Өнгөрсөн жил зохион байгуулахаар товлосон ч цар тахлын улмаас хойшлуулсан Ази, Номхон далайн орнуудын мастеруудын II наадам энэ сарын 12-20-нд БНСУ-ын Жонбүк хотод боллоо. Тус наадмын спортын 16 төрөлд ур чадвараа сорьсон Монголын тамирчдаас олонх нь медалийн тавцанд зогсов. Наадмын сүүлийн өдрүүдэд гольфын төрөлд өрсөлдсөн тамирчдаас 45-55 насныхны ангилалд Б.Мягмарсүрэн мөнгө, А.Тамир хүрэл, 65-75 насныхнаас Н.Цогтоо хүрэл медаль хүртжээ. Тэгвэл бадминтоны ганцаарчилсан төрөлд 45 насныхнаас Ц.Лхагва (Налайх дүүрэг), Л.Батцэцэг, Р.Эрдэнэбилэг (Дархан-Уул аймаг), 55 насныхад Т.Долгормаа нар хүрэл медальтнуудын тоог нэмсэн юм. Дасгалжуулагч Ш.Баясгалан, Д.Алтантуяа, Л.Бадамсүрэн нарын удирдлагад жүдочид хүч сорив.
Эмэгтэйчүүдээс 70 кг-д А.Мөнх-Ундрах (35 нас) 63 кг-д М.Эрдэнэчимэг (40), 63 кг-д О.Алтантүлхүүр (45), 52 кг-д Ц.Эрдэнэчимэг (50), 63 кг-д Н.Цэвэгмэд, 70 кг-д Б.Болорцацрал, 78 кг-д Л.Баярмаа нар түрүүлсэн байна. Эрэгтэйчүүдээс 73 кг-д Н.Баасанжаргал (35), 90 кг-д Л.Амаржаргал, С.Өлзийбаяр (40) нар эхний гурван байрт шалгарлаа. Хүнд жинд зодоглосон бөхчүүдээс +100 кг-д Б.Гэрэл тэргүүлж, 66 кг-д Б.Батжаргал аман хүзүүдэж, 90 кг-д Н.Баясгалан (45 нас) хүрэл медальтай эх орондоо ирэх нь. 50 насныхнаас 60 кг-д Г.Баатарсүрэн, 55 насныхнаас 73 кг-д М.Гүнтэвдорж нар өрсөлдөгчдөө буулган авч, алтан медалийн эзнээр тодров. Буудлагын төрөлд онч сорьсон манай мастеруудаас гурван аварга төрсөн.
ОУХМ Н.Цэрэндолгор, И.Галаа, Ц.Мөнх-Эрдэнэ нар авьяас, туршлагаараа илүүрхэж алт, ОУХМ Д.Энхтогтвор мөнгө, спортын дэд мастер Б.Оролжав хүрэл медаль зүүж тэмцээнээ амжилттай өндөрлүүлжээ. Манайхан өмнө нь Малайзын Пенанг хотод 2018 оны есдүгээр сарын 7-15-нд болсон Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхдугаар оролцохдоо спортын 22 төрлөөс наймд нь 65 улсын 6500 гаруй тамирчинтай өрсөлдөж байв. Өнгөрсөн амралтын өдөр болсон хаалтын ажиллагааны үеэр зохион байгуулагчид 2026 онд зохион байгуулах III наадмын тугийг АНЭУ-ын Абу-Даби хотын төлөөлөгчдөд ёслол төгөлдөр гардуулан өгчээ.