Монголд ирэх долдугаар сард “К-поп фестиваль” зохион байгуулах гэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд хоёр талын холбогдох хүмүүс ийнхүү ярилцсанаа ажил хэрэг болгохоор шийдвэрлэжээ. Тус тоглолтод Солонгос, Япон, Хятад, Орос төдийгүй Зүүн өмнөд Азид алдартай к-поп хамтлаг, дуучид оролцох юм байх. Монголын рок, попынхон ч тэдэнтэй нэгдэх сурагтай. Манай талаас БОАЖЯ, Соёлын яам, Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо тэргүүтэй байгууллагууд тус тоглолтын зохион байгуулалтыг хариуцах бололтой. Энэхүү тоглолт нь манай улсыг гадаад ертөнцөд, тэр дундаа зорилтот зах зээл бүхий Азийн орнуудад өөр өнцгөөс харуулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал маркетинг болно гэх. Үүний сургаар к-поп урлагийн үнэнч шүтэн бишрэгчид болох өсвөр насныхан элдэв хамтлаг, дуучны нэр зааж, энийг ч авчраасай, түүнийг ч харчих юм сан гэхчлэн мөрөөдөлдөө умбаж сууна. Зарим нь бүр “Blackpink” хамтлагийг Монголд ирүүлэхээр БНСУ-ын алдарт YG энтертайнмент руу олон хүний гарын үсэгтэй хүсэлт явуулах тухай ч ярьцгааж байна. Үндсэндээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд к-поп “одууд” Монголд тоглоно” гэх мэдэгдлээс улбаатайгаар олон нийтийн сүлжээнд тархсан мэдээлэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ялангуяа өсвөр насныхныг дэвэргэж орхив бололтой.
Яг үнэндээ Монголд ийм тоглолт болбол гол үзэгчид нь өсвөр насныхан л байна. Бүх насныханд хүртээмжтэй арга хэмжээ биш гэсэн үг. Тэглээ ч хичээл сургууль амарсан, аялал зугаалгын үед зохион байгуулах учраас ирц нь тийм ч сайн байхгүй болов уу. Үүнийг үзэхээр гадаадын орноос жуулчид мянга мянгаараа зорьж ирэх нь юу л бол. Нислэгийн хүртээмж, тоглолтын танхимын багтаамж зэргээс эхлээд асуудал их. Нэг үгээр бол тус арга хэмжээ жуулчдыг татахад, Монголыг олон улсад сурталчлахад төдийлөн нэмэр болохгүй. Харин үүний оронд гадаадынхны сонирхлыг хамгийн их татдаг Үндэсний их баяр наадмаа дорвитойхон шиг зохион байгуулж чадвал тэр нь бидний хувьд жинхэнэ “шар тос” болох юм.
Нэгэн судлаач “Жуулчдын анхаарлыг Монголоос хамгийн их татдаг зүйл нь наадам. Мөн тэдэнд хамгийн хүртээмжгүй арга хэмжээ нь наадам” гэж хэлж байв. Төв цэнгэлдэх хүрээлэнд тухалж наадам (ялангуяа нээлт) үзнэ гэдэг гадаадынхан байтугай монголчуудын хувьд ч аз сорьсон “тэмцэл” байдаг. Цэнгэлдэх хүрээлэн 15 мянга орчим суудалтай. Зөвхөн нийслэлийн хүн амын 10 орчим хувийг багтаах боломжтой гэсэн үг. Гэтэл үүний тодорхой хувийг төрийн өндөр албан тушаалтан, байгууллагуудад урьдчилаад хуваарилчихдаг. Үлдсэн хэсэг дээр нь иргэд, шагчид, жуулчны компаниудыг “зодолдуулдаг”. Нийт тасалбарын ердөө 10 хүрэхгүй хувь нь л жуулчдад ногддог гэсэн статистик бий. Цар тахлын өмнөх жилд 11 000 гаруй жуулчин Үндэсний их баяр наадам үзэхээр хүсэлт илгээсэн ч 1500-д нь л тасалбар “олдсон” гэнэ билээ. Үүнд бухимдсан аялал жуулчлалын салбарынхан “Наадмын тасалбар хүрэлцээгүйгээс Монголд ирсэн 10 жуулчны найм нь хүссэн зүйлээ үзэж чадалгүй нутаг буцаж байна. Энэ нь манай улсын аялал жуулчлалын цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлөх боллоо. Олон улсын компаниуд биднийг найдваргүй, тааруу үйлчилгээтэй хэмээн төлөвлөгөөт