Медиа салбарын нөлөө бүхий хүн болох Руперт Мердок “Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байна. Том нь жижгээ дийлдэг цаг өнгөрлөө. Харин хурдан нь удааныг давдаг эрин үе эхэлсэн” гэж хэлэв. Технологи болон хэрэглээнээс үүдэн олон улсын медиа зах зээл маш хурдацтай өөрчлөгдөж байна. Тэнд олон задарсан юм уу, маш олон тоглогч байгаа мэт харагдавч цөөхөн гигант компанийн дунд өрсөлдөөн өрнөж байна. Тэгвэл дэлхийн медиа зах зээлд бидний хэрэглэж буй кино, мэдээ, энтертайнментийг хүргэдэг хамгийн том ямар компаниуд байдгийг харцгаая.
10. FOX CORPORATION
Дэлхийн хамгийн том 10 медиа компанийн аравт нь бидний хамгийн сайн мэдэх нэр багтдаг байна. Цомхон гэмээр шинэ “Fox corporation”-ийг 2019 онд Руперт Мердок үүсгэн байгуулжээ. Мэдээ, спорт, бизнесийн мэдээллийн “Wall street journal”, “Dow jones” болон энтертайнмент хэсэгтэй. “20th century studio” гэх алдарт хэсгийг нь “Walt Disney” компани 2017 онд худалдан авснаар кино үйлдвэрлэлийн салбарт “Fox” гэх брэнд нэр төгсгөл болсон аж. Одоогоор кино үйлдвэрлэлийн салбар дахин байгуулаагүй буй ч телевиз болон интернэтийн салбарт түлхүү анхаарал хандуулах стратегитай байна. 15 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй тус компани нь АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй.
9. WARNER BROS. DISCOVERY
2022 оны дөрөвдүгээр сард шинэчлэн байгуулснаас хойш гигантуудын жагсаалтад багтсан хамгийн залуу компани. Гэхдээ маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна. Телевиз, киноны салбар, хөгжим, видео тоглоом гэхчлэн бизнес чиглэлээс гадна олон нийтийн сайн мэдэх NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглолтууд, бейсболын лиг, гольфын сувагтай. Монголд цацагддаг “Food network” болон “Food channel” хоёулаа тэдний эзэмшлийнх аж. 28.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй тус компани мөн л АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй.
8. ЛИБЕРТИ ГЛОБАЛ
Америкийн Денвер хотноо 2005 онд үүсгэн байгуулсан бөгөөд эдүгээ Лондон, Денвер, Амстердамд оффистой. Дэлхийн 18 орны 23 мянган өрхөд хүрсэн гээд тооцвол яахын аргагүй энэхүү жагсаалтад багтана. Харин үйл ажиллагааны хувьд харилцаа холбоо, интернэт, үүрэн холбоо, кабелийн телевиз, хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн алдартай компани нь “DirecTV” буюу Монгол Улсын нэг жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний орлогоор хамгийн өндөр ашиг авчирдаг ажээ.
7. DISH NETWORK
1980 онд анхлан “Экостар” нэртэйгээр байгуулсан. “Digital sky highway” үгийн товчлол болох “DISH network” нэрээр 1998 онд солигджээ. Хиймэл дагуулын үйлчилгээ голчлон үзүүлдэг ч үүрэн холбоо, телевиз, кабелиас гадна дижитал медиа, OTT платформоос их ашиг олдог байна. АНУ-ын NASDAQ биржид нээлттэй арилждаг тус компанийн төв нь АНУ-ын Колорадо муж улсын Меридиен хотод байрладаг байна.
6. НАСПЕРС ЛИМИТЕД
Америкийн компаниуд давамгайлсан медиа гигантуудын эгнээнд буй ганцхан Америкийн бус буюу Өмнөд Африкийн компани бол “Насперс лимитед”. Гэхдээ үйл ажиллагаагаа нэлээд эрт, 100 гаруй жилийн түүхтэй аж. Ном, сэтгүүл, хэвлэмэл сонин, 1980-аад оны дунд үеэс эхлэн телевизийн салбарт ажиллажээ. “Медиа24” болон “Просус” компаниар дамжуулан Африкийн хамгийн том хэвлэн нийтлэгч болсон байна. Том компаниуд хурдацтай өөрчлөгдөн, технологи, медиа салбарт хүч түрэн орж болдгийг харуулсан компани бол “Насперс” гэж хэлж болно.
5. PARAMOUNT GLOBAL
Түүхийн хувьд хамгийн гигант компаниудын нэг гэж болох тус компанийг Шари Редстоун болон Боб Бакиш нар 2019 онд шинэчлэн байгуулжээ. Ном хэвлэл, хөгжим, кино үйлдвэрлэл, телевиз болон дижитал гээд маш өргөн хүрээтэй салбарт төвлөрч үйл ажиллагаа явуулдаг байна. Тэр ч байтугай хүүхдийн парк хүртэл ажиллуулдаг. Телевизийн CBS групп, хүүхэд, залуучуудын сайн мэдэх MTV зэрэг эдний харьяанд байдаг олон брэндийг нэрлэж болно. Нийт 180 гаруй оронд 700 орчимсая хүнд хүрдэг, 10 тэрбум ам.долларын үнэлгээтэй гээд харвал гигантуудын жагсаалтад яах аргагүй орох нь зүйн хэрэг.
