УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд нэгэн чухал тогтоол гаргасан. Уг 39 дүгээр тогтоолд зааснаар Засгийн газар 2021-2022 онд багтаан төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрнынүхэн жорлонг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих үүрэг хүлээсэн юм. Үүний дагуу Засгийн газар 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө жил бүр нүхэн жорлонтой 100-гаас доошгүй сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг тусгасан. Эл ажлыг гүйцэтгэх 100 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” гаргаж буй. Харин дээрх ажлын хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа аж. МАН-ын бүлэг саяхан хуралдах үеэрээ хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг орчин үеийн боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажил удааширсныг онцолж, хэрэгжүүлэгч БШУЯ-ыг урагшгүйгээр дуудсан нь үүнийг нотолно.
Бүлгийн хурлаар ганц БШУЯ-ыг донгодох ёсгүй байсан юм. Уг ажил Л.Энх-Амгалан сайдаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нарт хамаатай. Учир нь Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 5-нд тогтоол гаргахдаа сонгон шалгаруулсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавихыг БШУЯ болон “Эрдэнэт үйлдвэр”-т, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхийг БОАЖЯ, БХБЯ-нд даалгаж байв. Уг тогтоолын хүрээнд эл ажилд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан. Мөн аймгуудад дэд ажлын хэсэг байгуулж, хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлон халах ажлыг дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм.
Нүхэн жорлонгоо халах ажлын I, II ээлжийн 307 объектын гүйцэтгэлийг “Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээ”-гээр хэрэгжүүлжээ. Гэхдээ хяналт муу тавьснаас барилгын компаниуд ямар ч зураг төсөлгүйгээр ариун цэврийн байгууламж барьж, дураараа аашилсан нь жорлон бөглөрөх, бохирын шугам эвдрэх, шүршүүр нь ажиллагаагүй болох зэрэг хүндрэл үүсгэсэн байна. Үүний тод жишээ нь, Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламжид үүссэн асуудал юм. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг орчин үеийн шаардлагад нийцсэн ариун цэврийн болон халуун усны өрөөтэй болгох төслийг анхлан санаачилж хэрэгжүүлсэн. Эл утгаараа тэрбээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг ахалдаг. Б.Баярсайхан гишүүнээр ахлуулсан Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвийн төлөөлөл бүхий ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Архангай, Завхан, Төв аймагт ажилласан байна. Архангайн Хотонт сумын сургуулийн дотуур байрныхныг өнгөрсөн онд орчин үеийн шинэ байгууламжтай болгосон аж. Эхний ээлжид хамрагдсан учир тус сургуулийн дотуур байрны хүүхдүүд шөнө оройн сэрүүнд гадагш гарахгүй, дотроо бие засах, хананаасаа ус авч, халуун усанд орох нөхцөл хэдийн бүрдсэн байх учиртай.
Дээрх сумд төслийн хэрэгжилт хэр байгааг ажлын хэсгийнхэн шалгажээ. Тус байрны ариун цэврийн байгууламжийг зураг төсөлгүй барьснаас болж өдгөө бөглөрч, үнэр нь дийлддэггүй, халуун усгүй гэх мэт шалтгийг тус сургуулийн захирал хэлж зогссон. Тодорхой хэлбэл, 2022 онд “Гега тера тех” компанийнхан сургуулийн дотуур байрны инженерийн шугам сүлжээг холбох болон гаднах байгууламжийг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн гэнэ. Мөн “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр ихэнх жорлонгийн хаалга нь түгжээгүй, скочоор торгоосон, эвдэрч салснаас гадна цэвэрлэгээ, арчилгааны хувьд маш бохир гэсэн үнэлгээ өгөхөөр харагдсан. Ажлын хэсгийнхэн дээрх сургуулийн удирдлага, сум дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хэлтсийнхэн болон захиалагч талаас хяналт тавьж буй хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өгчээ. Улмаар долоо хоногийн дараа шалгахад “Гега тера тех” компани алдаагаа залруулсан байсан гэнэ. Нөгөө “Оюуны ундраа” группийн өв залгамжлагч О.Тэнүүний “Өөрөө хүсээгүй, албадлагаар, шахалтаар улс төрд орлоо” гэдэг шиг Хотон сумын сургуулийн удирдлага болон “Гега тера тех” компанийнхан ажлаа хийхийг хүсээгүй ч Б.Баярсайхан гишүүн “загнаж”, шахаж шаардаж байж, тэд сая “албадлагаар” үүргээ биелүүлсэн аж.
