Жүдо бөхийн Антальягийн "Их Дуулга" тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медалийн эзэн болов.
Тэрбээр 2023 он гараад хоёр дахь "Их Дуулга"-даа мөнгөн медаль хүртээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Парист, сарын дараа буюу өнөөдөр Антальяд үзүүрллээ. Түүний хувьд үдээс өмнө дэлхийн чансааг тэргүүлэгч, Молдавын Денис Виеру, дэлхийн дэд аварга Казахстаны Гусман Киргизбаев, ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Тал Фликкер тэргүүтэй шилдгүүдийг илүүрхэн ялсан ч финалд манай Ё.Басхүүг 1/8 шигшээд "мулталсан" Францын Максим Гобертэй илт илүүрхэж барилдсан ч хансөкү макэгээр ялагдсан юм. Хэдийгээр Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртсэн ч эх орноо төлөөлөн Дохагийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох эрхээ баталгаажууллаа.