Грек улсын Родес хотод өнгөрсөн сарын 13-23-нд зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д манай шатарчид 55 орны 530 гаруй тамирчинтай зургаан насны 12 ангилалд оюунаа сорьсон. Тэднээс Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч Б.Буянхишиг охидын 11 насны ангилалд түрүүлсэн юм. Спортын босго өндөр. Ямар ч хүнд амжилт амархан ирдэггүй. Шавийнхаа ур чадварыг богино хугацаанд ахиулж, шилдгүүдийн эгнээнд багтаахад Дэлхийн шатрын холбооны мастер, “Стейниц” шатрын академийг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Г.Мөнхбаярын хичээл зүтгэл багагүй нөлөөлжээ. Тэрбээр дэлхийн аварга цолтон төрүүлсэн Монголын дасгалжуулагчдаас насаар хамгийн залуу нь. Родес хотын шатрын хөлөг дээр түүхэн амжилт гаргаж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн багш, шавь хоёрыг зочноор урилаа.
-Тэмцээн болох газрын уур амьсгал хөл тавьсан цагаас мэдрэгддэг гэж ярьдаг. Грекийн Родес хот ямар бодол төрүүлж байв?
Г.М: -Миний хувьд шавь нартайгаа хилийн дээс алхсан тав дахь тэмцээн байлаа. Аварга болох тамирчнаас тэмцээний өмнө олон зүйл ажиглагддаг. Биеэ авч яваа соёл, хоол ундаа зохицуулж буй байдал, нөхдөдөө хандах хандлага, өөртөө итгэлтэй байх нь амжилт гаргахад нөлөөлнө. Б.Буянхишигээс энэ бүхэн анзаарагдсан тул дэлхийн аварга болох нь гэсэн итгэл төрсөн. Тэрбээр энэ удаа тус хотод болсон сурагчдын ДАШТ-д түрүүллээ. Хүүхэд бүрийн зан чанар, хандлага, гэр бүлийн соёл өөр. Тэдний онцлог байдалд нь тохируулан бэлтгэл хийлгэх нь өөрөө тамирчин байхаас амаргүй. Дасгалжуулагч тэмцээний үед тамирчдадаа гэр бүлийнхнээс нь дутахгүй анхаарал хандуулна. Тэднийхээ амжилтын төлөө завгүй ажиллаж, хааяа нойргүй хонох надад сайхан санагддаг.
Б.Б: -Грекийн Родес хотод хөл тавихад бүх зүйл нь сайхан санагдсан. Тэр дундаа хоол нь амттай байлаа. Миний хувьд тэмцээн эхлэхийн өмнө нэг их сандарч догдлоогүй. Монголд болсон шатрын хоёр ч томоохон тэмцээнд өмнө нь оролцсон тул тайван байлаа. ДАШТ-д улс бүрээс шалгарсан шилдгүүд өрсөлдсөн. Эхний өдөр Туркийн тамирчинтай тоглож, алдаа гаргахад нь өөрийнхөө тактикт оруулж хожчихоод сэтгэл жаахан уужирч билээ. Маргааш нь Сингапурын шатарчинтай таарсан. Тэрбээр ширүүн довтолсон ч сандарч, буруу нүүдэл хийснээрээ ялагдсан юм.
