Хүүхдийн эрхийг хангах чиглэлээр манай улсын нэгдэн орсон конвенц, дотооддоо баталсан хууль тогтоомж олон бий. Эдгээрийн хэрэгжилтийг, ялангуяа дотуур байрны хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд судалжээ. Хүүхдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх шаардлагатай. Тэр дундаа хүүхэд амьдарч буй нутаг дэвсгэр, орон зай, нөхцөл боломжоос үл хамааран стандартын шаардлага хангасан үйлчилгээ авах эрхтэй. Гэвч нийслэл, аймаг, сумын төв, алслагдсан суурин газрын зарим дотуур байрын орчин нөхцөл тааруу байгааг тус комиссын судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн ХЭҮК-оос Боловсрол, шинжлэх ухааны яамны бодлого дотуур байруудад хүрдэггүй гэж дүгнэсэн байна. Ялангуяа төрөөс сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох бодлого тааруу, 29 дүгээр тусгай сургуулийн сургалтын хөтөлбөрийг судалгаанд үндэслэн, оновчтой тодорхойлоогүй. Сургалтын агуулга нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд дохионы хэл заах, дохионы хэлээр дамжуулан боловсрол олгоход чиглээгүй. Харин хүүхдүүдийг авиа гаргах, ярьж сургахад төвлөрдөг нь оновчтой шийдэл биш гэж үзжээ. Мөн дотуур байрны орчин нөхцөл нь тааруу, хүүхдийн эрхийг хангадаггүй гэж дүгнэсэн байна. ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа үүний талаар “Комиссоос хийсэн хяналт шалгалт нь хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцоход бус, харин ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө сурагчдын сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр эерэг өөрчлөлт гаргахад чиглэж байгаа. Хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд илэрсэн учраас шалгалтын дүнг үндэслэн 29 дүгээр сургуулийн удирдлагад комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн. Шаардлага биелүүлсэн, эсэхийг 2023-2024 оны хичээлийн жилд дахин шалгана” гэв.
29 дүгээр сургуулийн охидын дотуур байрны адар ийм болтлоо мууджээ
Судалгааны эл дүнг үндэслэн нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн дотуур байрны үйл ажиллагааг сурвалжиллаа. Тус сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд нийт 273 сурагч сурч байгаа аж. Тэдгээр хүүхдийн 44 хувь нь орон нутгийн, 56 нь Улаанбаатар хотын харьяалалтай. Сургуулийн дотуур байранд Улаанбаатар хот, 21 аймгийн 100 сурагч амьдардаг. Тэдний 43 хувь нь эмэгтэй, 57 нь хөвгүүд аж. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр биднийг очиход дотуур байранд 95 хүүхэд байгаа гэсэн мэдээллийг сургуулийн захирал өгсөн юм. III улирлын хичээл эхлээд удаагүй учир зарим хүүхэд хөдөөнөөс ирж амжаагүй гэнэ.
Хөвгүүдийн дотуур байрыг 2006 онд ашиглалтад оруулсан. Харин охидын амьдардаг барилгыг 1989 онд ашиглалтад оруулжээ. Түүнээс хойш нэг ч удаа их засвар хийлгүй өнөөдөртэй золгосон гэнэ. Тиймээс хүүхдүүд өвөл даарч, хавар, намар жиндэж өнгөрүүлдэг аж. Халаалт сайн ч барилга нь хуучирч муудсанаас дулаан алддаг, жавар хургасан эл дотуур байр жилийн дөрвөн улирлын турш хүйтэн жихүүн байдгийг эцэг, эхчүүд ч онцолсон. Ханын цаас нь хууларч, будаг шунх нь халцарсан хэсэг ч олон харагдлаа. Ялангуяа дээвэр нь шүүрэн шанага шиг болж, жаахан нар гарахаар дусаал гоожиж сандаргадгийг сурагчид ч хэлж байв. Сантехникийн шугам нь муудсан, дулаалга нь тийм ч сайн биш бололтой.
