Төсвийн бүх байгууллагад санхүүгийн сахилга бат тогтоож, үрэлгэн байдлыг нь хязгаарлах зорилгоор жилийн өмнө Төрийн хэмнэлтийн тухай хууль батлан, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлж буй билээ. Гэвч төрийн зарим байгууллага хуулийг гууль болгож, хэмнэх бус, хэт үрэлгэн байдалд ажиллаж байна.
Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан ч бас Төрийн хэмнэлтийн хуулийг дагаж мөрдөх ёстой албан тушаалтан. Тэрбээр төрийн улс төрийн албан тушаалтан гэх статуст хамаарах нэгэн билээ. Харамсалтай нь, эл хуулийн үйлчлэл түүнд хамаарахгүй байна уу гэлтэй, пиар багийнхнаа төсвөөс цалинжуулж суугаа аж
Үүний томоохон жишээ нь Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг онцгой байдлын байгууллага. Энэ байгууллагаас цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс нь ч, ял шийтгүүлсэн нь ч төрийн албанд орж цалин авдаг, Шадар сайдын пиар багийнхан ч төрийн тусгай алба хаагчийн орон тоонд ажиллаж буй юм.
74 НАСТАЙ ХҮНИЙГ ТОГООЧООР АЖИЛЛУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БИЙ ЮҮ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямбын тушаалаар онцгой байдлын байгууллагын найман офицерт хурандаа цол олгосон юм. Тухайлбал, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадар хамгаалагч асан, өдгөө НОБГ-ын Аврах анги-105-ын захирагч М.Мөнхөө, түүний байгуулсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан, одоо Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагчаар томилогдсон С.Бямбасүрэн зэрэг офицер үүндбагтжээ. ОБЕГ-ын харьяанд байдаг, Богдхан уулын Жаргалантын ам дахь сувиллыг Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги хэмээн албан ёсоор нэрийдэх болсон бөгөөд мөнөөх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын байгуулсан МАХН 2020 оны УИХ-ын сонгуульд ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн намтай нийлэн “Та, бидний эвсэл” нэрээр оролцсон билээ. Тэгэхэд ОБЕГ-ын Хангалт, үйлчилгээний ангийн захирагчаар хурандаа цолтой ажиллаж байсан С.Бямбасүрэн ажлаа өгч УИХ-ын 23 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт уг эвслээс нэр дэвшин өрсөлдсөн юм. Сонгуульд амжилт олоогүй тэрбээр онцгой байдлын байгууллагадаа эргэн орохоор нэлээд хөөцөлдөж, 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр “Онцгой-Жаргалант” сувиллын захирагчаар ажиллаж байсан Ц.Уранчимэгийг (нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Гаалийн газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Отгонсүхийн эхнэр) ОБЕГ-т хэлтсийн даргаар дэвшүүлээд, оронд нь С.Бямбасүрэнг томилсон байдаг. Тэрбээр онцгой байдлын байгууллагад нэг бус удаа ажилд орж, тэр тоолонгоор гарч байсныг хамт ажиллаж байсан олон хүн хэлдэг юм.
Шадар сайдын пиар багаас гадна “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын нэр дээр бас цөөнгүй хүн дээрх дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах ангиудаас цалинждаг юм билээ
Хурандаа С.Бямбасүрэн энэ удаа сувиллын захирагчаар томилогдмогцоо 74 настай хүнийг тогоочоор ажилд авсан гэнэ. Төрийн байгууллагад ажиллах хүний насны дээд хязгаар гэж бий. Төрийн албаны тухай хуулийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан. Гэтэл 70 гарчихсан хүнийг тогоочоор ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 30 гаруй настай хүний нэрээр хийж буйг ОБЕГ-ын удирдлага мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж суугаа нь хачирхалтай. Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуульд ахмад настан хөдөлмөр эрхэлж болохоор заасан ч төрийн тусгайлсан чиг үүрэгтэй онцгой байдлын байгууллагад насны дээд хязгаар хэтэрсэн хүнийг өөр хүний нэрээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж буй нь Төрийн хэмнэлтийн хуультай зөрчилдөөд байгаа юм биш биз.
ДЭЭД ОФИЦЕРУУД АНХАН ШАТНЫ НЭГЖЭЭС ЦАЛИН АВЧ СУУНА
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч, төсвийн байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр хамаарахаар заасан. ОБЕГ түүний харьяа анги салбар бол төрийн тусгай байгууллага. Гэвч санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж буй, эсэх нь эргэлзээтэй. Учир нь онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан дээд офицерууд хотоос алслагдмал анги байгууллагад аврагч-гал сөнөөгчийн орон тоонд томилогдож, тэндээс цалин авч суугаа аж. Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бригадын генерал цолтон Ажлын албаныхаа нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эмэгтэйн хамтаар Шувуун фабрик дахь аврах, гал сөнөөх ангиас цалинжиж суугаа гэх. ОБЕГ-ын Тамгын газарт удирдах албан тушаал хашиж байсан нэгэн хурандаа 2015 оны дөрөвдүгээр сард цэргийн байнгын тэтгэвэрт гарчихаад бас л нэг ангид аврагч-гал сөнөөгчийн орон тоонд цалин авч буй гэнэ. Тус газарт удирдах албан тушаал хашиж байсан өөр нэг хурандаа саяхныг болтол хотоос алслагдсан нэгэн ангиас бас л цалинжиж байж.
