БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-д болсон Аялал жуулчлалын өндөр дээд хэмжээний уулзалт болох “KOPIST-2023” оролцсон байна. Уг айлчлалын үед “Монголд зочлох жил -2023 -2025” арга хэмжээний хүрээнд “К-ПОП" фестивалийг 2023 оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар хоёр тал эцэслэн шийдвэрлэв.
Тодорхой хэлбэл, БНСУ, Монгол Улс, Япон Улс, БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Азийн орнуудад танигдсан "К-ПОП" дуучид Монгол Улсад тоглолтоо хийх юм. Улмаар Монгол Улсын рок, попын уран бүтээлчид мөн тус тоглолтод оролцохоор харилцан тохиролцжээ.
БНХАУ, Япон Улс, Монгол зэрэг Азийн бусад орнуудад танигдсан К-ПОП одуудыг эл хөгжмийн наадамд оролцуулж, нэг үгээр хэлбэл, дэлхийн залуучууд монголд чуулах юм. Үүнийг дагаж Хятад, Сингапур, Тайван, Тайланд улсаас к-попын үзэгч, фенүүд ирнэ хэмээн зохион байгуулагчид тооцоолж буй аж.
K-Pop үүсгэн байгуулагч И Сү Ман өмнө нь "Монголд тавтай морилно уу" өдөрлөгт оролцох үеэрээ К-ПОП хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаа зарлаж байсан удаатай.