-Шавийг тань сүүлийн өргийн тоглолтоос өмнө аваргын болзол хангасан гэж сонссон. Тэр үед таны сэтгэл догдолж, огшсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Г.М: -Би есөн жилийн өмнө шатар сонирхогчдын дэлхийн аварга болохдоо нэг их баярлалгүй, тайван байснаа одоо ч санадаг юм. Харин дасгалжуулагч болсны дараа шавь нараа томоохон тэмцээнээс медаль хүртэхэд нь өөрийн эрхгүй сэтгэл догдолж байна. Өнгөрсөн жил И.Цэлмүүнийг мөнгөн медаль хүртэхэд нь баярын нулимс унагаж байв. Тухайн үед есдүгээр өргийн дараа түүнийг яасан бол гээд сэтгэл түгшиж суусан юм. Тэр тэмцээн надад дэлхийн аварга төрүүлэхэд нэг алхам дутуу байгааг ойлгуулсан. Энэ жил Б.Буянхишигийг ДАШТ-ий мөнгөн медальт Туркийн тамирчин Бассари Сенем Гултай тоглоход нь сэтгэл түгшиж байлаа. Тэрбээр өмнө нь хэзээ ч тоглож үзээгүй гараагаар тоглосон. Түүнийг надаас “Багш аа, тэнцэх үү” гэж асуухад нь “Чамайг ингэж асуухад өрсөлдөгч чинь сэтгэл зүйн хувьд хүчтэй болно. Тэнцье гэж тоглохоор хожигддог юм. Тиймээс хожлын төлөө тогло. Тэнцээ байвал тэнц” гэж зөвлөсөн. Шавиа сүүлийн өргийн өмнө аваргын болзол хангахад их баярлаж, тэнд байсан хүмүүстэй баярыг нь хамгийн түрүүнд хуваалцсан даа.
Б.Б: -Надтай өрсөлдсөн шатарчдаас наймдугаар өрөгт тоглосон Бассари хамгийн хүчтэй нь байлаа. Багш түүний өргийг хараад “Ур чадварын хувьд чамаас илүү биш. Өмнө нь түүний ямар байсан нь хамаагүй. Одоо ямар байгаа нь чухал. Тиймээс алдартай нь бус, өөртэй нь тогло” гэж зөвлөсөн. Родес хотод зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д багш, академийнхаа хоёр тамирчинтай оролцсон минь мартагдахааргүй сайхан дурсамж үлдээлээ. ДАШТ-ий шагналын тавцанд алтан медалиа зүүгээд зогсож байхдаа сэтгэл их догдолсон. Намайг дэлхийн аварга болоод ирэхэд аав, ээж, эмээ нараас минь гадна манай сургуулиас төлөөлж хоёр хүн угтан авч баяр хүргэсэн.
-Багш, шавь хоёр хэзээнээс барилдлага тогтоож, амжилтын төлөө хамтдаа тэмүүлэх болов?
Б.Б: -Таван настайдаа шатар анх сонирхож, Говь-Алтай аймгийн шатрын сургуулийн дасгалжуулагч Ч.Ядамсүрэн багшийн удирдлагад найман нас хүртлээ хичээллэсэн. Улаанбаатар хотод 2017 онд болсон “Цодгор хүү” өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртсэн юм. Тэр жилээ хот руу шилжин ирж, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 5б ангид сурдаг. Зун өвөөгийндөө аав, ээжтэйгээ амрахаар очсон юм. Өвөө цахим хуудаснаас Г.Мөнхбаяр багшийн “Стейниц” шатрын академид хүүхэд элсүүлэх тухай мэдээллийг олж хараад хичээллэхийг зөвлөсөн. Тэр үед “Хос мастер” клубийн дасгалжуулагч Н.Энхнасан багшийн удирдлагад нэг жил хичээллэсэн ч амжилт хараахан гаргаагүй байлаа. “Стейниц” шатрын академид хөл тавьснаас хойш ур чадвар минь өмнөхөөсөө ахисан. Миний хувьд багшийнхаа удирдлагад үргэлжлүүлж хичээллээд хоёр жил болж байна.