Гэтэл анхан шатны нэгж буюу аврах, гал унтраах ангиуд орон тоо дутуу ажиллаж байдаг юм билээ. Тиймдээ ч аврагч-гал сөнөөгч залуус хуульд заасан ажил, амралтын хоногоо эдэлж чаддаггүй аж. Хуульд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн алба хаагчийг 72 цаг амраах зохицуулалттай ч хүн хүч хүрэлцдэггүйн улмаас “нөхөөс”-нд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч онцгой байдлын анги салбар болгонд бий. Нийслэлийн алслагдсан дүүрэг дэх нэгэн ангид ОБЕГ-ын удирдах албан тушаалтны хамаатан садан нь хариуцлагатай албан тушаалтны орон тоонд томилогдсон тушаал гарсан ч түүнийгээ хийдэггүй атлаа төвийн газар, хэлтэстээ цэвэрлэгчээр ажилладаг тохиолдол ч байгаа юм билээ.
Аврах, гал унтраах ангийн гал сөнөөгчид нэгдүгээр хүн нь хоолой, хошуугаа бариад гал гарч буй цэг рүү гүйдэг, хоёрдугаарх нь хоолойнуудыг холбодог, гуравдугаарх нь машинтайгаа холбож, усаа шахдаг, дөрөвдүгээрх нь орчны аюулгүй байдлыг хангах, тавдугаарх нь холбоо мэдээллээр хангах гэх зэрэг байдлаар харилцан уялдаатай ажилладаг. Гэтэл зарим ангийн гал сөнөөгчдийн орон тоонд дээд офицерууд нь цалин авч орон тоо бөглөж суугаагаас болж аврагч-гал сөнөөгчдийн хүрэлцээ муудна. Ингэснээр тухайн байгууллага аврах ажиллагаанд цаг алдаж ирлээ гэх мэт хэл аманд өртөх тохиолдол ч гарсаар буй билээ.
ШАДАР САЙДЫН ПИАР БАГИЙНХАН ДҮҮРГҮҮДИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС ЦАЛИНЖДАГ
Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан ч бас Төрийн хэмнэлтийн хуулийг дагаж мөрдөх ёстой албан тушаалтан. Тэрбээр төрийн улс төрийн албан тушаалтан гэх статуст хамаарах нэгэн билээ. Харамсалтай нь, эл хуулийн үйлчлэл түүнд хамаарахгүй байна уу гэлтэй, пиар багийнхнаа төсвөөс цалинжуулж суугаа аж. Онцгой байдлын байгууллагынхны мэдэж, хоорондоо ярилцаж буйгаар пиар багийн таван хүнээ нийслэлээс алслагдсан Налайх, Багахангай, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа ангиудад гал унтраах машины жолооч, гал сөнөөгч гэх зэрэг орон тоонд дэд ахлагч цолтой томилуулсан гэнэ. ОБЕГ-ын удирдлагад Шадар сайд үүрэг өгч 2022 онд Б/... дугаартай тушаал гаргуулсан гэх яриа алба хаагчдынх нь дунд бий. Шадар сайд өөрийнхөө хийж буй үйл ажиллагааг нийтэд сурталчлах нь зүйн хэрэг. Гэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн төрийн тусгай алба хаагчдын цалингаас хумсалж, пиар багийнхнаа цалинжуулах нь зөв үйлдэл гэж үү.
Шадар сайдын пиар багаас гадна “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын нэр дээр бас цөөнгүй хүн дээрх дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах ангиудаас цалинждаг юм билээ. ОБЕГ-аар тогтохгүй төрийн цэргийн байгууллагад ч ийм байдлаар төсвийн хөрөнгөөс хумслан цалинжиж суугаа хүмүүс бий гэдэг. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилт ямар байгааг нягталж, жинхэнэ алба хаагч нь хүрэлцэхгүй атал тэдгээрийн оронд албан тушаалтнууд дээрх байдлаар татвар төлөгчдийн улсдаа тушаасан мөнгөнөөс цалинжиж буй явдлыг таслан зогсоогоосой. Төсвийн мөнгө уйлахгүй ч татвар төлөгчдийн мөнгөнөөс шимэгчилж амьдардаг, тэднийг ивээн тэтгэж амьдруулж буй хүмүүс байгаад анхаарч, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхгүй бол ачааны хүндийг үүрэгч иргэд энэ бүхэнтэй үргэлж эвлэрэхгүй нь мэдээж.
Бэлтгэсэн: Г.Равжаа