Соёлын ордны найруулагч Б.Мушка, дарга Ж.Дамбадугар, багш Л.Дашням, дуучин Н.Гэжид нар. 1961он
Жонон хонгор морь минь ээ хө
Жолоо алдам тэлмүүлнэ дээ хө
Жаахан чинийхээ аашинд нь хө
Жаргахаар би чинь тэмүүлнэ дээ хө...
хэмээн морины сэвэлзсэн хөнгөн явдлыг санагдуулам аялгуутай энэ дууг зарим хүн “Ардын дуу” хэмээн андууран зарлах тохиолдол ч бий. Ардын дуу шиг болтлоо монгол түмний дунд тархсан энэ дууны аялгууг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, тус аймаг дахь ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын найрал дуу хөгжмийн багшаар 50 гаруй жил ажилласан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням Дархан сумын уугуул, ардын билигзүйч, ерөөлч магтаалч Лувсангийн Агваанжамбалын шүлгээр зохиосон юм. Түүнийг Лүндэгийн гэхээсээ илүүтэй “Жонон хонгор”-ын Дашням хэмээн зохиосон дуугаар нь мэдэх хүн олон. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашнямыг онцолъё. Энэ хоёр эрхэм хамтраад “Морины” хэмээн алдаршсан Ж.Нансалмаа агсны дуулдаг “Жонон хонгор”-оор тогтохгүй “Хилэн хар”, “Үйзэн зээрд” зэрэг морины тухай болон “Дууны шүлгийн хаан” гэгддэг Л.Дагвадоржийн үг “Ухаарч амьдрах хорвоо” гэхчлэн олон сайхан дуу зохион ард түмэнд хүргэсэн нь өдгөө ч шинэчлэн дуулагдсаар байгаа билээ.
Уртын дууч, Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, морин хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням. 1963 он
МХЗЭ-ИЙН ҮҮРИЙН ДАРГААС АЙМГИЙН КЛУБИЙН НАЙРУУЛАГЧ БОЛЖЭЭ
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням 1935 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Тэнгэлэг хэмээх газарт малчин ард Лүндэгийн ууган хүү болж мэндэлжээ. Бага, дунд сургууль дүүргээд сумынхаа улаан булангийн эрхлэгч, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ)-ийн үүргийн дарга зэрэг ажил эрхэлж байтал Хэнтий аймаг дахь МАХН-ын хорооноос дуудсан аж. Аймгийн МАХН-ын хорооны шийдвэрээр аймгийн клубийн найруулагч албан тушаалд томилогдсон байна. Энэ тухай түүний хань, “Хан Хэнтий” чуулгын дуучин, найруулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Даариймаа “Өмнөдэлгэрийнхээ улаан булангийн эрхлэгчээр ажиллаж, дууч хуурч ард түмнийхээ дунд ажиллаж амьдарч, тэднийхээ ивээлд багтан авьяасаа хөгжүүлсэн юм билээ. Өөрөө ч морин хуур тоглохоос гадна элдэв чавхдаст хөгжим хийгээд хөрөөдөөд суудаг хүүхэд байсан гэж ярьдаг байлаа. Ээж нь эмнэг сургадаг, уртын болон богино дуу сайхан дуулдаг хүн байсан. Аав нь сайхан хуурддаг, модоор элдэв зүйл хийдэг хүн байсан гэсэн. Нэг өдөр “Аймгийн намын хорооноос дуудсан байна, очиж ямар асуудалтай болсноо шийдүүл. МХЗЭ-ийн үүрийн даргын ажлыг чинь хүлээж аваад явуулъя” гэж сумын удирдлага хэлж. Түүнийгээ хүлээлгэж өгчихөөд аймагт очтол клубийн эрхлэгч, Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул, хүүхдийн зохиолч Дамдинцоогийн Содномдорж уулзаад “Аймгийн МАХН-ын хорооноос шийдвэр гарч, клубийн найруулагчаар таныг ажиллуулахаар болсон байна. Та бид хамтарч ажиллахаар болжээ” гэсэн байгаа юм. Ингээд 1954 оны зургадугаар сард 17 настай хүүхэд найруулагч гэсэн албанд томилогдсон” хэмээн дурслаа.
