-90 хувийг бүрэн хангах боломжтой болно гэсэн үг. 4-5 их наяд төгрөгийн импортын бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох юм.
-“Петрочайна дачин Тамсаг”-тай бүтээгдэхүүн хуваах гэрээгээ шинэчлэх ажил ямар шатандаа явна вэ?
-Үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа түүхий эдээ дотоодоосоо нийлүүлэхийн тулд Засгийн газар “Петрочайна дачин Тамсаг” болон бусад компанитай хамтраад хайгуулын ажлыг өргөн хүрээнд хийж байна. 1.5 сая тонн газрын тосыг дотооддоо олборлох боломжтой. “Петрочайна дачин Тамсаг” ХХК жилд 600 мянга орчим тонн газрын тос олборлож байгаа. Тус компанитай 1992 онд хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээ өнөөдрийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул шинэчлэх шаардлага бий. Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, хөрөнгө оруулагч БНХАУ-ын CMBC групптэй хэлэлцээр хийх санал тавьж, тэд хүлээж авсан. Ерөнхий сайдын тус улсад хийх айлчлалын үеэр энэ талаар ярилцана. Гэрээ шинэчлэх хоёр талынуулзалт 1-2 жил үргэлжлэх байх. Гол нь ахиц гаргах хэрэгтэй.