Г.М: -Түүний аав, ээж надтай ирж уулзахдаа манай академид хичээллүүлэх талаар ярилцсан юм. Би түүнийг өөрийнхөө ангид эхэлж аваагүй. Багш нартаа хүлээлгэж өгөөд бэлтгэл хийлгэхэд тэрбээр хичээл зүтгэл, хөдөлмөрч зангаараа бусдаасаа ялгарсан. Надад одоо хөдөлмөрч зан чанар нь хамгийн түрүүнд харагддаг. Эцэг, эхчүүд багшид нь хүүхдийнхээ ур чадварыг таниулахыг хүсвэл дэмжих хэрэгтэй. Шавь минь академид хөл тавиад хоёр жил болохдоо олон шат дамжиж, миний шавь болсон. Хичээллэсэн түүхийг нь сонирхоход УАШТ-ээс нэг ч медаль хүртээгүй байлаа. Медаль хүртэх, цаашлаад аварга болох нөөц түүнээс харагдсан тул бэлдэж эхэлсэн. Спортод амжилт азаар ирдэггүй. Тамирчны хичээл зүтгэлээс гадна гэр бүлийнх нь дэмжлэг, хандлага, дасгалжуулагчийн мэдлэг, хөдөлмөр их нөлөөлнө. Би зөв хүнд амжилт ирдэг гэж боддог. Тэгэхээр багш, тамирчин хоёр замналаа зөв эхлүүлэх хэрэгтэй.
-Эх орондоо ирсэн даруйдаа С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээнд оролцож түрүүллээ. Тамирчин хүнд аварга цолоо хамгаалах амаргүй санагддаг биз?
Б.Б: -ДАШТ-ээс ирснийхээ дараа С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээнд оролцож түрүүллээ. Тус тэмцээнд есөн өрөг тоглохдоо учраа таарсан тамирчдаас Б.Уянгалянхуад хожигдсон ч сүүлийн өрөгт сурагчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Н.Содгэрэлтийг ялсан. Тэрбээр тун сонирхолтой тоглолт өрнүүлдэг хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Би шатар тоглож сурснаар олон найзтай боллоо. Тэднээс А.Эмүжин, А.Энхрий эгч нартай ойр дотно нөхөрлөдөг. Миний хувьд А.Энхрий эгчтэй тэмцээнд таарч байгаагүй. Харин А.Эмүжинтэй нь цөөнгүй тоглосон. Клубтээ тоглохдоо түүнд хожигддог ч тэмцээнд хождог. Тэрбээр дайчин тууштай зантай. Дутуу байсан ч тоглолтоо үргэлжлүүлдэг. Сүүлийн өргийн тоглолт медаль хүртэх, эсэхийг шийддэг тул би анхаарлаа төвлөрүүлж, хариуцлагатай тоглохыг хичээдэг юм. Долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл хийдэг болохоор чөлөөт цаг ховор.
Г.М: -Тэрбээр өсвөр үеийн УАШТ-ий 11-12 насныхны ангилалд санасандаа хүртэл тоглоогүй. Хэд хоногийн дараа сурагчдын ДАШТ эхлэх байсан тул шавьдаа “Зүгээр ээ, чи хичээхэд л болно” гэж хэлээд сэтгэл зүйг нь бэлдсэн. Түүний хувьд аварга цолоо хамгаалж сайн тоглолоо. Тамирчин хүнд амжилтаа бататгах гэдэг том даваа бий. Аварга болох сайхан ч хамгаалж явна гэдэг өндөр үүрэг хариуцлага. Шатартай нөхөрлөсөн цагаасаа өдөр бүр хичээж хөдөлмөрлөсний хүчинд шавь нар минь томоохон амжилт гаргах болсон. Насанд хүрэгчдийн ангиллын шигшээ шатны тэмцээн миний мөрөөдөл байлаа. Би хэдийгээр сонирхогчдын дэлхийн аварга, Дэлхийн шатрын холбооны мастер цолтой ч насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ шатны тоглолтод шалгарч үзээгүй. Мөн насанд хүрэгчдийн шигшээ багт ч багтаж байгаагүй. Тэгвэл шавь нараас 15 настай Э.Энхрий шигшээ багийн тамирчин боллоо. Тэрбээр Ховд аймагт энэ сард болох насанд хүрэгчдийн УАШТ-д оролцоно. Манай академийнхан жилд тивийн болон дэлхийн тус бүр хоёр тэмцээнд өрсөлддөг. Өнгөрсөн жил ДАШТ-д тамирчдаа сойхдоо дасгалжуулагчийн хувьд багагүй туршлага хуримтлуулсан. Шатарчид бүрхэг тэнгэр, эсвэл цэлмэг нартай өдөр шиг байрлалд тоглодог. Монгол хүүхдүүд шатрын олон талт стратеги болон тактикийн байрлалд хувьсан шилжиж тоглодог онцлогтой. Тэдэнд байгалиас заяасан сэтгэн бодох авьяас бий. Ухаан, ур чадвараараа дэлхийн шилдгүүдтэй эн тэнцдэг.
