БОАЖЯ гэж үеийн үед хөл, толгой нь олддоггүй, хэрүүл тэмцэл салдаггүй, эрх ямба, ашиг сонирхлын зөрчил цаг үргэлж өрнөж байдаг бужигнаантай газар байх юм. Одоогоос жил гаруйн өмнө үүрэгт ажлаа хүлээн авч, тамгаа гардсан салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь хоорондоо тэмцэлдсээр албан тушаалд томилогдсон ойн босгон дээрээ нэгнийгээ “явуулж” орхилоо. Уг нь Б.Бат-Эрдэнэ, Г.Түвдэндорж, Э.Баттулга гурвыг харьцангуй шинэ, залуу хүмүүс, хурдтай, нийцтэй ажиллах боломжтой хэмээн байгаль орчны салбарынхан итгэл хүлээлгэж байсан сан. Даанч тэд гар нийлэн ажиллаж чадсангүй. Эцэстээ хагарал, толхилцоон нь тогооноосоо хальж, хоорондоо бичсэн зурвасаа хүртэл нийтэд ил болгож хөгөө чирлээ.
Б.Бат-Эрдэнэ сайд хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өгөхдөө Э.Баттулга албан тушаалаараа далайлган бусдыг дарамталж, хууль бус шийдвэр гарган, тус яамны Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэлийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан хэмээн ярьсан юм. Мөн түүнийг өөрийнх нь хурдыг гүйцдэггүй, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад учруулсан учраас “Хамтарч ажиллах боломжгүй” хэмээн ЗГХЭГ-т санал хүргүүлснээ хэлсэн. Төрийн алба хуультай, дэгтэй, хэн дуртай нь хүссэн хүнээ халах тушаал гаргадаггүйг ч тэрбээр онцолж байв. Харин Э.Баттулга хэвлэлээр дамжуулан “Хувь хүний талаас таагүй харилцаа, үл ойлголцол бидэнд байхгүй. Харин улсын ажилтай холбоотой асуудлууд бий” гэсэн товч тайлбар л хэлсэн юм. Төрийн нарийн бичгийн даргаа явуулах гол үндэслэл болсон гэх, Э.Баттулгын гарын үсэг бүхий албан бичигт дурдсанаар бол халагдах тушаал авсан Хуулийн хэлтсийн дарга нь төрийн албан хаагчийн ёс зүйг уландаа гишгэсэн нэгэн байж гэж харагдахаар буй юм. “Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл нь албан хаагчдыг удаа дараа хавчин гадуурхах, эрхшээлдээ байлган дарамтлах, ажлын цагаа бүртгүүлэхгүй байх, төрийн жинхэнэ албан хаагчдыг хууль бус үйлдэл хийхийг шаардаж Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн тул төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж тус тушаалд бичжээ. Эндээс Төрийн албаны тухай хууль зөрчиж, албан тушаалаараа далайлган бусдыг дарамталсан нь Э.Баттулга уу, С.Цогтгэрэл үү гэдэг нь эргэлзээ дагуулж байгаа юм. Албан тушаалдаа аархаж, эрээгүй аашилсан ажилтнаа явуулсныг эрхэм сайд хууль бус шийдвэр гэж үзэв үү. Эсвэл өөрийнх нь томилсон хүнийг халах шийдвэр гаргасан нь буруудав уу. Нэг бол Э.Баттулга С.Цогтгэрэлийг үндэслэлгүйээр халахыг санаархав уу. Энэ эргэлзээ хаана хаанаа бүрэн тайлагдаагүй атал нэгийг нь явуулж, нөгөөхийг нь хамгаалж үлдэв. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа ч “Сайд нь хамтарч ажиллах боломжгүй гэж хүсэлт гаргасны дагуу түүнийг чөлөөллөө. Өөрөө энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх байх” хэмээн бас л битүү хатуу тайлбар хэлсэн юм.
Зарим эх сурвалж, байгаль орчны салбарынхан энэхүү толхилцооныг эрх ашиг, өөрийн томилсон хүнээ хамгаалах гэсэн сөргөлдөөнөөсүүдэлтэй гэж тайлбарлаж буй. Үүнийг үнэний ортой гэж үзэх үндэслэл байна. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга асны хараанд өртөж халагдахаа шахсан, өдгөө БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй С.Цогтгэрэл нь сайдыг дагаж тус яаманд ирсэн нэгэн юм. Тэрбээр одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө ШӨХТГ-ын дэд даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ ч тус газрын даргаар ажиллаж байхдаа сайдын албан тушаалд томилогдсон. Түүнийг дагаж ирсэн хүн ганц С.Цогтгэрэлээр тогтохгүй. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын даргаар ажиллаж байсан Ш.Цэрэндулам хэмээх эмэгтэйг яамныхаа Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар томилсон. БОАЖ-ын сайд яамныхаа нэг бус газар, хэлтсийн даргаар өөрийнхөө ойр дотнын, мэргэжлийн бус хүмүүсийг томилсон нь хөдөлшгүй баримтаар нотлогдож байна. Тэгэхээр энэ сөргөлдөөн Э.Баттулгын удаан, тэрс зангаас бус, сайдын “гарын хүн”-ээр оролдсоноос улбаатай байх магадлалтай. Ийм толхилцоон дан ганц Б.Бат-Эрдэнэ сайдын үед тохиож байгаа юм биш. Өмнөх сайд нарын үед ч хэрүүл тэмцэл, талцал маргалдаан салдаггүй байв, энэ яамнаас.
Байгаль орчин, аялал жуулчлал бол ашиг сонирхлын зөрчил ихтэй салбар. Байгалийн нөөц баялгийг ашиглахтай холбоотой аливаа тусгай эрх, зөвшөөрөл энэ яамаар дамждаг учраас хэнийг сайдаар, ямар хүнийг аль газар, хэлтсийн даргаар томилох вэ гэдэг нь Засгийн газрын тэргүүний хувьд ч, сайдын түвшинд ч тархи чилээсэн шийдвэр байдаг. Сайд томилогдох бүртээ өөрийн багаа буюу гар нийлэн ажилладаг хүмүүсээ дагуулж ирдэг нь ёс болсон. Ингээд хуучин, шинэ ажилтнуудын дунд үл ойлголцол, зөрчил үүсдэг. Энэ нь яван явсаар удирдлагуудын хэмжээнд хүртлээ даамжрах нь бий. Сүүлд өрнөсөн үйл явдал бол үүний тод жишээ. Н.Уртнасан сайдын үед ч ийм явдал болж байв. Яамны хуучин ажилтнууд түүнийг ойр дотнын хүмүүсээ албан тушаалд тохоон томилсон, олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдийг ад шоо үзэж, хавчин боодог тухай хэвлэлийнхэнд үе үе алтан хошуу өргөж, нэр бүхий сэтгүүлчдээр олон нийтийн сүлжээнд нийтлэл бичүүлж байсан юм. Н.Уртнасанг мэргэжлийн чиг үүргээ хангалттай биелүүлж чадаагүй, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой ажиллаагүй гэдэг үндэслэлээр, олон нийтийн шүүмжлэлийн дагуу дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай нь хамт чөлөөлөх шийдвэр гаргахад ч энэ тэмцэл, муухайгаар харагдуулах зорилго бүхий “тоглолтууд” тодорхой хэмжээнд нөлөөлсөн нь дамжиггүй. Н.Цэрэнбатын үед ч ийм хагарал, хэрүүл байсан. Гэхдээ тэгтлээ газар авч байгаагүй. Сүүлийн хоёр сайдын үед энэ зөрчилдөөн хурцдаж, төрийн албан хэргийн материал, тушаал, шийдвэрийг нэгнийхээ эсрэг ашиглах, муу муухайгаа дэлгэлцэх хэмжээнд хүртлээ гаарав.
БОАЖЯ-нд үүссэн эл асуудал бол манай Засгийн газрын чадамж, төрийн албан хаагчдын нийтлэг байдлын илэрхийлэл юм. Харин тус яамныхан хөшигний өмнө төлөөлөн гарч, энэ бүхнийг нийтэд “тоглон” үзүүллээ. Хэрэв Засгийн газрын тэргүүн танхимаа бүрдүүлэхдээ сайд нараа эхнээс нь зөв олж тавьж чадсан бол, томилогдсон хүмүүс нь анхнаасаа ёс зүйтэйгээр мэргэжлийн чиг үүргээ баримтлан ажилласан бол ийм бугшмал асуудал өнөөдрийг хүртэл амь бөхтэйгөөр оршин тогтнож, ингэтлээ даамжрахгүй байсан болов уу. Сайд, дарга нарыг нүүдлийн шувууд шиг халж, сольдог явдал ч зогсох байсан биз. Иргэдийн итгэлийг хүлээсэн ёс зүйт төрийн албыг төлөвшүүлэх үүрэг хүлээсэн Төрийн албаны үндэсний зөвлөл ажлаа дорвитойхон хийдэг байсан бол төрийн захиргааны байгууллага тойрсон энэ мэт асуудал ингэтлээ ужгирахгүй байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар энэ засгийн үед хэдэн сайдын нүүр үзчихэв ээ. Иргэд нь сайдынхаа нэрийг цээжилж, өнөөх нь ажил үүрэгтэйгээ танилцаж амжаагүй байтал л дараагийнх нь хүнийг томилчихож байна шүү дээ. Ийм байхад яамдаас гаргаж буй бодлого, шийдвэр залгамж халаатай үргэлжилж, ахиц дэвшил гарах нь юу л бол. Нэг сая жуулчин хүлээж авах, агаарын тээврийг либералчлах, хууль, эрх зүйн шинэчлэл хийхээр зорьж буй байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхны хувьд энэ тогтворгүй байдал, талцал хуваагдал бүр ч нэрмээс болох нь дамжиггүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шударга ёс, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хамгийн их хөндөж буй. Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг эхлүүллээ л гэнэ. Үүнтэй холбогдуулан хууль, эрх зүйн хүрээнд томоохон шинэчлэл хийнэ л гэх. Гэтэл Засгийн газрын бүтцэд нь энэ “шүүр”-т өртөх албан тушаалтан цөөнгүй. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар төрийн албанд танил тал, хөрөнгө мөнгөөр томилогдож, бусдын боломжийг “хулгайлдаг” явдлыг арилгахаар ийнхүү ажиллаж эхэллээ” хэмээн орон даяар зарласан. Улмаар аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлаг, төрийн өмчит компанийн дарга нарт хууль, тогтоомж зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоон, ирэх сарын 10-ны дотор ажлаас нь чөлөөлөх үүрэг даалгавар өгсөн. Түүний хэлсний дагуу ийм ажиллагаа хэрэгжүүлбэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сайдын томилсон хүмүүс тэргүүн эгнээнд “шүүр” ажиллагаанд өртөхөөр байгаа юм. Хамгийн гол нь тал тохой татаж албан тушаалд томилсон хүн нь бусдыг дарамталж, хууль бус зүйл хийхийг шаардсан гэсэн үндэслэлээр халагдах тушаал авсан ч өдгөө ажил үүргээ гүйцэтгэж буй. Засгийн газар нэгэнт авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэхээр зориг шулуудсан бол их цэвэрлэгээг хийсэн шиг хийх хэрэгтэй. Үүнийг өөрсдөөсөө эхлүүлчихэд гэмгүй. Тос дотроосоо өтдөг гэдэг дээ. Ингэж чадахгүй бол хэчнээн сайн, шинэ “шүүр”-тэй байгаад нэмэргүй шүү дээ. Хог үлдэнэ л гэсэн үг. Нарийн яривал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар ч нэгэн цаг үед дарга, цэргийн харилцаатай, хамтран ажиллагчид байсан гэдэг юм билээ. Түүнийг ШӨХТГ-аас сайдын албан тушаалд томилсон нь, Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлөх хүсэлтийг нь хоёр хүрэхгүй хоногийн дотор шуурхай шийдвэрлэж өгсөн нь, “поп” сайд хэмээх нэр зүүтлээ олон нийтийн шүүмжлэлд өртөхөд ч чимээгүй ажигласаар байгаа нь хуучин цагийн хамтрагчаа харж үзэж буй хэрэг гэлтэй. Эргэн сануулахад, өмнөх БОАЖ-ын сайдыг олны шүүмжлэлийн хүчээр албан тушаалаас нь татан буулгаж байв. Төрийн албыг танилын алба болгож хувиргадгаас л одоогийн энэ, та бүхний шүүрдэж цэвэрлэхийг хүсэж буй муу муухай бүхэн угшилтайг сануулъя.