Завхан аймгийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байруудын ариун цэврийн байгууламжтай холбоотой сайн, бас муу жишээ ч байна. Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвийнхөн дээрх аймгийн Асгат сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламжийн ашиглалттай танилцаж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр очжээ. Тэд толгой сэгсэрсээр эргэж ирсэн гэсэн. Улсаас багагүй төсөв гаргаж, сургуулийн дотуур байранд ариун цэврийн байгууламж барьж өгсөн. Харамсалтай нь, ажлын хэсгийнхнийг очиход сум, сургуулийн удирдлага нь ариун цэврийн өрөөг түгжиж орхиод хаашаа ч юм “зугтсан” байжээ. Сураг сонсох нь ээ, тэд шинэхэн ариун цэврийн байгууламжаа ажиллуулдаггүй, ашигладаггүй болж таарсан юм. Тэгвэл Завханы Түдэвтэй сумын удирдлага эсрэгээрээ барьж өгсөн ариун цэврийн байгууламжийн ашиглалт, цэвэрлэгээгээ сайн хариуцан ажилладаг гэнэ. Тус сумын сургуулийн дотуур байранд амьдардаг ахлах ангийн сурагчид өмнө нь 2-3 км-ийн зайтай голоос тэргээр ус зөөдөг байж. Тэд “Өвөл, хавар даарч, намартаа жиндээд ус зөөх хэцүү. Мөн шөнө гадаа жорлонд орохдоо даардаг. Харанхуй шөнө дүү нар “Айгаад байна, хамт гаръя” гэж дуудах нь төвөгтэй. Бас өрөөгөө түгжээд төмпөнд усанд ордог, ёстой ичмээр. Одоо ус зөөхгүйгээр хананаасаа ус авч, угаалгын машинаар хувцсаа угаадаг. Хичээлээ давтах чөлөөт цаг илүү гардаг болсон. Дүү нар ч айлтгүйгээр дотуур байрандаа ариун цэврийн өрөөнд ордог болсон. Төмпөнд бус, шүршүүрт усанд орох гоё” хэмээн ярьжээ.
Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгийнхан долдугаар сард 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тухайлбал, Завхан аймгийн дөрвөн сум энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэх юм. Мөн Архангайн Их тамир, Тариат, Хашаат сум 100 жилийн ойтой. Төв аймгийнхан ч ялгаагүй. Баяндэлгэр, Заамар, Эрдэнэсант зэрэг сумын 100 жилийн ой тохионо. Эдгээр аймгийн удирдлага 21 дүгээр зуунд модон жорлонгоосоо салаагүй, хүүхдүүд жорлонд унах, амиа алдах эрсдэл хэвээр байхад ойгоо тэмдэглэх тухай ярьж, хандив, тусламж гуйж яваа сурагтай. Завхан аймгийн дарга нар бүр Улаанбаатарт хандивын тоглолт зохион байгуулж, хотод байгаа нутгийн иргэдээ урих биш, Завханд ажилладаг төрийн албан хаагчдадаа тасалбар“шахаж”, хот руу “хөөсөн” гэнэ лээ.
Нүхэн жорлонг халах ажлыг хариуцаж буй дэд ажлын хэсгийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир ахалдаг. Ажил удаашруулсан хэрэгт унасан Боловсролын ерөнхий газраас дараах тайлбарыг өгсөн юм. Тэд барилгын материалын үнэ өссөнөөс I, II ээлжийн 307 объектын зураг төсөв нэмэлт магадлалаар 55.4 тэрбум болж өссөн гэв. Тиймээс эдгээр ээлжийн ажлын хэрэгжилтэд дүгнэлт хийж, III, IV ээлжийнхийг хэрэгжүүлэхийн өмнө зөвлөх туслах үйлчилгээ үзүүлсэн аж. Одоогийн тооцооллоор III ээлжид барих 342 объектын хөрөнгө оруулалтын урьдчилсан дүн 64 орчим тэрбум төгрөг болсон аж. Дээрх нөхцөл байдлаас үүдэн “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргаж буй 100 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг халахад хүрэлцэхгүй гэдгийг Боловсролын ерөнхий газрынхан мэдээлсэн. Улмаар хөрөнгө мөнгөний асуудлаас болж IV ээлжийн 18 аймгийн 92 сумын 243 объектын угсралтын ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсжээ. Товчхондоо Засгийн газраас модон жорлонгоо халах санаачилга гаргахдаа үүнд хамруулах сургууль, дотуур байрны тоо, шаардагдах хөрөнгийн төсвийг оновчтой тооцоогүйгээс УИХ-ын 39 дүгээр тогтоолд тусгасан ажил хугацаандаа хэрэгжих боломжгүй болж, хөрөнгийн эх үүсвэрийг нь нэмж шийдвэрлэх шаардлага үүсжээ.
Боловсролын ерөнхий газраас өгсөн мэдээллээр I ээлжид 17 аймгийн 110 ариун цэврийн байгууламжийг 16 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, 24.4 тэрбум төгрөгөөр бариулжээ. Мөн II ээлжид 17 аймгийн 64 сургууль, дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай болгосон. Энэ ажилд 15 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 19 тэрбум төгрөг зарцуулсан байна. Уг нь Засгийн газар 2024 он гэхэд 850 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих зорилго тавьсан юм билээ. Эндээс харахад, сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг модон жорлонгүй болгох ажил маш удаашралтай байгаа юм. 21 дүгээр зуунд хөдөөгийн багш, сурагчид хүйтэнд нүхэн жорлонд орохоос тээршаан уух усаа багасгаж, багачууд нь шөнө гадаа гарахаас айн, орондоо шээж, зарим нь жорлонд унасаар байх уу.