-Дасгалжуулагч, тамирчин хоёр хичээж хөдөлмөрлөвөл богино хугацаанд амжилт гаргаж болдгийг шавийн тань тоглолтоос олон эцэг, эх ойлгосон байх.
Б.Б: -Би айлын том охин, нэг эмэгтэй дүүтэй. Тэрбээр хөлөг дээр шатар өрж сурч байгаа. ДАШТ-д түрүүлчихээд эмээ нартаа үнсүүлэх хамгийн сайхан байлаа. Аав минь шатар тоглодог. Намайг дэмжиж, тэмцээнд байнга оролцуулдаг юм. Сүүлийн үед хамаатан садныхан хүүхдүүдээ шатраар хичээллүүлэх сонирхолтой болсон шүү.
Г.М: -Өрөг ахих тусам тоглолт нь хүндэрч, тэр хэрээр багшийн үүрэг хариуцлага нэмэгддэг. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ зөвхөн амжилтад хүргэхийн төлөө зорьж байна. Энэ бол буруу. Миний хувьд хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэх бус, шатрын гайхамшиг, менежментийг ойлгуулахыг хүсдэг. Хүүхэд амжилтад хүртлээ олон зам туулна. Саад бэрхшээлтэй тулгарч, сэтгэл зүйн хувьд унаж, босох үе бий. Тэдэнд шатар тоглох бүртээ сэтгэл ханамж авах нь чухал. Манай академи “Шатрын ухааныг амьдралд” гэсэн уриатай. Багш нар минь тамирчдаа амжилт гаргуулахад анхаарахаас илүү зөв хүн болгож төлөвшүүлэх зорилготой ажилладаг. Азийн болон дэлхийн аварга цол хүртэнэ гэдэг ховор тохиох боломж. Гэхдээ шатрын ухааныг тархиндаа эзэмших нь амьдралд илүү хэрэгтэй.
“Стейниц” академийн тамирчдын шатрын бэлтгэл өндөрлөж, Б.Буянхишигийг аав нь авахаар ирсэн тул дасгалжуулагч Г.Мөнхбаяртай ярилцлагаа үргэлжлүүллээ.
-Та тамирчны карьераа арай л эрт өндөрлүүлсэн санагддаг. Амжилт гаргах олон боломж бий шүү дээ.
-Хүн бүрт хүсэл мөрөөдөл бий. Миний хувьд тамирчны карьераа хойш тавиад, улсаа илүү боддог болсон байна. Өөрөө тоглохын зэрэгцээ тамирчин бэлтгэнэ гэвэл хэцүү шүү дээ. Би шавь нарынхаа тоглохыг, өрсөлдөгчдийнх нь арга барилыг судалмаар байна. Сайн тамирчин бүр дасгалжуулагч болдоггүй. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн дасгалжуулагч тэмцээнд өөрөө тоглоод гүйдэггүй. Тэд өргөн хүрээтэй сэтгэж, менежмент, тактик, стратеги боловсруулдаг. Тамирчнаа хувь хүн талаас нь таньж, зан чанар, сэтгэхүйн онцлогт нь тулгуурлаж хөгжүүлдэг. Миний хувьд энэ тал дээр илүү мэдрэмжтэй. Би хувьцааны шинжээч мэргэжилтэй. “Стандарт инвестмент” үнэт цаасны компанид хоёр жил ажилласан. Алт, газрын тос, томоохон хувьцааны индекс болон койн гээд хувьцааны цаана амьдрал өрнөдөг. Ажил, мэргэжил минь дасгалжуулагч болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс 2019 оноос шатрын академи байгуулахаар шийдсэн юм. Би өөрийгөө бэлдвэл нэг хүний амжилт яригдана. Харин шавь бэлтгэвэл багийн амжилт харагдана. Дасгалжуулагчийн ажил сайн тамирчнаас илүү эх орондоо зөв төлөвшсөн иргэн бэлдэхэд чиглэдэг.
