1980-1982 он
Жил бүрийн Цагаан сараар таван тэрсхэн хүүхэд дагуулсан хос төв талбайн зүүнтээ байрлах саарал байшингийн баруун хаалганд мөргөдөг байсан нь 2000-аад он. Тэд бол “Улаанбаатар” рестораны ахлах тогооч З.Должинсүрэн, сантехникч Д.Баянжаргал нар юм. Д.Баянжаргал саяхан үр хүүхдүүдээ дагуулан саарал байшин буюу “Улаанбаатар” зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, дотно дурсамжаа хуваалцлаа. Тэднийх гурван үеэрээ “Улаанбаатар” зочид буудалд ажиллаж, сурч, хөдөлмөрлөж, хөгжиж, дэвжиж явсан түүхийг та бүхэнтэй хуваалцъя.
Г.Дагва 1926 онд Завхан аймагт төржээ. “Улаанбаатар” зочид буудалд 1969-1991 онд ажилласан тэрбээр өмнө нь Гадаад харилцааны яамны харьяа Гадаадын жуулчдад үйлчлэх газрын Авто баазад механикч хийж байсан аж. Хожим дээрх газар татан буугдахад “Улаанбаатар” зочид буудалд ажилд орсон юм билээ. Зочид буудлын тухайн үеийн удирдлага түүнийг нүдэнд дулаахан төрхтэйн дээр найрсаг зантайг ажиж мэдээд хаалгачийн албанд томилсон нь нүдээ олсон хэрэг болсон гэдэг.
Хаалгач Г.Дагва
Г.Дагва ажлаа таслах нь бүү хэл, чөлөө ч авдаггүй шахам. Амьдралын чухал мөчүүдэд тоотой цөөн удаа л чөлөө авсан гэнэ. Ажилд орсноосоо хойш тэтгэвэрт гарах хүртлээ “Улаанбаатар” зочид буудалдаа ажиллажээ. Түүгээр зогсохгүй өөрт ээлтэй “Улаанбаатар”-таа хүүхдүүдээ ажиллуулахаар шийдсэн байна. Улмаар 1976 онд цэргээс халагдаж ирсэн хүүгээ, бэрээ мөн “Улаанбаатар”-т ажиллахыг санал болгожээ. Эрчим хүчний трестэд ажилладаг, байнга томилолтоор явдаг Д.Баянжаргалд эхнэртэй нь хамт ажиллуулах санал таатай санагдсан аж. Ингээд 1977 оноос “Улаанбаатар” зочид буудалтай амьдралаа “холбожээ”. Түүнээс хойш Д.Баянжаргал, З.Должинсүрэн нар тэтгэвэрт гарах хүртлээ “Улаанбаатар” зочид буудалд ажилласан байна. Ингэхдээ Тэрэлж дэх “Улаанбаатар-2” зочид буудалд ихэвчлэн ажилласан гэдэг. Тиймээс З.Должинсүрэн гурван хүүгээ Тэрэлжид төрүүлжээ. Бүр гэртээ эх барьж авсан түүхтэй юм билээ.
