Өнөөдөр нийгэмд хамгийн нэр хүнд муутай салбар бол улс төр, сэтгүүл зүй болсон. Улстөрч болгон хулгайч, луйварчин, сэтгүүлч болгон шантаажчин. Үгүйсгэх аргагүй. Улс төр, сэтгүүл зүй хоёр зарчмаа, ёс суртахуунаа, хууль дээдлэх ёсоо умартан, давах ёсгүй хэм хэмжээ, хил хязгаараа давж нэг “хөнжил”-д орж, нэгэн дээвэр дор 30 жил амьдарсны үр дүн. Бие биеэсээ холын холд оршиж, бие биедээ нүд цавчилгүй хяналт тавьж байх ёстой салбарууд шүү дээ. Гэтэл төр нь улам хэвлэл мэдээллийн байгууллага шиг, хэвлэл нь төрийн сурталчилгааны байгууллага шиг л болоод байна. Төрийн данхар хэвлэлийн албад сэтгүүл зүйн салбарыг бүрэн “эзэлж”, хяналтаа тогтоон зөвхөн өөрсдийн хүссэн мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа нь иргэдийн мэдэх эрхэд бүдүүлгээр халдаж, бодит мэдээлэл авах боломжийг хааж, тэдний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг илт зөрчиж байна. Уг нь сэтгүүл зүй хуультай, тоглоомын дүрэм нь тодорхой салбар.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 1998 оны наймдугаар сарын 28-нд УИХ батлан, өнөөдөр хүртэл мөрдөгдөж буй. Сэтгүүл зүй, тэр тусмаа өдөр тутмын сонин дээдлэх ёс зүйтэй, мөрдөх хуультай, дагах зарчимтай, биелүүлэх үүрэгтэй. Мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эх сурвалжаа нууцлах гээд эрх ч бас бий, бий. Сэтгүүл зүйн зарчим нь бодит үнэнд аль болох ойртуулах, нийцүүлэх, шуурхай хүртээмжтэй байх, ил тод, олон ургалч үзлийг эрхэмлэх гэх мэт.
Сэтгүүл зүйн нийтлэг үүрэг нь мэдээлэл түгээх, мэдлэг олгох, бодит байдлыг тусгах, нийгэм, системийг бүхэлд нь ойлгож таних, удирдахад тустай мэдээлэл дамжуулах, хүмүүсийн хооронд мэдлэг, мэдээлэл солилцох хэрэгсэл байх, олон түмний санаа бодлыг аливаа нэг цогц асуудлаар төлөвшүүлэх үүрэгтэй. Товчхондоо энэ үүргээ төрийн хэвлэлийн албатай ч, албагүй ч биелүүлээд л явна. Шүүмжлэх зүйлээч шүүмжилнэ. Дэмжих зүйлээ ч дэмжинэ. Гэхдээ шүүмжлэх, сөрөхийн тулд шүүмжлэх нь сэтгүүл зүйн, тэр тусмаа өдөр тутмын сонины зарчим биш. Хуулийн хүрээнд л ажиллаж буй хэрэг. Дахин хэлье. Зөв бодлогыг нь олон түмэнд хүргэхээр манай даргыг магтлаа гэж баясдаг, бодит байдлыг нь, болохгүй байгааг нь бичихээр манай даргыг шүүмжиллээ гэж утасддаг хэвлэлийн албатай, албагүй сэтгүүлчид ажлаа ч хийж байна. Бас хэвлэл мэдээлэл нь буяны байгууллага биш учраас магтуулмаар байвал мөнгөө төлөх нь шударга бизнесийн л зарчим. Мэдээж хуулийн хүрээнд. Эрх баригчид өөрсдийн баталсан хуулиа хэрэгжүүлдэг, ягштал биелүүлдэг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байх ёстой.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалт бий. Гэтэл Батлан хамгаалах салбарт “Дуулга” студи, “Соёмбо” сонин, ХХЕГ-ын “Эх орны манаа” сонин, бусад яам агентлагийн эрхлэн гаргадаг мэргэжлийн гэх сэтгүүл, сонин чинь хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш гэж үү? Санхүүжилт нь татвар төлөгчдийн мөнгө биш юм уу? Яам, агентлагууд төрийн байгууллага биш үү? Төрийн байгууллагууд өөрийн эрх мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгаа нь хууль зөрчиж байгаа биз дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба долоо, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар 16, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар хэвлэл мэдээллийн 17 ажилтантай, яамд, агентлагууд тус бүр гурваас дээш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийнхний хийх ажлыг төрийн байгууллагуудын хэвлэлийн албаныхан хийдэг. Тэр ч утгаараа хэвлэл мэдээллийнхнийг өөрсдийн хэвлэлийн алба шиг ойлгодог, үүрэг даалгавар өгдөг, тав, арван төгрөг, таваг хоолоор тал тохой татдаг. Хэвлэлийн эрх чөлөө хаана байна? Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр тусмаа өдөр тутмын сонин нь төрийн байгууллагын, Засгийн газрын хэвлэлийн алба биш гэдгийг хэзээ ойлгох вэ.
Бэлтгэсэн: Б.Баярмагнай