-Хүн бүхэн төгс биш шүү дээ. Танд ч гэсэн гэсэн алдаа гаргасан удаа байдаг уу?
-Бий, бий. Панам улсад өнгөрсөн жил болсон олон улсын тэмцээнд шавь нараа анх удаа оролцуулахдаа өндөр хүлээлттэй байв. Тамирчдаа медальд хүргэж, амжилт гаргуулахаар их шахлаа. Гэтэд тэдний сэтгэл санаа тайван бус болж, тоглолтынх нь өрөг өөрчлөгдөж байгаа нь анзаарагдсан тул алдаагаа даруй зассан. Тэмцээн бол энерги, уур амьсгал, сэтгэл зүй юм. Дасгалжуулагчийн хувьд энэ мэтчилэн сургамж авч, томоохон сургалтад сууснаас ялгаагүй болдог. “Стейниц” академийнхан зүйрлэж хэлбэл оргилын бэлээс өгсөж явна. Гадаадын орнууд шатрын академийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, өндөр хэмжээнд хөгжүүлдэг. Гэтэл бид бор зүрхээрээ л урагшилж байгаа. Зарим эцэг, эх цалингаа хуримтлуулж, хүүхдээ жилд нэг удаа том тэмцээнд оролцуулах жишээтэй. Турк улс тамирчдаа бүх талаар дэмждэг. Шатрын хүчирхэг багтай, шилдэг тамирчидтай. Гэсэн ч шатарчид нь дэлхийн аварга болох хэмжээнд цойлдоггүй. Сая сурагчдын ДАШТ-ээс гурван медальтай нутаг буцлаа. Гэтэл манайхан өндөр дэмжлэгтэй улсын шатарчидтай ана мана өрсөлдөж, зургаан медаль хүртсэн.
-Гадаадын шилдэг дасгалжуулагчдаас академидаа урьж, ажиллуулах санал тавив уу?
-Манай академи 300 суралцагч, 10 гаруй дасгалжуулагч багштай. Би академиа байгуулахдаа гурван жилийн дараа гадаадаас хамгийн шилдэг дасгалжуулагч урьж ажиллуулна гэж боддог байв. Өөрөө дасгалжуулагч болж, тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулснаар өндөр цолтой хүнээс илүү тухайн үндэстэн оюуны хэр чадавхтайг судлах нь чухал болохыг ойлгосон юм. Манайхан ур чадвар, ухаан, туршлагаар гадаадынхнаас дутахгүй. Үүнийг мэдсэн тул монгол дасгалжуулагчдаа дэмжиж ажиллахаар зорьсон. Тэдний нэг нь “Мончесс” академийн дасгалжуулагч Ц.Батсайхан багш. Намайг сонирхогчдын дэлхийн аварга болгосон багшийгаа академидаа сар бүр 10 сая төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар урьж, хоёр жилийн гэрээ байгууллаа. Шавь нарынхаа амжилтаар дасгалжуулагч багш ажлаа үнэлүүлдэг. Тэрбээр дэлхийн шатрын олимпиадад шатрын үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдийг амжилттай оролцуулж, ганзага дүүрэн ирсэн удаа олон. Бидний хэрэгжүүлж буй ажлыг дэмжвэл улсаа дэлхийд таниулах шилдэг тамирчид төрнө.