Хэнтий аймгийн клубийг 1960 оны долдугаар сард Соёлын ордон болгож өргөтгөх шийдвэр гарсан аж. Харин 1954 онд клубийн найруулагчаар томилогдсон Л.Дашням 10-аад жүжиг найруулан тавьж, өөрөө ч бас зарим гол болон туслах дүрд тоглож байсан гэнэ. Тухайлбал, баруун хилийн тулгаралтад баатарлагаар амь үрэгдсэн Өмнөдэлгэр сумын уугуул, Улсын баатар Хоролын Дамбын тухай Д.Цэвээндоржийн зохиол “Мөнхийн харуулд” жүжигт Л.Дашням гол дүрд тоглож, ээж Хоролынх нь дүрийг хань Д.Даариймаа амилуулж байжээ. Хэнтий аймгийн Соёлын ордон болж клуб нь өргөжихөд хөгжмийн багшаар ажиллаж эхэлж. Тэр үедээ найрал дууны багшийн 2-3 сарын курст суралцаж иржээ. Үүнээс хойш найрал дуу хөгжмийн багшаар ажилласан юм байна. Энэ хугацаанд эхэнд дурдсан морины тухай дуунуудаас гадна “Хан Хэнтий миний нутаг”, “Малчин танаа”, “Бэлчээрт дуулах дуу” зэрэг олон дууны хөгжим бичжээ. Мөнөөх ардын билигзүйч, ерөөлч магтаалч Л.Агваанжамбалын “Цэцгийн дунд” хэмээх шүлгэнд Л.Дашням орчин үеийн поп хэмнэлтэй ая зохиож, Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг дуулж байсан түүх ч бий.
Саргүй шөнийн сувдан шүүдрийг
Шимсэн цэцэгс сэрүүн байна
Сэтгэлтэй чамдаа хэлсэн үгийг
Сэрүүн цэцэгс сонссон болов уу ...
гэдэг үгтэй энэ шүлгэнд Б.Бадрууган агсны зохиосон аяар олон түмэн өдгөө мэддэг билээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашнямын зохиосон нийтийн дууны уран бүтээл нь 300 гаруй гэж тоологддог бөгөөд Ц.Сүхбаатарын цомнолоор “Их хувь заяа” ардын дуурь, “Монгол орон”, “Ялалт”, “Хан Хэнтий” зэрэг 3-4 ангит найман магтуу, “Адуучны жавхаа”, “Ургах нарнаар”, “Ардын баяр” нэртэй дан хөгжмийн 30 гаруй зохиол, 80-аад бүжгийн хөгжим, “Биндэръяа нутаг”, “Үзэсгэлэн гоо”, “Хэрлэнгийн барьяа”, “Үхэрчин хүү” зэрэг ардын болон зохиолын дан найрал дууны найруулга, зохиол 100 орчмыг зохиосон нэгэн билээ. Дан найрал дуунуудаас нь “Биндэръяа нутаг” нь Монголын залуучууд, оюутны II наадмаас алтан медаль, “Өлгий нутгийн дуу” нь III наадмын тэргүүн байр, “Адуучны жавхаа”, “Морьдын дуун” дан хөгжмийн зохиол нь Бүх ард түмний урлагийн үзлэгийн алтан медаль хүртэж байжээ. Түүний уран бүтээлүүд эх орондоо ийм шагнал хүртэж байсан бол “Адуучны жавхаа” ятга, морин хуурт зориулсан бүтээл нь 1978 онд Болгар улсад болсон олон улсын наадмаас тэргүүн шагнал хүртэж, алдарт “Жонон хонгор” дуу нь гадаадын олон орны уран бүтээлчид урын сандаа оруулж байсны нэг нь Польшийн дуучин Анна Герман 1977 онд дуулснаар бичлэгт үлдэж, хэдхэн жилийн өмнө олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням, хань Д.Даариймаа нар төрөлх Өмнөдэлгэр сумынхаа Соёлын төвийн эрхлэгч Д.Гансүхийн хамт
Б.МУШКА: УРЛАГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ Ч УНАГАН АВЬЯАСАА ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН ХҮН
Өдгөө 95 настай Ардын жүжигчин Б.Мушка гуай Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашнямтай хамт Хэнтий аймгийн Соёлын ордонд ажиллаж байсан юм. Тэрбээр “Би Урлагийн сургууль 1960 онд төгсөөд нутагтаа, Хэнтий аймгийн Соёлын ордонд найруулагчаар томилогдон очсон юм. Л.Дашням гэдэг хүн бол их өөр язгууртай, нарийн чамбай нэгэн. Нарийн гэдэг маань дууных нь аяны цэмцгэр, тансаг, хүний сэтгэлд ойрхон, хийц сайтай байдлыг нь хэлж байгаа юм. Бид нэг удаа Галшарт ажлаар очоод байхдаа өглөө маш эрт, нар битүү байхад босоод уулын орой дээр гарч харж байтал адуу туусан хүн яваа харагдана. Түүнээс санаа авч Д.Дэмбэрэл маань “Өвлийн адуучин” дууныхаа аяыг зохиож байлаа. Харин Л.Дашням маань тэр үед “Хилэн хар” дууныхаа аяыг олсон юм. Л.Дашнямынхаа уран бүтээлийн шагналыг хүргэж өгч байсан удаа олон бий. 1963 онд “Жонон хонгор морь” нийтийн дууны тэргүүн шагналыг хүртэж, 300 төгрөгийн шагналыг нь гарын үсэг зурж аваад би гэрт нь хүргэж өгч байлаа. Л.Дашням маань хадам аав болох Сэсэржаагийн Дамчаа гэж уртын дуучнаас их зүйл сурсан гэж би үздэг юм.
