Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Эгэл баатар” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин “Хүмүүс” буландаа “УБТЗ” ХХН-ийн Улаанбаатар Татах хэсгийн Техник Үзлэгийн цехийн Цахилгаан Явах ангийн группийн засварчин Б.Наранзулыг онцолж байна.
Түүнтэй спортын тэмцээн уралдаан, донорын өдөрлөг дээр байнга шахам таардаг болсноос хойш 20 шахам жил өнгөрчээ. Гэрэл зурагт үнэнхүү дуртай тэрбээр манай спортын гэрэл зургийн томоохон төлөөлөгчдийн нэг.
Цалингийн зээл тавиад хамгийн сүүлийн үеийн үнэтэй камер, дуран болгоныг авдаг “үрэлгэн” хүн. Тэгсэн атлаа хөл дүүжлэх унаагүй. Авсан зургаа хүмүүст, тамирчдад зүгээр л хуулаад, эсвэл угаалгаад бэлэглэчихдэг гар султай нөхөр. Түүнтэй саяхан уулзаж тухтайхан хууч хөөрлөө.
Гэрэл зурагт хорхойтой болоход нь Монголын кино урлагийн анхдагчдын тоонд аргагүй багтах зураглаач, дууны оператор Сэрээтэрийн Дэмбэрэл өвөө нь маш их нөлөөлсөн ажээ. Б.Наранзул “Бага байхад Төв музейд өвөөгийн маань малгайгаа хойш нь харуулж өмсөөд камераа барьсан гэрэл зураг байдагсан. Даанч Төв музейг Байгалийн түүхий музей болгож үзмэрүүдийг нь солиход зураг нь алга болсонд харамсдаг. Өвөө маань Монголын анхны уран сайхны "Монгол хүү” кинонд зурвасхан ч гэсэн дүрээ үлдээсэн. Шороотын Цэвээнийг шоронгоос оргоход нь тусалдаг хоёр хүний нэг нь манай өвөө. Тэр үед уг кинонд дагалдангаар ажиллаж байсан гэсэн.
Миний өвөө 1916 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Холбоо гэдэг газар төрсөн. Улаан-Үдийн монгол Рабфак сургууль, Эрхүүгийн Эдийн засгийн техникумд сурч байгаад нутагтаа ирээд Кино зургийн хороонд хуваарилагдсан гэсэн. “Норжмаагийн зам”, “Сүрэг чоно”, “Анхдугаар хичээл” зэрэг киноны зураглаач, “Сүхбаатар” киноны дууны оператораар ажилласан өвөөгөөрөө бахархдаг” хэмээн өгүүлсэн билээ.
Мөн “Би сургуульд байхдаа хальсны аппаратаар зураг авдаг байсан. Одоогийн хүүхдүүд сайн мэдэхгүй байх. Хальс нь тоотой болохоор зураг авахад ур чадвар шаардана, түүнийгээ боловсруулна гэдэг нарийн. Дараа нь нэг, хоёрдугаар хорондоо улаан гэрлээр шарж боловсруулдаг ажиллагаа ихтэй байсан. Сонирхол нэгт найзуудтайгаа нийлээд зургаа угаадагсан. 2007 онд дижитал аппараттай болсноос хойш зургаа илүү идэвхтэй авч эхэлсэн. Тэгээд байгалийн зураг, макро зураг, хөрөг гээд л олон төрлөөр оролдож үзлээ. Олон ч аппарат барилаа. Харин одоо спортын буюу хөдөлгөөнтэй зураг арай түлхүү авч байна. Ер нь боломж л гарвал зураг авдаг. Өдөр болгон л албатай юм шиг аппаратаа үүрээд гардаг” гээд инээсэн.
Түүний урын санд зөвхөн төмөр замтай холбоотой 100 мянга гаруй зураг байдаг аж. 1992 онд 16 настайдаа УБТЗ-ийн Улаанбаатар Татах хэсэгт туслах ажилчнаар орсноос хойш тэндээ 31 дэх жилдээ ажиллаж байгаа болохоор арга ч үгүй биз.
Б.Наранзул дөрвөн хүүхдийн аав. Тэднийхээ спортын хүсэл сонирхлыг дэмждэг, өөрөө ч шаггүй тамирчин. Теннис, сагсанбөмбөг сайн тоглоно, бодибилдингээр хичээллэнэ. Ширээний теннисний хоёрдугаар зэрэгтэй тамирчин том хүүгээ УАШТ-ний багийн төрөлд мөнгөн медаль аваад ирэхэд нь “Аав нь цэрэгт явж чадаагүй. Миний хүү эр цэргийн алба хаагаад ир” гээд явуулсан түүний амьдралын философи олон аавд үлгэр дууриал болоосой. Мөн 38 дугаар дунд сургуульд сурч байгаа бага хүү, охин хоёр нь гар бөмбөгөөр хичээллэдэг. Аавд нь хүүхдүүдийнх нь спортын замналын бүх зураг бий. Хүүхдүүдээ тэмцээн уралдаан болгон дээр дагаж явдаг хариуцлагатай аав.