“UB-2”-т болсон, гольфын талбайн нээлтийн гэрч болж явжээ
Д.Баянжаргалын том хүүг Б.Цолмонбаатар гэдэг. Тэрбээр 1999 онд “Улаанбаатар” зочид буудлын “хүн” болсон гэнэ. Ачигчаар ажилд орсон тэрбээр тогооч ээжийнхээ мэргэжлийг өвлөж авах нууцхан мөрөөдөлтэй байв. Гэвч ачигчийн ажил амаргүй, амсхийх, хоол хийхийг харж зогсох цаг зав хомс. Тиймээс ачигчийн албаа угаагчаар сольжээ. Дараа нь цэвэрлэгч, тэгээд бэлтгэгч болсон аж. Ногоо арилгана, махыг шөлний, гуляшны, хуурганы гэх мэтээр ангилж хэрчдэг болов. Ингээд түүнийг мах шулагч болоод байх үед тажикистанчууд “Улаанбаатар”-т ажиллахаар иржээ. Энэ үед Б.Цолмонбаатар туслах тогоочоор дэвшиж ажилласан байна. Тэрбээр “Бид “Улаанбаатар” зочид буудлын арын 64 айлын байранд амьдардаг байлаа. Одоо ч амьдардаг. Багад Цагаан сараар Сансар луу өвөө, эмээтэй золгохоор гарна. Гэрээс гарангуут ээж, аав биднийг дагуулж “Улаанбаатар” зочид буудлын баруун хаалган дээр аваачдаг байв. Тэгээд өөрсдөө мөргөнө. Биднийг бас мөргүүлнэ. Би ээж рүү харахаар “Битгий маяглаад бай, мөргө” гэнэ. Тэгээд л тамирчин дэвжээндээ мөргөж байгаа юм шиг дүү нартайгаа хамт төмөр хаалганд мөргөдөг байж билээ. Одоо бодоход үнэхээр л “саарал”-ынхаа буянд их зүйл сурчээ. Өмнө нь “Улаанбаатар” зочид буудал саарал өнгөтэй байв. Ээж минь насан эцэслэх хүртлээ өглөө бүр “Улаанбаатар” зочид буудлын зүг “саарал”-ын минь буян их ээ” гэж цагаан сүүгээ өргөсөн дөө. Үнэхээр л бид “Улаанбаатар”-таа баярлаж явдаг” хэмээн ярьсан. Тэдний гэр бүлээс олон улсын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан олон тогооч төрсөн юм билээ.
“УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДЛЫН ХҮҮХДҮҮД
“Улаанбаатар” зочид буудлынхан өдгөө ам бүл олуулаа. 1990-ээд онд ч энэ л янзаараа байсан. Тухайн үед саарал байшин гадаад, дотоодын зочид ихтэй, ачаалалтай байсныг Д.Баянжаргал, Б.Цолмонбаатар нар дурдлаа. Тиймээс Б.Цолмонбаатарын хүүхэд нас саарал байшингийн цаг бүртгэлийн өрөөнд өнгөрчээ. Тэрбээр “Улаанбаатар” зочид буудал хангамж сайтай. Нүдний гэм болсон ховор бараа их. Хүүхдүүд шилтэй кока кола, “Сникерс” гэдгийг зурагтаар, орос сувгийн рекламаас л хардаг байлаа. Харин би аль хэдийн амтлаад үзчихсэн явлаа. Зун дулаан үед дүү нартайгаа гол дээр очдог. Харин сэрүүн өдөр “Улаанбаатар”-таа өнжиж, герман пивоны бөглөө түүдэг байв. Ундаа, пивоны бөглөөтэй бол үеийнхэн дундаа “од” шүү дээ. Заримдаа сантехникийн, эсвэл цаг бүртгэлийн өрөөнд томоотой суух үүрэг авна. Гэхдээ юу гэж томоотой суух вэ. Бужигнуулна. Хааяа Ц.Балдорж даргатай таарахад хараагүй юм шиг өнгөрнө. Уг нь ажлын байранд хүүхдүүдээ авчрах хориотой. Гэсэн ч бид нар олуулаа өнждөг байв” хэмээн өгүүлээд инээв.
Д.Баянжаргал хүү Б.Цолмонбаатар, бэр Б.Баттулга нарын хамт
“Улаанбаатар” зочид буудалд өндөр дээд түвшний болон гадаадын зочид хүлээн авах нь олонтоо. Нэг удаа хүлээн авалтад бэлтгээд “Улаанбаатар”-ынхан өдөржин, шөнөжин ажиллаж. Яг бэлтгэл ажил дуусаж, хүлээн авалт эхлээд зочид орж байтал улаан хивсний захад гар гараасаа хөтөлсөн 10-аад хүүхэд “Хүүхдүүд чинь өлсөж үхэх гэж байгааг та нар ер нь мэдэж байна уу” хэмээн зогсож байсан гэдэг. Тэр үед чанга дуугаар ийнхүү орилсон нь “Улаанбаатар” зочид буудлын одоогийн ерөнхий тогоочийн охин байжээ. Тухайн үед аав, ээжүүд хүүхдүүдээ аваад өрөө өрөө рүүгээ сандран гүйсэн гэдэг. Бас болоогүй хүүхдүүдийн хувцас халтайчихсан, үс нь сэгсийчихсэн, багуудынх нь нус нь гоожчихсон байж. Энэ явдлын дараа “Улаанбаатар” зочид буудлын удирдлага нулимсаа гартал инээгээд л өнгөрсөн гэх. Дурсамжаа хуваалцахаар ирсэн зочид минь ч энэ өдөр нулимсаа гартал инээж, сэтгэлээ тэнийтэл ярьсан юм.
