Стандарт, хэмжил зүйн газраас “Стандарт ба хөгжил” хэлэлцүүлэг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр манай улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 6500 гаруй стандартаас сонгон хэрэглэж буйг онцлов. Австрали 6000 стандарт мөрддөг бөгөөд хэрэгжилт нь 100 хувь байдаг аж. Харин манайхан дээрх стандартуудаас 2500 орчмыг нь бараг л хэрэгжүүлдэггүй гэнэ. Жишээ нь, Монголын эрүүл мэндийн салбарт 702 стандарт хэрэгжүүлэхээр баталсан. Гэтэл тэдгээрээс 135-ыг нь сонгон хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэхгүй ч байж болох стандарт гэсэн үг. Улмаар 250-ийг нь шинэчлэх шаардлагатай, үлдсэн нь хэрэггүй буюу ашиглагддаггүй стандарт гэнэ.
Хүний эрүүл мэнд, амь настай нягт холбоотой салбарын стандарт ийм байхаар бусдынх нь нөхцөл байдал тун хүнд гэдэг нь ойлгогдох биз ээ. Шадар сайд С.Амарсайхан “Стандарт ба хөгжил” хэлэлцүүлгийн үеэр “Улс орноо эмх цэгцтэй болгоход стандарт хэрэгтэй. Гэтэл Монголд стандарт мөрдөхгүй байна. Тиймээс эхлээд стандартын соёлыг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад стандартын тухай ойлголт, мэдлэг олгоё. Их, дээд сургуулийн хөтөлбөрт стандартын хичээл тусгая. Улс төрөө хүртэл стандарттай, хэм хэмжээтэй, ёс зүйтэй болгоё. Засгийн газар энэ чиглэлээр холбогдох албаныханд тодорхой үүрэг даалгавар өгч, бүх яам, Тамгын газар үүнд оройлон оролцъё. Ингэж байж бид эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдэнэ. Өдгөө иргэдийн стандартын талаарх мэдлэг, ойлголт муу байна. Төрийн байгууллагын уялдаа холбоо ч тааруу. Зарим нь стандарт ярихаар зовлон тоочоод, нэг хэсэг нь хариуцлага тооцно гэхээр явган хэрүүл хийдэг. Эрүүл мэнд, барилга, хүнсний салбар хамгийн олон стандарттай хэрнээ хэрэгжилт нь хамгийн муу. Тиймээс тогтолцоог нь өөрчилье, стандартын ач холбогдлыг сурталчилсан байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг урамшуулъя” хэмээсэн юм.
5500-78 700 ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ
Манай улсад нийт 6522 стандарт баталсан байдаг аж. Үүний 3673 нь үндэснийх. Мөн олон улсын түвшинд хүрсэн нь 2849. Үндэснийх болгож баталсан олон улсын стандарт 2404, адилтгасан нь 445 байна. Гэвч Монголд бүх төрлийн үйл ажиллагаа стандартгүй мэт л замбараагүй байдаг. Үүний гол шалтгаан нь стандартууд төлбөртэй байдагтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, стандартыг татаж авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөхөөс аргагүй. Ийм тохиолдолд хэн худалдаж авч, түүнийгээ хэрэгжүүлэх билээ. Тухайлбал, олон улсын стандарт хамгийн багадаа 34 000-805 000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин үндэсний стандарт татах болон хэвлэж авахад 5500-78 700 төгрөгийн төлбөртэй.
Ийм хачирхалтай байдлыг албаныхан “Олон улсад тавьдаг шаардлагын дагуу ISO стандартыг заавал худалдаж авах ёстой” хэмээн тайлбарладаг юм. Харин иргэд, аж ахуйн нэгжүүд үүнийг ихэд эсэргүүцдэг билээ. Ялангуяа хөдөлмөр хамгаалал, барилгын салбарынхан дотоодын стандартаа нээлттэй, үнэ төлбөргүй болгох ёстой хэмээн шаардаж байна. Энэ нь боломжтой, эсэхийг Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд зааснаар аливаа үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж дээрх стандартуудаас сонгон авч хэрэгжүүлэх ёстой. Тиймээс бид стандартыг түгээе, дэлгэрүүлье, мөрдөж хэвшүүлье гэвэл үнэ өртгийг нь бодолцох ёстой. Үүний дагуу асуудлыг судалж, гарц гаргалгаа олох шаардлагатай гэж үзсэн. Зарим шийдвэрээ удахгүй гаргана” хэмээсэн юм.