Нийтлэлийн баатар маань эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аврах донорын үйлсэд нэгдээд 20 гаруй жил болж байгаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулсан арга хэмжээ болгон дээр сайн дураараа зургаа аваад явж байдаг нь үүнтэй холбоотой.
Анх 111 кг жинтэй, даралт өндөртэй, байгууллагынхаа эмчийн хяналтанд байснаа 2016 оноос хойш "Олимпус фитнесс" клубт хичээллэснээр 20 кг жин хасч, цусны даралт нь ч хэвийн хэмжээнд очжээ. Цусаа тогтмол өгөхөөр даралт нь хэвийн болж, бие хөнгөрч, сэтгэл сэргээд ирдэг гэнэ.
“Би IV бүлгийн цустай. Байнгын доноруудын долоохон хувь нь энэ бүлгийн цустай. Миний цус ховортоо ордог учраас илүү үнэ цэнтэй гэж хэлж болно. Нэг удаагийн өгсөн цусаар гурван хүнд амьдрал бэлэглэдэг гэж үзвэл нийт 338 орчим хүнд миний цус хэрэг болсон болов уу. Нийт 20 шахам жил цусаа өгсөн гэхээр өнөөдрийн байдлаар 146 удаа цус болон цусан бүтээгдэхүүнээ авлагагүйгээр бэлэглэсэн байна. Литрээр бол 70 литр орчим болсон шүү.
Манай улс 2004 онд авлагагүй сайн дурын цусны донорын эгнээнд элссэн. Ингэснээр цусаа өгснийхөө төлөө шан харамж авахгүй, хүмүүнлэг энэрэнгүй, сэтгэлээсээ өгдөг. Бас иргэний үүргээ биелүүлж байгаа гэсэн үг. Сайн сайхны төлөө мөнгөөр орлуулшгүй зүйл бол цусаа өгөх гэж боддог доо.
Шинжлэх ухаан, техник технологи хэдий өндөр хөгжсөн ч хүн төрөлхтөн цус орлуулах бүтээгдэхүүнийг зохиомлоор гаргаж чадаагүй, мөн цусыг удаан хадгалах аргыг нээж чадаагүй байгаа учраас цусны донор гэдэг яах аргагүй чухал. Тиймээс ч цусны донорыг тоог нэмэгдүүлэх, алдаршуулах үүднээс Цусны донорын өдөр гэж тэмдэглэдэг. Монгол Улсын цусны албаны хэмжээнд 150 мянга гаруй цусны донор байдгаас идэвхтэй 36 мянган донор бий гэсэн тоо судалгаа байдаг. Доноруудыг Топ, Алт, Мөнгө, Хүрэл гэж алдаршуулдаг. 200 болон түүнээс дээш бол Топ донор, 150-иас дээш удаа цусаа өгсөн бол Алтан донор, 100-аас дээш удаа цусаа өгсөн бол Мөнгөн донор, 70-аас дээш бол Хүрэл донороор алдаршуулдаг. Миний хувьд 2019 оноос Мөнгөн донорын болзлыг хангаад явж байна. Цаашид олон хүнд амьдрал бэлэглэж Алтан донор болохсон гэж боддог. 35-аас дээш удаа цусаа өгсөн бол “Хүндэт донор”, 10, 20 удаа цусаа бэлэглэсэн бол “Бахархал”-ын эзэн болдог. Анх "Бахархал"-ын эзэн болоод маш их баярласан. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалийн эзэн болохдоо буянтай сайхан үйл хийж яваадаа маш их бахархсан. 120 ба түүнээс дээш удаа цусаа авлагагүйгээр хандивласан донорууд энэхүү медалийг хүртдэг болсон билээ.
Хүнд нөхцөлд ажилладаг учраас гурван жилийн дараа тэтгэвэрт гарах эрхэм маань одоо дөрвөн удаа цусаа өгөхөд “Алтан” донор болох юм байна.
Би түүнийг элдэвтэй атлаа төлөв даруухан хүн гэж боддог. Тэвчээр зааж архи, тамхинаас бүрэн татгалзаад 10-аад жил болж байгаа. Тэрбээр “Харцага минь найз нь залуу хүүхдүүд архи тамхи их хэрэглэж байгаад санаа зовох юмаа. Хүний амьдралд архи, тамхи шиг илүүц зүйл алга. Түүнээс татгалзаж чадсан хүний амьдрал ахуй, ажил төрөл үргэлж сайн сайхан явна. Би үр хүүхдүүд, найз нөхөд, эргэн тойрны хүмүүстээ аль болох зөв үлгэр дуурайлал болохыг хичээдэг. Харин хүмүүс хэр их анзаардаг юм бол доо. Ер нь эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, байнга дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх хэрэгтэй” гэж учирласан юм.
Б.Наранзул шиг ийм эгэл атлаа буянтай, зөв хүн олон байгаасай. Харин түүнийг бусад хүн хэр их анзаардаг юм бол доо.