Тайландын Районг хотод засмал замын дугуйн Азийн АШТ энэ сарын 7-нд эхэлнэ. Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монголоос УАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид хурд сорих юм. Парисын олимпын эрх олгох дээрх тэмцээнд 42 улсын тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Улсын шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн элит ангилалд ОУХМ С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нар өрсөлдөхөөр Япон, БНХАУ-д хамтарсан бэлтгэл хийж буй аж. Тэднээс нэг нь эхний хоёр байрт шалгарвал Францыг зорих эрх авах юм. Монголын эрэгтэй дугуйчдаас Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших агсан 2001 онд эл тэмцээний ганцаарчилсан уралдаанд удаалсан бол өнгөрсөн жил С.Жамбалжамц бөөн гараатай тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Мөн эмэгтэйчүүдээс Т.Энхжаргал 2013 онд ганцаарчилсан төрөлд түрүүлж, 2014, 2015 онд III байр эзэлжээ. Сонирхуулахад, дэлхийд чансаагаараа 21-45 дугаар байрт бичигдсэн улс Парисын олимпын нэг эрх авах нь. Манай улс одоогоор 32 дугаар байрт жагсаж буй. Хэрэв энэ эрэмбээ он дуустал хадгалбал олимпын наадамд уралдах боломжтой.