ХАНИА ОЛСОН НЬ
Шавилхан биетэй Б.Баттулга бүсгүй “Улаанбаатар” зочид буудлын нэгдүгээр давхрын шал угаана. Угаасан шал нь хатаагүй байхад Б.Цолмонбаатар ачаатай тэрэг түрж гараад загнуулдаг байж. Тэд ирээдүйд хос болно гэж зүүдлээ ч үгүй явсан гэх. Хожмоо Б.Цолмонбаатар, Б.Баттулга нар гэрлэж, “Улаанбаатар” зочид буудлаас хос төрсөн гэдэг. Б.Баттулга махны технологич мэргэжилтэй. Ах, эгчийгээ дагаж анх “Улаанбаатар” ресторанд хоол идээд л “Би энд ажилд ормоор байна” гэж хэлсэн гэсэн. Амталж тамшаалж идсэн хоол нь хонины махан ороомог. Уг нь тогоочоор ажилд орно гэсэн ч ахлах тогооч түүнийг жижигхэн биетэй хэмээн голжээ. Тэгээд үйлчлэгчээр ажилд авсан аж. Улмаар угаагч, бэлтгэгч хийж байсан юм билээ. Угаалгаа хийчихээд л тогооч нар луу гүйж, сайн дураар ажилласаар туслах тогооч болсон гэнэ. Цаашлаад шижигнэсэн залуусын өрсөлдөөн дундаас Б.Баттулга торойж, “Улаанбаатар”-ын ерөнхий тогооч болжээ. Мөн Б.Цолмонбаатар ч ахлах тогооч болж, дэвшсэн гэдэг.
Д.Баянжаргал, З.Должинсүрэн нар таван хүүхэдтэйгээ 1992 он
Б.Цолмонбаатар, Б.Баттулга нарын хүүхдүүд ч “Улаанбаатар”-ын багачуудын жишгээр хүн болсон гэнэ. “Саарал”-ынхаа буянд их зүйл сурч, нэгнээ олж, хүүхдүүдээ хүмүүжүүлж, хүний дайтай ажиллаж, амьдарч байна хэмээн тэд хуучилсан. Тэд бас Тэрэлж дэх “Улаанбаатар-2”-т багагүй хугацаанд ажиллаж, олон дурсамжаа хамтдаа бүтээжээ. Б.Баттулга “Тэрэлжид очоод илүү ихийг сурсан. Маш завгүй ажилладаг байв. Сайн удирдлагын нөмөр, агаарын сайхан, залуу насныхаа аагаар завгүй өдрүүдийг ардаа үдсэн. Хүүхдүүдээ хаана юу хийж явааг ч мэддэггүй ажилладаг байв. Хариуцлага өндөртэй, эвсэг, халуун дотно гэж жигтэйхэн хамт олон доо, манай “Улаанбаатар”-ынхан. Нэг өдөр Японоос илгээмж ирлээ. Японд таньж мэдэх хүн байх биш, андуурсан гэж хэлээд буцаах дөхлөө. Миний нэрийг зөв бичжээ. Задлаад хартал хүүгийн минь зургуудтай илгээмж байсан. Хүү уйдахдаа жуулчидтай найзалдаг байсан юм билээ. Хөөрхөн зургууд, гоё нүдний шилтэй илгээмж ирж билээ” хэмээн дурссан.
Ийнхүү дурсамжаа хуваалцахаар ирсэн тэднийг “Улаанбаатар” зочид буудлын удирдлага хүлээн авч уулзаж, ажиллаж байсан өрөө, танхимуудаар нь “аялуулж”, санал бодлыг нь сонссон юм. “Улаанбаатар” зочид буудал улам өргөжин тэлж, өнгө зүс нэмж байгаад ирсэн зочид баяртай, сэтгэл дүүрэн харагдсан. Бас хүүхэд байхдаа, ажилд орсон хойноо идэж байсан “Улаанбаатар”-ын хуйцай, нийслэл салатны онцгой амт яг хэвээрээ байгааг зочид онцолж байлаа.