“Хадатын хөндийд Монголын анхны эко сууринг цогцлооно” хэмээн сурталчилж буй “Цоба” ХХК хариуцлага алдаж, захиалагчдаа хохироосон талаар “Өнөөдөр” сонин өмнө нь хөндсөн билээ. Тодруулбал, тус компани 2018 онд эхлүүлсэн “Хадат вилла-3” төслөө бүрэн дуусгаагүйгээс сүүлчийн ээлжид захиалга өгсөн айлууд өдий хүртэл сууцаа хүлээн авч, төвхнөж чадахгүй хохироод байгаа юм. “Цоба” компанийнхан гэрээнд тусгасан гаднах зам, талбайн тохижилтууд (зүлэгжүүлэлт, зам, талбай, усны хаялга, гэрэлтүүлэг гэх мэт)- ыг огт хийгээгүйн зэрэгцээ зарим сууцын нэмэлт ажлуудыг ч дуусгалгүй орхисон. Аргаа барсан зарим захиалагч гүйцэтгэгч компанийнхны дутуу орхисон ажлыг хувийн зардлаараа хийж, сууцдаа санд мэнд ороод буй бол төвхнөж ч чадахгүй хүлээж байгаа айлууд ч бий.
“Хадат вилла-3” хотхонд өнгөрсөн сарын 17-нд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм. Үүнээс 14 хоногийн дараа буюу энэ сарын 2-нд дахин очиход ч бахь байдгаараа байв. Сүүлчийн ээлжийн найман хаус бүхий хэсгийг тохижуулаагүй хэвээр. Айлууд зөвхөн өөрсдийнхөө эзэмшил хэсэгт зарим нэг ажил хийжээ. Өмнөхийн л адил ундуй сундуй, далан задгай дүр зураг угтав. Гаднах талбайн тохижилт, нэмэлт ажлуудаас гадна санаа зовоох өөр нэг асуудал үүссэнийг оршин суугчид энэ үеэр хэллээ. Тодруулбал, тус хотхоныхны зорчдог замыг дайруулан өөр нэгэн аж ахуйн нэгж хашаа татаж эхэлжээ. Үүний улмаас оршин суугчид чөлөөтэй зорчих аргагүйд хүрэх эрсдэл үүсээд байна.
Хашаа татаж байгаа хэсэгт очлоо. “Хадат вилла-3” хотхон руу өгсөх замын дэргэд хэсэг залуус газар шорооны ажил хийж байв. Бетонон хашаагаа дөнгөж босгож буй бололтой. Автомашинууд хажуугаар нь зөрөхийн тулд замаас нэлээд хазайж байгаа харагдав. Хаанахын, ямар газрын захиалгаар ийм ажил гүйцэтгэж буйг нь тэднээс тодруулахад “И-март”-ын захиалгаар хашаа барих гэж байна. Тэдний эзэмшил газар гэсэн. Эндхийн оршин суугчид нь эсэргүүцээд бөөн юм боллоо. Бид энд хашаа татуулах шийдвэр гаргасан юм биш, захиалгаар ажлаа хийж байгаа туслан гүйцэтгэгчид. Нарийн ширийн зүйл мэдэхгүй” хэмээн цааргалсан юм. Харин тухайн бүсэд хэмжилт хийж байсан “Цоба”-гийн хоёр мэргэжилтэн “И-март” энд газар аваад удаж буй юм билээ. Кадастрт ч тэмдэглэчихсэн. Тус компанийнхантай зөвшилцсөний үр дүнд зорчих хэсгийг хаан, татахаар төлөвлөж байсан хашааг нь замаас зайтай бариулахаар болсон. Манай компанийн удирдлагууд иргэдийн гомдол, мэдээллийн дагуу одоо ч тус байгууллагатай яриа хэлцэл хийж байгаа” гэж ярилаа.
“Цоба” ХХК “Хадат вилла-3” хотхон руу хүрэх дэд бүтцийг эхнээсээ шийдээгүй юм билээ. Тус хотхоны оршин суугчид гэртээ очихын тулд “Хадат вилла-1”-ийн хажуугийн энхэл донхолтой өгсүүр, шороон замаар сэгсчүүлэн явдаг. Гэтэл одоо энэ зам нь хаагдаж ч болзошгүй нь. Тухайн бүсэд газар эзэмшдэг гэх компани зам хааж, хашаа барих нь цаг хугацааны асуудал болов. Байгалийн сайханд, тав тухтай орчинд амьдрахаар сууц захиалсан оршин суугчид чөлөөтэй зорчих боломжгүйд хүрч, цаг хугацаа, хөрөнгө санхүүгээрээ дахин хохирч мэдэх нөхцөл бүрдлээ. Оршин суугчдын хэлж байгаачлан “Хадат вилла-3”-ынхан замаа булаалгаж магадгүй нь. Эхнээсээ дэд бүтцээ шийдээгүй нь, өөр аж ахуйн нэгжийн эзэмшил газар тэнд байдгийг мэдсээр байж зам харгуйгаа зөв төлөвлөөгүй нь тус компанийнхны буруу юм. Тэгсэн атлаа “Харин ч бид хашааг нь замаас хол бариулахаар боллоо” хэмээн ихэрхэх нь зохисгүй.