4. NETFLIX
Жагсаалтын дөрөвдүгээрт монголчуудын сайн мэдэх болсон “Netflix” компани багтжээ. Сүүлийн жилүүдэд агуйд амьдраагүй л бол “Netflix” компанийн талаар сонсоогүй, мэдээгүй хүн гэж үгүй. Бараг медиа салбарын мангас гэж хэлэхүйц тэлээд байна. 1997 онд DVD түрээслэх, борлуулах үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани технологийн өөрчлөлт, боломжийг гарамгай мэдэрсэн гэдэг. 2007 оноос эхлэн видео стрийминг үйлчилгээ үзүүлж эхэлснээр эдүгээ дэлхий даяар 220 сая гаруй захиалагчтай болж, зах зээлийн үнэлгээ нь аль хэдийн 160 тэрбум ам.доллар даваад байна.
“Netflix” компани ямар үйлчилгээ үзүүлдгийг бусадтай нь харьцуулахад туйлын хялбар. Уран сайхны, баримтат болон тусгай кино контент, телевизийн төлбөртэй нэвтрүүлгийг интернэтээр дамжуулан хүргэнэ. Гар утас, гэрийн ухаалаг зурагт гээд бүхий л платформоор дамжуулан ойлгоход хялбар захиалгаар үйлчилнэ. Ийм хялбар бизнес загвар гэхэд тэд туйлын амжилттай явсаар 26 жилийн дотор дэлхийн гигант медиа компани болтлоо хөгжжээ. Бас л Америкийн компани бөгөөд Калифорни муж улсын Лос Гатос хотод төвлөрдөг.
3. ЧАРТЕР
Дэлхийн топ гурван медиа компанийн нэг болсон “Чартер” компани нь “Netflix”-тэй харьцуулахад баялаг цуглуулгатай. Кабелийн болон дижитал телевиз, интернэт, утсан холбоо гээд бараг л бүх үйлчилгээг “Чартер” компани багтаасан байдаг. Бас л харьцангуй залуухан буюу 1993 онд Америкийн Сэйнт Луйс хотод гараагаа эхлүүлжээ. Нэг хэсэг медиа салбарын нөлөө бүхий том од компани гэгдэж байсан “Time warner cable” компанийг 2016 онд 78.7 тэрбум ам.доллароор худалдан авч, дуулиан бүхий хамгийн том хэлцлийг хийж байв. Учир нь тухайн үед тус компани нь Америктаа хоёрт орох медиа компани байлаа. Өмнөх жил нь “Time warner cable” компанийг АНУ-ын “Comcast” худалдан авахаар тохирсон ч АНУ-ын Засгийн газраас хэт том компани бий болно гэх болгоомжлолоос үүдэн зөвшөөрөл өгөөгүй учир хэлцлээ буцаажээ.
2. WALT DISNEY
Монголчуудын хамгийн сайн мэдэх Мики хулгана болон Диснейлэнд паркийн толгой компани. Энэ онд тус компанийн 100 жилийн ой тохиож буй. Анх 1923 онд ах дүү Уолт болон Рой Дисней нар үүсгэн байгуулжээ. Калифорни муж улсын Бурбанк хотноо төвтэй “Уолт Дисней” компани нь эдүгээ бидний сайн мэдэх олон киног хийсэн. 1984 онд агуу Майкл Эйснер “Уолт Дисней”-гийн захирал болсноор бизнесийн ертөнцөд “Диснейгийн сэргэн мандалт” гэж нэрлэгдсэн үйл явц өрнөжээ. Дэлхийн нэр хүнд бүхий бизнесийн сургуулиудад ч тухайн компанийн түүхийг жишээ болгон судалдаг байна. Тус компанийн эгнээндээ нэгтгэсэн, худалдан авсан, засаж сайжруулсан брэнд, компанийг нэрлэвэл тоо томшгүй олон. Мөн “Fortune 500” буюу дэлхийн хамгийн том нээлттэй компаниудын жагсаалтад “Уолт Дисней” 53-т жагсдаг байна. Спортын ESPN, кабелийн ABC сувгууд, “Төмөр хүн”, “Авенжерс”-уудыг бүтээсэн “Marvel” студи, “Pixar” кино студи, аяллын “National Geographic”-аас эхлээд “GoPro” камер үйлдвэрлэгч хүртэл 150 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Уолт Дисней” компанийн гэр бүлд багтдаг.
1. COMCAST
Жагсаалтын тэргүүнд “Comcast” бичигдэж байна. Тус компани нь зөвхөн АНУ-ын төдийгүй дэлхийд хамгийн томд тооцогдож буй аж. 1963 онд Миссисипи муж улсын Тупело хотод үүсгэн байгуулсан бөгөөд хэдэн жилийн дараа Америкийн Пенсильвани муж улсын Филадельфиа хот руу төвөө шилжүүлжээ. Дэлхийн медиа компаниуд “Comcast”-ыг авгайлан “Том аав” гэж нэрийддэг байна. Хамгийн том гэдэг нэрийг авах хэцүү гэдэг ч тус компанийн хувьд заримдаа хэт том гэж шүүмжлүүлэх нь ч бий. Ийм учраас АНУ-ын Засгийн газар тэдний худалдан авах болон онилж буй бүхий л компанийг нухацтай хардаг байна. Телевизийн сүлжээ, кабелийн телевиз, өндөр хурдны интернэт үйлчилгээ, үүрэн холбоо гээд салбар нь маш өргөн. “Universal studio theme park”, “Трансформерс” киног гаргасан “Universal movie studio”, мөнгөний боловсролын алдарт CNBC суваг, “Minions” цувралыг гаргасан “Illumination studio”, алдарт Шрек болон Фионагийн үлгэр, “Күнфү Панда”-г бүтээсэн “DreamWorks” студи гээд дурдаад байвал тун урт жагсаалт гарна. Монголчуудын сайн мэдэх “Шарк танк” болон “Аппрентис” цуврал ч мөн энэ компанийнх аж. Эдүгээ тус компанийн зах зээлийн үнэлгээ 167 тэрбум ам.долларт хүрсэн байна.