Монгол Улсын нутаг дэвсгэрт оршдог Тахилтын хотгор болон Шомбуузын бэлчирээс олдсон археологийн дурсгалуудад генетикийн шинжилгээ хийсний үр дүнд эртний эзэнт гүрэн Хүннүтэй холбоотой чухал мэдээллүүдийг илрүүлсэн талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Харвардын их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургууль, ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнгийн төлөөлөл болсон монгол, солонгос, канад, америк, герман эрдэмтэд хамтран уг судалгааг хийж, эрдэм шинжилгээний бүтээлээ шинжлэх ухааны “Science аdvances” сэтгүүлд нийтлүүлжээ. Уг сэтгүүл нь олон улсын өндөр зэрэглэлийн буюу импакт факторын үзүүлэлт сайтай гэдгээрээ онцлогтой юм.
Монгол эрдэмтэн, ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ганбаатар уг судалгаанд оролцжээ. Судлаачид дээрх хоёр газраас олдсон 18 булшны олдворын гений мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр хэд хэдэн дүгнэлт хийсэн нь шинэлэг болжээ. Тухайлбал, Хүннү нь олон үндэстэн, хэлтнүүдээс бүрдсэн эзэнт гүрэн байсныг тогтоосон гэнэ. Өмнө нь дэлхий дахинд хүннү нар зэрлэг бүдүүлэг байсан гэх ойлголтыг энэхүү судалгааны үр дүн өөрчлөх боломжтойг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, тэд өндөр буюу элит түвшний соёл иргэншилтэй байсан бөгөөд бусад улс гүрэнтэй холбоо харилцаа холбоо тогтоон, худалдаа арилжаа хийж ирснийг тогтоосон аж. Түүнчлэн Хүннү гүрний үед эмэгтэйчүүд нийгэмд чухал үүрэг, байр суурьтай байсныг илэрхийлэх олдворууд байгааг тэмдэглэжээ.
Ташрамд дурдахад, Монголын үндэсний музей, АНУ-ын Пенсильванийн их сургуулийн хамтарсан шинжилгээний анги 2007 онд Тахилтын хотгор, 2008 онд Шомбуузын бэлчирт малтлага судалгаа хийж, зарим олдворыг илрүүлжээ. Энэхүү ажил нь дээрх генетикийн судалгааг хийх үндэс суурь болсон юм байна.
Бэлтгэсэн: М.Оч