“Цоба” ХХК амины орон сууцын хотхон байгуулахаар 2014 оноос хойш дөрвөн төсөл хэрэгжүүлсэн. “Хадат вилла-1”, “Хадат вилла-3” төслийн хүрээнд барьсан хауснуудаа цөмийг нь эзэнтэй болгосон ч ажлаа гүйцэд дуусгалгүй орхисон. Харин “Хадат вилла-2”-ын сууцууд бүрэн борлуулагдаагүй, “Хадат вилла-4”-ийг дөнгөж эхлүүлээд буй. Тэгсэн атлаа тус хотхонууд руу чиглэсэн дэд бүтцийг хэдийн шийдчихсэн. Өөрөөр хэлбэл, эл компани борлуулагдаагүй байртай хотхонууддаа илүү санаа тавьж, хөрөнгө оруулж буй гэсэн үг. Үүнд “Хадат вилла- 3”-ын оршин суугчид ихэд бухимдаж байна. Тэдний нэг нь “Цоба”-гийнхан “Хадат вилла-2”, “Хадат вилла-4” хотхон руу зам тавьчихсан. Сууцуудаа борлуулахын тулд хамаг хөрөнгөө тийшээ оруулж байна. Харин эндхийнх бүгд эзэнтэй болчихсон учраас хөсөр хаячихлаа. Манай хотхонд дор хаяж 10 сууц сул, борлуулагдаагүй байсан бол тэд замаа хэдийн шийдээд, дутуу ажлуудаа гүйцээчихнэ шүү дээ. Санал, гомдол хэлэхээр уриалгахан хүлээж аваад, шийдэж өгнө гэдэг. Ийм байдлаар аргацаагаад багагүй хугацаа өнгөрлөө. Уг нь “Хадат вилла-3” хотхон их үнэ цэнтэй, давуу тал олонтой. Гэтэл ийм үнэ цэнтэй хотхоны нэр хүндийг “Цоба”-гийнхан хариуцлагагүй үйлдлээрээ баллаж байгаа нь харамсалтай” гэсэн юм.
Харин иргэн С.Баатарсүрэн “Энэ компанийг эхнээс нь дэмжсэн. Өөрийн хүрээллийнхээ хүмүүсийг ч энд сууцтай болгосон. Миний оролцоотойгоор нийт долоон хаус борлуулсан. Гэтэл “Цоба”-гийнхан ажлаа хугацаанд нь чанартай хийлгүй урам хугалсан. Зарим нь байраа захиалаад,төсөлд хөрөнгө оруулаад таван жил хүлээсэн. Хамгийн сүүлчийнх нь хоёр жил гаруй болж байна. Өмнөх төсөл (“Хадат вилла- 3”)-өө дуусгаагүй байж дараагийнхаа ажил руу орсон. Бүх зүйл нь дутуу. Оршин суугчид үүнд сэтгэл хангалуун бус байгаа. Одоо үнэндээ хэлэх үггүй боллоо. Үнэхээр тэвчээр барагдаж байна. Шүүх, цагдаагийн байгууллагад хандах нөхцөл үүслээ. Уг нь эдний төслүүдээс хөрөнгө оруулалт хамгийн сайтай нь “Хадат вилла-3” шүү дээ. Харамсалтай нь, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, дэд бүтцээс эхлээд олон зүйлийг шийдэлгүй орхисон. Айлууд хувиасаа зардал гаргаж, ойр орчмоо тохижуулж байна. Зөвхөн өөрсдийнхөө алхах замыг засаж байна гэсэн үг. Бусад хэсэг нь тохижилтгүй, мод, чулуу хөглөрсөн байдалтай. Ямар олиг байх вэ дээ” хэмээн толгой сэгсрэн ярьсан юм.
Тус компанийнхнаас хариу тайлбар, мэдээлэл авахаар оффист нь очиж, удаа дараа холбогдсон ч татгалзсан талаар өмнөх нийтлэлдээ дурдаж байв. Тэгвэл үүнээс хойш дахин нэг удаа очсон ч мэдээлэл авч чадсангүй. “Цоба” ХХК-ийн барилга хариуцсан захирал Ц.Амарболд энэ сарын 2-нд “Хадат вилла-3”-ын оршин суугчдыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр түүнээс хариу тайлбар авах хүсэлт тавихад татгалзлаа. Тэрбээр оршин суугчидтай тодорхой зөвшилцөлд хүрч, ирэх (энэ) долоо хоногт багтаан шийдтэй хариу өгнө гэж ам гарчээ. Гэвч өчигдрийн байдлаар лав ямар нэг нааштай хариу, албан ёсны мэдэгдэл өгөөгүйг оршин суугчид хэлэв.