-Академиа “Стейниц” гэж дэлхийн нэрт шатарчны нэрээр нэрлэсэн нь учиртай биз?
-Тийм ээ. В.Стейниц 1886 онд 50 насандаа дэлхийн аварга болсон байдаг. Миний хувьд өсвөр үеийн нэг дэлхийн аварга бус, цаашлаад 10, 20 жилийн дараа насанд хүрэгчдийн дэлхийн цолтнуудыг төрүүлэхийг бэлгэдэж энэ нэрийг өгсөн юм. 1600, 1700 оны үед шатарчид ихэвчлэн тактик суурьтай, гараанаас гараад, довтолж хожихын төлөө тоглодог байсан бол В.Стейниц стратеги гэх ойлголтыг бий болгож системчлээд, өөрийн тоглолтод харуулдаг байжээ. Шатрын стратегийг тамирчдадаа заах чадвартай академи гэдгээ бид сургалтынхаа арга барилаар илэрхийлэхийг хүссэн юм.
-Таны ихэр Г.Энхбаяр шатрын академид багшилдаг гэсэн байх аа?
-Бид хүүхэд байхаасаа шатраар хичээллэсэн. Г.Энхбаяр БНХАУ-д авто техникийн инженер мэргэжлээр суралцаж, 2018 онд сургуулиа төгссөн юм. Монголд ирэхэд нь академийнхаа туслах дасгалжуулагчаар ажиллах санал тавьснаар гар, сэтгэл нийлж ажиллаад таван жил болжээ. Хүүхэд байхдаа түүнтэй бооцоо тавиад шатар тоглоно. Хожигдсон нь гэрийн ажлаа амжуулж, аяга угаана. Хүүхдүүдийн хөгжилтэй өрсөлдөөн гэр бүлийнхээ уур амьсгалыг халуун дулаан байлгадаг байв. Хүмүүс “Мөнхбаяр хожиж, Энхбаяр аяга их угаасан байх” гэдэг юм. Дандаа ялна гэж юу байх вэ, надад ч бас аяга угаасан өдөр цөөнгүй. Тэрбээр Бээжинд 2010 онд болсон Азийн АШТ-д Б хэсэгт тоглохдоо IV байрт шалгарсан. Аав, ээж хоёр хүүгийнхээ алийг нь гадаадын тэмцээнд оролцуулах вэ гэж ярилцаад автомашинаа зарж, зээл аваад намайг явуулж билээ. Гэр бүлийнхний минь дэмжлэг миний ирээдүйн амжилтын төлөө зориулсан хөрөнгө оруулалт байсан. Манайхан бидний тэмцээнд амжилт гаргасан үзүүлэлтийг харж, намайг цаашид оролцуулах шийдвэр гаргасан юм. Г.Энхбаяр намайг аварга болоход багагүй тусалсан. “Босоо ноён” клубийн дасгалжуулагч Э.Энхнар найман оноо авахаас 7.5, би долоон оноотой байв. Сүүлийн өрөгт I ширээнд Г.Энхбаяр Э.Энхнартай, II ширээнд би тэр үед улсын хошой аварга Батхишигтэй тоглосон. Хэрвээ Э.Энхнар хожвол 8.5, би ялбал найман оноотой болно. Тэр тэмцээнд би өрсөлдөгчөө хожчихоод Г.Энхбаярын тоглолтыг сонирхож хартал бод шидээд байв. Түүнийг яах бол доо гэж сэтгэл зовниж суутал бод шидэлт нь нэлээд сайн комбинац болж, Э.Энхнарыг хожсоноор би түрүүлсэн юм.
-Орон нутгаас Хөвсгөл аймгийг сонгож, зуны сургалт зохион байгуулсныг тань саналаа.