Салбарынхаа стандартуудыг олон нийтэд таниулан сурталчлахын тулд А.Ариунзаяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа буюу “Хүүхдийн эрхийн стандартын эмхэтгэл” ном хэвлүүлж, хот, хөдөөний иргэдэд тараасан удаатай. Тус салбарт түлхүү ашигладаг 15 стандартыг үүнд нэгтгэсэн бөгөөд 7000 ширхгийг хэвлүүлж, 6000-ыг нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынханд, 1000-ыг нь ерөнхий боловсролын сургуулиудад өгчээ. Олон нийтийн стандартуудаа түгээхийн тулд төрийн зарим байгууллага ийм арга хэмжээ хүртэл хэрэгжүүлж байх жишээтэй. Түүнчлэн зарим байгууллагынхан стандартын хэл найруулга оновчгүй, хэт мэргэжлийн, ойлгож уншихад хэцүү байдгийг шүүмжилсэн. Ер нь стандартуудын агуулга маш ойлгомжгүй, худалдаж аваад, хэвлэж уншаад ч хэрэгжүүлэхэд хүндхэн байдаг гэнэ. Тиймээс хэрэгжүүлэхийн тулд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байлгах шаардлагатай аж. Үүнийг шийдэх боломжтой, эсэхийг Стандарт, хэмжил зүйн газрынхнаас тодруулахад энэ төрлийн гомдол, саналд “булагдсан”-аа хэлэв. Тиймээс стандартыг эмх цэгцтэй, ойлгомжтой байлгахаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдээс зөвлөгөө, мэдээлэл авч хамтарч ажиллаж байгаа гэнэ. Цаашид үг хэллэг, утга найруулга сайтай гарын авлагууд боловсруулж, түгээхээ мэдээлсэн.
Стандарттай холбоотой энэ мэт олон асуудал бий тул Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулжээ. Эл хуулийн төсөлд 20 орчим өөрчлөлт оруулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлэв. Тухайлбал, төлбөр нь уян хатан нөхцөлтэй, зарим тохиолдолд үнэгүй түгээх зохицуулалтыг хуульчилна гэсэн юм. Түүнчлэн одоогийн хуульд стандартыг заавал мөрдөх бус, сонгож хэрэгжүүлэх заалт байдгийг өөрчлөхөөр төлөвлөжээ. Үүний хүрээнд стандартыг нэгэнт сонгосон бол хууль мэт хэрэгжүүлдэг байх заалтыг төсөлд тусгах гэнэ. Мөн дээрх хуулийн 13.2-т “Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна” хэмээн заажээ. Уг заалт нь дээрх хуулийн амин сүнс нь гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. Гэсэн ч энэхүү заалтын хэрэг жилт хангалтгүй байгааг өчигдөр болсон хэлэлцүүлэг оролцогчид шүүмжлэв.
Хөгжингүй улсууд стандартаа ягштал мөрддөг. Тэдний хувьд стандарт нь хууль, бас зөвшөөрөл болдог аж. Стандартаа мөрдөх нь улс орны хөгжлийн гол шалгуур үзүүлэлтийн үүрэг гүйцэтгэдэг байна. Гэтэл Монгол Улс өдгөө олон чанарын дэд бүтцийн индексээр 180 орноос 80-д жагсаж буй. Нэгдүгээрт ХБНГУ, хоёрдугаарт БНХАУ, гуравдугаарт АНУ эрэмбэлэгд дэг аж. Ийнхүү чанарын дэд бүтцээр дээгүүр эрэмбэлэгддэг орон бүтээгдэхүүнээ олон улсад экспортолж чаддаг. Монголд ч ийм боломж бий. Үүний тулд гагцхүү стандартуудаа сайжруулж, мөрдөх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Ийм боломж бүрдүүлэхэд мэдээж Засгийн газрын дэмжлэг хэрэгтэйг онцолж байлаа.
Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар стандартад онцгой анхаарна. Улс төрийн шийдвэрээ ч гаргасан. УИХ-ын энэ хаврын чуулганы хуралдаанаар стандарттай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг батална. Нэн тэргүүнд төрийн худалдан авах ажиллагааны чанарыг сайжруулна. Өнгөрсөн хугацаанд бид дандаа хямдхан бүтээгдэхүүн авч ирсэн. Ялангуяа хамгийн муу стандартыг хэрэгжүүлж байж. Тиймээс үүнээс татгалзъя. Шинэ тогтолцоотой болъё. Стандарт хангуулах төрийн бодлоготой болж, хууль, эрх зүйн хүрээнд шинэчлэл хийнэ. Тиймээс Стандарт, хэмжил зүйн газрынхан амьдралд нийцсэн стандарт батлахын тулд хичээж ажиллаарай. Дэлхий нийт өөрчлөгдөж, хөгжиж байна. Гэтэл Монголд амьдралын наад захын аюулгүй байдлын шаардлага хангасан нэг ч байгууллага байхгүй шахам. Үүнийг өөрчлөхийн тулд чанартай стандарт батлаарай гэж дахин дахин хэлье. Улмаар стандартын хэрэгжилтийг давхар хянах болно” хэмээлээ.
Д.ГАНТУЛГА: БАРИЛГЫН САЛБАРЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ
Барилгын салбарт 637 стандарт мөрдөж буй. Тэдгээрийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаас тодрууллаа.
-Барилгын салбарт Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэр сайн хэрэгжүүлж байна вэ?
-Манай салбарт дан ганц стандарт мөрддөггүй. Барилгын норм, техникийн зохицуулалтаа мөрдөнө. Барилгын салбарт мөрдөх техникийн хоёр зохицуулалтыг Засгийн газрын тогтоолоор 14 хоногийн өмнө баталсан. Тэдгээр нь галын болон барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт юм. Засгийн газрын тогтоол учраас заавал мөрдөх учиртай. Үүнийг дагаад барилгын норм ба дүрмийг Барилга, хот байгуулалтын сайд баталдаг. Барилгын салбарын хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулахын тулд стандарт, журам баталдаг. Товчхондоо, дагаж гаргасан барилгын норм ба дүрэм 195, стандарт 655, бусад дүрэм, аргачлал 230 бий.
-Стандартыг хэрэгжүүлэхийн тулд ямар ажлууд хийж байгаа бол?
-Стандартын хэрэгжилтийг сайжруулахын тулд заавал мөрдөж дагах ёстой техникийн зохицуулалтаа баримтлах ёстой. Нэгдүгээрт, техникийн зохицуулалтаар сонгон хэрэглэсэн стандартаас эшлэл авах замаар хангуулах ёстой. Өөрөөр хэлбэл, салбарын хэмжээнд эрх зүйн чадамжийг заавал мөрдөх шинж чанартай болгоно гэсэн үг. Хоёрдугаарт, хоёр этгээд гэрээ байгуулахад тухайн стандартыг гэрээнд тусгачихвал заавал мөрдөх шинж чанартай болно. Гуравдугаарт, салбарын сайдын баталсан барилгын норм ба дүрмээс эшлэл авбал заавал мөрдөх ёстой болно. Эхний ээлжид зураг төслийн шатанд стандарт хангуулах нь зөв. Барилгын зураг төслийн компаниуд арматур, бетон, тоосго нь яг ямар стандартыг мөрдөх ёстойг тодорхой тусгах нь зүйтэй.
Түүнчлэн стандартын хэрэгжилтийг хангуулах гол субъект бол захиалагч. Тэр дундаа захиалагчийг төлөөлж хяналт тавьдаг инженерүүд стандартыг мөрдүүлэх ёстой. Тухайн барилгын талбайд авчирсан материал стандарт хангасан, эсэх, тохирлын болон гарал үүслийн гэрчилгээг заавал шаардах хэрэгтэй. Тэгвэл стандарт бүрэн хэрэгжих боломжтой. Товчхондоо, стандартыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн ч оролцогч талууд анхаардаггүйгээс нөхцөл байдал сайжрахгүй байгаа юм. Нөгөө талаар материал нь стандартад нийцсэн, эсэхийг бүрэн шинжилж чадахгүй байна. Тийм хүчин чадалтай лаборатори алга.