аяллуудаа цуцлах нь олширсон. Жуулчдад олгох тасалбарын тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Монголын аялал жуулчлалын холбооноос холбогдох байгууллагуудад удаа дараа хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүс, төрийн байгууллагуудад урьдчилж хуваарилдаг тасалбарын тоо, задаргаатай танилцах боломж байдаггүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. “Нью жуулчин турс” компани гэхэд зөвхөн тухайн жил наадам үзэхээр урьдчилж гэрээ хийсэн 300 гаруй жуулчнаа гар хоосон буцааж байж. Харин өнгөрсөн жилийн наадмыг цар тахлын хямралаас улбаатайгаар харьцангуй цөөн буюу 6000 гаруй жуулчин үзэх захиалга ирүүлснээс 30 хувьд нь л тасалбар хүрчээ. Өнөө жил энэ тоо эрс өсөх нь дамжиггүй. Дэлхий дахинд аялал жуулчлал сэргэж байна. Манай улсыг зорих аялагч ч эрс нэмэгдэв. Зургаа, долдугаар сард жуулчлал оргил үедээ хүрнэ. Тэр үед ирсэн хүмүүс гадаадын дуучдын к-поп тоглолт үзэхээс илүү Үндэсний их баяр наадам, Монголын хөдөө нутгийг сонирхох нь лавтай. Тэгэхэд нь бид өмнөх шигээ тасалбарын хэрүүл хийгээд, шагчдын хэд дахин нугалсан үнийг жуулчдад санал болгоод зогсож байвал дэндүү ичгэвтэр. Үүнийг өөрчлөхгүй л бол “Монголд тавтай морил”, “Эрийн гурван наадам үзээрэй” хэмээн жуулчдыг урих хэрэг ч алга.
Улс, хотууд өөрсдийн соёл уламжлал, онцлогт тулгуурлан аялал жуулчлалаа хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, өөрт буй давуу тал, онцлогоо ашиглах нь түгээмэл. Турк улс гэхэд эртний дурсгалт хот, газрууддаа түшиглэн түүхэн аялал жуулчлалын тод жимийг дэлхий дахинд гаргаж буй. Хятад, Малайз, Сингапур бизнес болон чөлөөт аяллын гол бүсэд тооцогдох боллоо. Харин манай орны хувьд олон улсын зах зээлд ялгарах зүйл нь нүүдэлчдийн өв соёл, уламжлал, ахуй амьдрал, үзэсгэлэнт байгаль. Тэгвэл энэ бүхнийг шингээсэн, жуулчдад нэн сонирхолтой арга хэмжээ нь Цагаан сар болон наадам. Ялангуяа урин дулаанд, аялал жуулчлалын хамгийн идэвхтэй улиралд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадам бол яалт ч үгүй монголчуудын нэрийн, гол бүтээгдэхүүн. Ийм боломж, давуу тал бидэнд байсаар атал жуулчдыг татах нэрийдлээр бусдын соёлыг ашиглана гэдэг хэчнээн утгагүй. Яг л айлын авдар уудалж, өнгөтэй өөдтэй бүхнээр нь зочноо дайлах гэж байгаа мэт. Хүний юмаар хүүдэгнэх гэж буй аятай. К-поп бол Өмнөд Солонгосоос үүдэлтэй, сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эрчээ авч буй энтертайнмент урлагийн салбар. Энэ салбарын хөгжил, байлдан дагууллыг үгүйсгэх гэсэн гүй. Гэхдээ Монголд ийм тоглолт зохион байгууллаа гэхэд гадаадын хамтлаг, дуучдын халаас зузаарна уу гэхээс манай улсад “наалдах” зүйл төдийлөн бага. Гадаад орныг сурталчлах маркетинг болохоос биш, Монголыг таниулах шинэ гарц болохгүй. Харин ч өөрсдөө багагүй зардал гаргаж таарах вий. Ийм мэдээлэл ч тархаад буй. Ирсэн уран бүтээлчид нь ихдээл хэдэн зураг авч, цахим сүлжээнд нийтлэх болов уу. Тэгээд л хэсэг хугацааны дараа тэр бүхэн ор мөргүй мартагдана. Энэ санаачилга бол ерөөс монголчууд хүний юм сайхан, гаднын бүх зүйл гайхамшигтай гэж сохроор шүтэж, даган дуурайж, хөөрцөглөдгийн тод жишээ. Хувийн компани, агентлагууд нэртэй хамтлаг, дуучдын тоглолтыг зохион байгуулах нэг хэрэг.