-Аав Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, ээж Арбулаг сумынх. Манайх Улаанбаатарт 1997 онд шилжин суурьшихад бид төрсөн. Би тус аймгийн шатрын холбоотой хамтарч ажиллах дуртай. Шатрын зуны сургалтыг 2019, 2020 онд зохион байгуулсан. Хөвсгөл нутгаас дасгалжуулагч Мөнхтулга манай академид багшаар ажилладаг. Шатрын холбооны дэд ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн “Мөрөн вилла” компанийн захирал Х.Батчулуун шатрын спортыг сайн дэмждэг. Нутгийнхаа удирдлагуудаас намайг тэмцээнд оролцоход ивээн тэтгэсэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт их баярладаг. Тус аймгийнхан 40 жилийн дараа өсвөр үеийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн аварга тамирчинтай боллоо. Тэрбээр “Хөх Монгол” клубийн дасгалжуулагч Нямдаваа багшийн охин, одоо зургаан настай. Бидэнтэй хойшид холбоотой ажиллаж, “Стейниц” академийн салбарыг Хөвсгөлд байгуулбал манай хаалга үүд нээлттэй. Манай академийн багш нар жил бүр зуны эрчимжүүлсэн сургалтаа зургадугаар сарын 2-ноос эхлэн нэгсарын хугацаанд зохион байгуулдаг. Энэ зун эрчимжүүлсэн сургалтдаа анги танхимын хүрэлцээнээс хамаараад 200 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн. Бид үүний дараа Узбекистаны Ташкент хотод долдугаар сард болох сурагчдын Азийн АШТ, мөн БНХАУ-д зохион байгуулах Зүүн бүсийн Азийн АШТ-д тамирчдаа оролцуулах юм. Ц.Батсайхан багш бид хоёр 7-8 дугаар сард 10 тамирчнаа цолны норм руу дөхүүлсэн гадаадын томоохон тэмцээнд сойх бодолтой. Ес, аравдугаар сараас өсвөр үеийн ДАШТ эхэлнэ. Дасгалжуулагчдын хувьд тэмцээнээс тэмцээний хооронд энэ мэтчилэн амрах завгүй ажилладаг.
-Шатрын тамирчдад цол хүртэхэд дотоод, гадаад чансааны онооны аль нь илүү нөлөөлдөг юм бэ. Монгол Улсад гадаад чансааны оноо олгох тэмцээн зохион байгуулах боломж бий боловуу?
-Бид гадаадын цолд хүрэхийн тулд гадаад чансааны оноо авах ёстой. Өндөр чансаатай байж дэлхийн цолд хүрнэ. Монголын тамирчид гадаадын тэмцээнд оролцохын тулд зардалдаа багагүй мөнгө зарцуулдаг. Зарим нь санхүүгийн боломжоос хамаарч оролцохгүй үлддэг. Би цар тахлын үед Чех улсын нэг хүүд онлайнаар шатар заасан юм. Тэрбээр 2330 оноо авч, ФИДЕ мастер цол хүртлээ. Түүний амжилт бидэнд урам зориг өгсөн. Монгол Улс дотоод чансааг халж, Дэлхийн шатрын холбоотой хамтран гадаад чансааны оноо олгох зөвшөөрөл авч, олон улсын тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулдаг болбол дэлхийн цолтой тамирчид төрнө. Шатарчид гадаадын тэмцээнд өрсөлдөх гэж 10 сая төгрөг зарцуулахын оронд улсдаа 200 ам.долларын хураамж төлөөд оролцож болно шүү дээ. Спорт сонирхогчид эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулахын давуу талыг хүртэл олж харна. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг шатрын клубүүд, дасгалжуулагч багш нар, эцэг, эхчүүд нэгдэж, дэмжээд эхний ээлжид хагас шигшээ, өсвөр үе, насанд хүрэгчдийн шигшээ тэмцээн зохион байгуулж, гадаад чансаа боддог болбол Дэлхийн шатрын холбооны жишигт хүрнэ.