Нэг өрөөнд 2-6 хүүхэд амьдардаг аж. Тэдгээрийн нэгэнд нь ороход гурван хаалгатай ганц шүүгээ, нэг ширээ, сандал байлаа. Хөл нь догонцсон сандал, ирмэгүүд нь халцарсан ширээ, хаалга нь салах дөхсөн шүүгээ, нурж унах шахсан, толгой нь салсан орнууд байх аж. Ер нь л дотуур байрны тавилгууд нэлээд хуучирчээ. Зарим үед багш нар өөрсдөөсөө мөнгө гарган засаж сэлбэдэг гэнэ. Хөвгүүдийн дотуур байрыг ашиглалтад оруулахад КОЙКА олон улсын байгууллагаас хандивласан тавилгуудыг тордсоор өдий хүрчээ. 29 дүгээр сургуулийн дотуур байранд 1989 оноос хойш нэг ч удаа их засвар хийгээгүй. Тиймээс тус байрны дээвэр нэлээд муудсаныг судалгаа хийсэн байгууллагын ажилтан хэлэв. Өөрөөр хэлбэл, дээврийн үе давхаргууд муудаж, мөөгөнцөртсөн, аюулгүйн зурвас зэвэрч, гандсан гэнэ. Сургууль болон дотуур байрны урсгал зардалд жилд 13 сая төгрөг төсөвлөдөг юм байна. Гэвч эл мөнгө нь хаанаа ч хүрдэггүй учир нүд хуурах төдий засвар хийдэг аж. Үүнээс гадна тус сургуулийн үе үеийн захирлууд барилгын засвар, үйлчилгээний тухай мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг холбогдох яамдад танилцуулж, төсөл, хөтөлбөр боловсруулж өгсөөр иржээ. Гэвч сайдууд нь уг албан бичиг, судалгаануудыг нь “танилцъя”, “судалъя” гэж аваад ширээнийхээ нүдэнд хийгээд мартдаг бололтой.
ХЭҮК-ын судалгаагаар тус сургуулийн дотуур байранд хүүхдийн эрхийн зөрчил хааяагүй гардгийг илрүүлсэн байна. Үүний нэг нь хүүхэд хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлээгүй байв. Үнэхээр ч дотуур байранд хүүхэд хөгжлийн өрөө байдаггүй аж. Хааш хаашаа гурван метр зайтай өрөөнд зурагтаа байрлуулжээ. Хүүхдүүд тэнд бөөнөөрөө зурагт үзэх гэж их л зүдрэх шинжтэй. Хүүхэд саатах, тоглох өөр өрөө байхгүй гэнэ. Уг нь чихмэл тоглоом олон байсан ч “Ковид-19” цар тахлын үед ариун цэвэр сахиулах зорилгоор бүгдийг нь хаяжээ. Харин “Эерэг давлагаа” төрийн бус байгууллагынхан олон ном бэлэглэсэн нь л өдгөө хүүхдүүдэд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломж олгож буй бололтой. Түүнчлэн цахим номын сан байгуулж, нас насны онцлогт тохирсон видео контентууд бэлтгэж өгснийг хүүхдүүд онцолж байв. Учир нь дотуур байранд амьдардаг бага насныхныг нийгмийн харилцаанд бүрэн оролцох болоогүй гэж үзээд хичээлд суухаас бусад үед гадаа гаргадаггүй. Ахлах болон дунд ангийнхан дотуур байрны арын сагсан бөмбөгийн талбайд очиж болдог юм байна.
Дотуур байранд үе тэнгийнхний дээрэлхэлт харьцангуй бага. Гэхдээ хүүхдүүд сайдаж, муудах тохиолдол бишгүй гардаг гэнэ. Тиймээс сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нь дотуур байрандаа ч давхар ажилладаг. Тэгсэн ч тэд бүх хүүхдэд хүрч ажиллах боломж хязгаарлагдмал учраас дотуур байранд нэмэлтээр сэтгэлзүйч ажиллуулж эхэлжээ. Гэхдээ байнга бус, гурван сарын гэрээгээр ажиллуулж буй. Ер нь сургуулийн багш, ажилтны цалин хэт бага учир тогтвор суурьшилтай ажилладаг хүн ховор гэнэ. Жишээ нь, багш, ажилтны цалин саяхан л 30 хувиар нэмэгдсэнээр бага зэрэг өссөн гэнэ. Үндсэн багш одоогоор 1 050 000, дотуур байрны багш 911 449, туслах багш 757 905 төгрөгийн цалин авч байгаа бөгөөд жижүүр, үйлчилгээний бусад ажилтных үүнээс ч бага.
