2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай холбогдуулан байгуулсан Аялал жуулчлалын брэнд уриа үг, коммуникацын төлөвлөгөөний ажлын хэсгийнхэн Монголыг олон улсад сурталчлан таниулах уриа үгийг тодорхойлох гэж удтал судалж, хуралдаж, зөвшилцсөний үндсэн дээр “Wel¬come to Mongolia” хэмээх үг бодож олсон нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Слоган буюу уриа үгийг аялал жуулчлалд ашиглахдаа тухайн орны онцлог, өвөрмөц соёлыг илэрхийлэхүйц сонирхолтой, товч, ойлгомжтой байдлаар тодорхойлдог онцлогтой ч дээрх ажлын хэсгийнхэн дэндүү уйтгартай, хуучинсаг, улиг болсон уриалга “гаргаж ирсэн” нь олны дургүйг хүргэсэн хэрэг. Тэгвэл “Тавтай морил” нөлөөллийн аяны хүрээнд түгээж буй мэдээлэл, сурталчилгааны зурагт хуудаснууд ч үүний араас шүүмжлэл дагуулаад байна.
Доллар бариад зогсож буй монгол хувцастай эмэгтэй, идээ унд зассан ширээний дэргэд сарнай бариад сууж байгаа дээлтэй эрэгтэйг “Монголд тавтай морил” хэмээх зурагт хуудсанд дүрсэлсэн нь агуулга хийгээд хэлбэр хийцийн хувьд тун нийцгүй, болхи, гоо зүйгүй сурталчилгаа болжээ. Үүнийг хүмүүс “Монгол эрчүүд жуулчин эмэгтэйчүүдийг хүлээгээд сарнай бариад сууж байдаг”, “Манай улсад ирсэн гадаадынхан монгол эмэгтэйчүүдийг доллароор худалдаж авдаг” гэхчлэн янз бүрээр тайлж уншин, хошигноцгоож байна. Зарим нь бүр секс аялал жуулчлалыг сурталчилсан далд агуулгатай хэмээн шүүмжлэв. Гэтэл БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан өнөөх болхи сурталчилгааг цахим хуудсандаа байршуулж, заримыг нь нүүр зургаараа сонгожээ. 2023 онд зохион байгуулах арга хэмжээний хуанлид ч үүнтэй төстэй, жигтэй зургуудыг ашигласан байх юм.
Эдгээр сурталчилгааны хуудсыг Соёлын яамныхан хийсэн гэсэн мэдээлэл тархсан. Тэгвэл хэргийн жинхэнэ эзэн нь БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвийнхөн аж. Юунаас санаа авч, ямар утга агуулга илэрхийлэхээр ийм сурталчилгаа хийснийг тэднээс тодруулахад “Манайх энэ талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа. Сэтгүүлчдэд ингэж мэдээлээрэй гэсэн чиглэл одоогоор өгөөгүй” гэв.
Уриа үг болон сурталчилгааны хуудсыг зөв “гаргаж” чадвал жуулчдыг татах чухал арга хэрэгсэл болдог гэнэ. Харин “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хийсэн эдгээр ажил лав жуулчдад Монголд аялах сэдэл төрүүлэхээргүй байна. Ийм хариуцлагатай ажлыг яамны харьяа нэгжийн мэргэжлийн бус хүмүүст даалгах бус, мэргэжлийн агентлаг, студиэр хийлгэх нь оновчтойг салбарын бизнес эрхлэгчид хэлэв.
Бэлтгэсэн: Н.Мишээл