Гэтэл байгаль орчин, аялал жуулчлал, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд нь ийм ажил зохион байгуулахад оролцож байгаа нь, тэр дундаа Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд үүнийг сэдсэн нь нүдээ олоогүй шийдвэр гэлтэй.
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбоотойгоор өнөө жил зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хуанлийг гаргаад буй. Тэндээс харахад долдугаар сард хамгийн олон арга хэмжээг төлөвлөсөн. Сарын эхний1 0 хоногт гэхэд “Playtime” олон улсын хөгжмийн, “Дээлтэй Монгол” үндэсний өв соёлын наадам дөрвөн өдөр болно. Энэ нь цаашдаа Үндэсний их баяр наадам, “Naadam music festival”, “Шамбала” олон улсын урлаг, технологийн фестиваль, “Соёлын наадам”, “Наадъя”, “Торгоны зам Хархорум”, “Монгол туургатны харвуул”, “Монгол эсгий урлал”, “Сарлагийн баяр” зэрэг арга хэмжээгээр үргэлжлэх нь. Үндсэндээ долдугаар сарын 23 хүртэл 15 арга хэмжээг нийслэл, орон нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүн дээр к-поп урлагийн тоглолт нэмэгдэнэ гээд боддоо. Нүдээ олоогүйн дээр цагаа ч оноогүй санагдаж байгаа биз. Дээрх байгууллагынхан “Гадаадын оддыг авчирна” гэж гайхуулахын оронд эдгээр арга хэмжээг хугацааанд нь, чанартай зохион байгуулахад анхаарах хэрэгтэй.
Өнөө жил Хөвсгөлийн “Цас, цааны баяр”-ыг товлосон хугацаанд нь зохион байгуулаагүйгээс олон компани хохирсон мэдээлэл бий. Гадаадын жуулчдын захиалгыг урьдчилаад баталгаажуулчих сан байтал гэнэт л хойшлуулчихсан гэх юм билээ. Долдугаар сард төлөвлөсөн энэ олон арга хэмжээний үеэр ч жуулчдад ийм чирэгдэл учруулахгүй гэх баталгаа үгүй. Аяллаа эртнээс төлөвлөж, захиалдаг жуулчин олон. Гэтэл манай наадмын комисс зургадугаар сараас л санд мэнд ажлаа эхлүүлдэг. 2022 онд лав наадмаас 10 хоногийн өмнө тасалбараа цахимаар олгож эхэлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийг, жуулчдын тоог нэмэгдүүлэхийг зорьж л байгаа бол жилийн жилд хэрүүл дагуулдаг энэ мэт асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Нэгэнт тов нь тодорхой хойно гадаадын хэчнээн иргэнд хэдэн суудал олгох боломжтойгоо эрт зарлаад, тасалбарынх нь захиалгыг баталгаажуулчихад боломжгүй гэх зүйлгүй. Ингэвэл тур оператор, аяллын агентлагуудад ч амар. Жуулчдад ч хоосон горьдлого төрүүлэхгүй. Энэ нь ч мөн наадмын зохион байгуулалтын чухал хэсэг юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл