Хятадууд цөлд ширхэг мод тарьсан ч экологийн ач холбогдлоос гадна эдийн засгийн үр ашгийг нь давхар тооцдог. Эх дэлхийдээ ч ээлтэй, хүн ардад ч ашигтай байхаар тооцож, модоо тарьдаг гэсэн үг. Энэ хэрээрээ эдийн засгаа солонгоруулж, их хэмжээний ашиг олдог. Энэ жишгийг Монголд нутагшуулахаар “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 100 сая мод тарих амлалт өгсөн. Өнгөрсөн долоо хоногт Монголын эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийнхэнтэй аяны дөрөө нэгдэж, амлалтаа хэрхэн биелүүлж буйтай танилцах завшаан тохиов. Тэд мод тарих ажилдаа хэдийн ханцуй шамлан оржээ. Тодорхой хэлбэл, “Ногоон хөгжил” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Ойн генетик нөөцийн төв байгуулж, үрийн агуулах болон хөрсний төвтэй болж, амжжээ. 2022 оны зургадугаар сарын 22-нд байгуулсан эл төвд өнөөдрийн байдлаар 1500 хол давсан хүн, аж ахуйн нэгж, байгууллага үйлчлүүлжээ. Ойн төвд хэрэглэгч, үйлчлүүлэгчид зориулсан тохилог орчинтой, номын сангийн каталог шиг ургамал, моддын танилцуулга хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, хана дагуулж тавьсан босоо үзүүлэнгүүдээс татаж, моддын онцлог, ургах чадвар, ашиг шим зэрэг мэдээллээ авч болно. Түүгээр ч үл барам хэрэглэгчдэд зориулсан компьютер, принтер ашиглаж, сонирхсон материалаа бусдад дамжуулж, хадгалж, бүр хэвлээд авч болно. Мод тарьж ургуулах “Ногоон хөгжил” төслийн нэгжийн даргаар доктор Я.Ариунзул ажиллаж байна. Ойн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан цөөн эрдэмтний нэг тэрбээр ойн мэргэжлийн долоон инженерээр багаа бүрдүүлжээ. Тус багийнхан “Эрдэнэт” үйлдвэрийн орчныг ногооруулаад зогсохгүй Орхон аймгийг, цаашлаад Монголыг ногооруулах том амбицтай ажиллаж байна. Улмаар ШУА-ны нэртэй эрдэмтдийг багтаа нэгтгэж, Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхэн хамтраад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мод тарих дэд бүтцээ бүрдүүлжээ. Тэд 100 сая модныхоо 30 хувийг хангайн бүсэд, 30 хувийг говийн бүсэд, 20 хувийг иргэдийн хашаанд, 10 хувийг “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын аж ахуйд нөхөн сэргээх журмаар, үлдсэнийг нь хамгаалалтын зурваст 2031 онд хүртэл тарих нь. Жилд дунджаар 10 сая тод тарина. Улмаар мод тарьсан газраа танин мэдэхүй, аялал жуулчлал бүс болгож, ашиглана.
Ямартай ч Ойн генетик нөөцийн төвд ажилласан төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид 100 сая мод тарих үрийн нөөцөө бүрдүүлж, хөрсөө бэлтгэсэнтэй газар дээр нь танилцлаа. Тэд 15 зүйл ургамлын 1.3 тонн үр цуглуулжээ. 300 тонн үрээ хэдийн тарьсан байна. Товчхондоо тус төвд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт хэдийн эхлүүлжээ. Жилд дунджаар 12 сая мод үйлдвэрлэж, экологио тэтгэхээс гадна эдийн засгийн эргэлтэд оруулах нь тэдний зорилгын нэг хэсэг. Энэ ажилдаа ШШГЕГ-ын харьяа хорих ангиас хүмүүжигчдийг татан оролцуулж буй. Хүмүүжигчдийг сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх олгосон байна. Улмаар ажлын байраар хангаж, цалин хөлс олгодог аж. Ажлын байртай болсон хүмүүжигч нар ч цалин авахын зэрэгцээ хоригдох хоногоосоо хасуулж буйтай баяртай бас урамтай ажиллаж байгааг Ойн генетик нөөцийн төвийнхөн хэлсэн.
Германы эрдэмтэд өмнө нь Монгол орны ойг судлаад ихэнх шилмүүст ой нь хорхойд идэгдсэн. Голын дагуух бургаснууд хөгширсөн, хэт шигүү ургаж, газрын шимээ булаалдсан, эдийн засгийн үр өгөөж бага хэмээн дүгнэжээ. Тус улсад модыг 15 жил болонгуут нь тайрч мебель, бусад бүтээгдэхүүн хийдэг, барилгад ашигладаг. Тодорхой хэлбэл, хятадуудтай адил мод нэг бүрээ эдийн засгийн эргэлтэд оруулдаг.
Ойн генетик нөөцийн төвийнхөн эхний ээлжид Орхон аймгийнхнаас 500, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудаас тэр хэмжээний өрх сонгож, хашаанд нь жимсний бут, мод тарьж өгөхөөр тооцоолж буй. Нэг өрхөд 50 бут, үрсэлгээ өгөх юм. Улмаар жимсээрээ чанамал хийж, модоо орон нутгийн иргэдэд борлуулж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг нь бүрдүүлэх нь. Үүнээс гадна газар тариалангийн бүсэд хамгаалах зурвас хэсэг байгуулж мод тарих нь. Цаашлаад Орхоноос Сэлэнгэ хүртэлх замд хөтөч болохуйц 10 эгнээ зурвас мод тарьж эхэлжээ. Мөн Орхон голын эрэг дагуулж, чийгийг нь хадгалах үүднээс бургас мод тарьж буй. Ингэхдээ үйлдвэрийн хоолны хаягдал, бууц, үртэс, модны үнсээр хийсэн бордоо ашиглаж буй. Дээр нь чийгийн улаан, цэвэрлэх байгууламжийн лагаар хийсэн хөрс хийж, зарим модоо тарьж байгаа аж. Гаднын орнуудад түлхүү хэрэглэдэг ашигт мекоризтой хөрсийг ч манайхан дотооддоо хийдэг болжээ. Эл хөрсөнд тарьсан модыг дагаад мөөг ургах боломжтой. Мөн мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборыг 100 га газарт байгуулахаар ажиллаж байна. ТЭЗҮ гаргаж, геологийн хайгуулаа эхлүүлжээ. Энд шилмүүст мод голчлон тарина. Мөн алим, чавганы мод суулгана. Учир нь манай орны ойн сангийн 70 хувийг шилмүүст мод эзэлдэг. Ойн үнэт чанарыг хадгалах үүднээс заавал дээрх төрлийн мод тарих шаардлагатайг Я.Ариунзул доктор онцолсон. Цаашдаа үүнийгээ ойн инновацын парк болгох зорилт тавьжээ. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, бусдыг манлайлан ажиллаж байна. Үүний илрэл нь Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх уурхайн төлөөлөл эл төвд ажиллаж, мод тарих үйл явцтай танилцаж, туршлага судалж, хэрэгжүүлж эхэлсэн явдал ю