Мөн хоолны чанар тааруу, зарим хүүхэд цаддаггүйг ХЭҮК-оос мэдээлсэн юм. Үүний талаар холбогдох хүмүүсээс тодруулахад бусад сургуулийг бодвол “Үдийн хоол” хөтөлбөрийн мөнгө жаахан ахиу гэлээ. Тухайлбал, 1-12 дугаар ангийнхан өдөрт 2400 төгрөгийн үдийн цай уудаг. Дотуур байранд амьдардаг бага ангийнхан өдөрт 4000, ахлах ангийнхан 4300 төгрөгөөр хооллодог аж. “Үдийн хоол” хөтөлбөртэй нийлүүлэн тооцвол сурагчид өдөрт таван удаа хоол иддэг хэмээсэн. Гэвч хүүхдүүд өлслөө гэх санал хүсэлт их гаргадаг юм байна. Тиймээс тус сургуулийн холбогдох албаныхан хоолны орц, найрлага, илчлэгийг шинээр тооцож гаргахаар болжээ.
Сургуулийн дотуур байрны үйл ажиллагааг ХЭҮК-оос шалгаж, хүүхдүүдээс тодорхой асуумж аваад хэд хэдэн шаардлага өгсөн аж. Тухайлбал, сургуулийн захирал С.Батмягмарт өгсөн шаардлагад сургалтын чанар, үйл ажиллагаандаа дотоод үнэлгээ хийж, удирдлага, зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэх шаардлага тавьсан байна. Мөн багш, ажилтнуудын дохионы хэлний чадварыг сайжруулах, сургуулийн секц, дугуйлан, хичээлээс гадуурх арга хэмжээнд зориулсан танхим, хэрэгслийг сайжруулах, дотуур байранд хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаарджээ.
Ямартай ч хугас өдөр дотуур байрны хүүхдүүдтэй ярилцахад эерэг, сөрөг янз бүрийн байр суурь илэрхийлж байв. Багш нар хүүхдийг цохиж, сэгсэрч, хөнжлийг нь татаж сэрээдэг гэх асуудлыг ХЭҮК-ын шалгалтын дүнд дурдсан байсан. Өнгөрсөн нэгдүгээр сард 29 дүгээр сургуулийн захирлын албыг авсан С.Батмягмараас үүний талаар тодруулахад “Сул сонсголтой учир хүүхдүүдийг дуудаад сэрэхгүй. Тиймээс зарим залуу багш туршлагагүйтэж, хүүхдийн хөнжлөөс татах, зөөлөн алгадах зэргээр хүрэх нь бий. Өдрийн цагаар өрөөний хаалганы дээд талд суурилуулсан гэрэл анивчиж “Хичээлийн цаг”, “Хоолны цаг боллоо” гэдгийг “хэлдэг”. Мөн усанд орох өрөөнүүдийг гаднаас нь онгойлгож орох боломжтой. Энэ нь ч учиртай. Хүүхдүүд усанд орох үеэрээ халтирч, унах тохиолдолд хаалгыг нь нүдээд сонсохгүй. Тиймээс үүнээс сэргийлдэг” хэмээсэн юм.
Харин багш нарын хүрэлцээг сайжруулахад хүндрэлтэйг тэрбээр хэлсэн. Тус сургуульд өдгөө тэтгэвэрт гарсан зургаан багш ажиллаж буй аж. Мөн эл сургуулийг төгсөгчид эндээ үлдэж ажилладаг. Бусдаар тогтож үлдэх багш тун ховор юм билээ. Тиймээс ахлах ангийнхнаас 12 хүүхдийг сургагч багшаар бэлтгэж, зөвлөн тусалж байгаа гэнэ. Эл сургуулийнхан хүний нөөцийн хомсдолд үе үе ордог. Учир нь их, дээд сургуулийн багшийн ангиудад дохионы хэл огт заадаггүй. Тиймээс шинэ төгсөгч 29 дүгээр сургуульд ажилд орсон хойноо л ахмад багш нараасаа дохионы хэл сурдаг аж. Боловсролын их сургуульд өнгөрсөн нэгдүгээр сараас л энэ чиглэлийн анги нээсэн байна. Тиймээс цаашид багш нарын хүрэлцээний асуудал шийдэгдэнэ гэж найдаж буйгаа тус сургуулийнхан хэллээ.