Тэр үеийн нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал дарга 1961 оны гуравдугаар сарын 14, 15-нд Хэнтий аймагт очоод салхи шуурганаас болж онгоц нь нисэлгүй хоёр хонолоо. Тэгэхэд манай Соёлын ордныхон нэг орой нь концерт, маргааш нь жүжиг тоглож, толилуулж байв. Тухайн үед Ю.Цэдэнбал гуай “Танай хамт олон хүний юм хуулаагүй, өөрсдийнхөө сэтгэл санаа, толгой, авьяасаар бүтээл туурвисан байна” хэмээн ам сайтай байсан.
Нэг жил зүүн дөрвөн аймгийн клубийн эрхлэгч, хөгжмийн болон бүжгийн багш нарын 18 сарын сургалт болсон юм. Би түүнийг нь газар дээр нь хариуцаж байлаа. Түүний буянаар манай Хэнтий аймгийнхан олон хүнтэй концерт, уран бүтээл толилуулдаг болсныг төр, засгийнхан ч өндрөөр үнэлж байсан удаатай.
Надтай хамт ажиллаж байсан олон хүн намайг “Багш аа” гэдэг. Энэ 18 сарын сургалт олон хүнийг урлагт амжилт гаргахад нь нөлөөлсөн байх. Тэр олон шавь нарын минь нэг бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням. Л.Дашням зөвхөн надаас юм сураагүй. Олон хүнээс үг дуулж, чадахгүй зүйлээ бусдаас суралцдаг авхаалжтай хүн учраас урлагийн сургууль төгсөөгүй ч гэсэн өөрийн унаган авьяасаа хөгжүүлж чадсан. Түүний туурвисан найрал дуунуудынх нь аль нь буриад, аль нь төв халхын аялгуунд нийцүүлж туурвисныг урлаг судлаачид хөндөх л ёстой сэдэв гэж би хардаг юм” хэмээн дурслаа.
Ардын жүжигчин Б.Мушка
Ардын урлаг судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашнямын “Жонон хонгор” хэмээх уран бүтээлийн түүврийн өмнөтгөлд “Гурван сайхан морьтны нэг” хэмээн бичсэн нь бий. Түүндээ “Морины сайн дууны зохиолчоор манай нийтийн дууны уран бүтээлчийн тавцанд гарч ирсэн Лүндэгийн Дашням бол цэвэр өөрийнхөө авьяасаар цэцэглэн хөгжиж, ажилсаг зүтгэлээр ая дууны “аргамаг хүлгийн” жолоог атгаж яваа хүн. Ардын дуу хөгжмийн ачтай, шингүүртэй шимээр тэжээлгэж өссөн авьяасынхаа шандсаар хөгжмийн ухааны бичиг эрдэмд бие даан суралцаж, дуу хөгжим бүтээх, урлах үйлсэд зориглон чармайсан. Эгэл адуучны хүү Л.Дашням “Хонин жороо морь”-ны найруулгаар уран бүтээлээ эхэлжээ. Тэгж жороо морийг уран бүтээлийн уургаар барих чадварынхаа уг эхийг арван хэдэн настайгаасаа, аавынхаа хийлгэж өгсөн алаг цоохор морин хуураар нээсэн гэдэг. Шүлэгч Л.Агваанжамбал, хөгжмийн зохиолч Л.Дашням, дуучин Ж.Нансалмаа гурвын урлах, бүтээх үйлс заяаны шижим нийлж, гурван сайн морьтон болж явааг бид харж байна” хэмээн тодотгосон байдаг.
Тэгвэл Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуай түүний талаар “Хурдны удамтай Хэнтий нутгийн аргамаг хүлгийн төвөргөөн Дашнямын дотоод сэтгэлийн хэмнэлийг тойроогүй нь лавтай. 1954 онд монгол ардын дуу “Хонин жороо морь”-ийг найрал дуучдын олон хоолойд зориулан анх найруулж, морин эрдэнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүний зүрхэнд “Жонон хонгор морь”, “Хилэн хар”, “Үйзэн зээрд”, “Домогт алаг”-ийн цомбон туурай тачигнаж, “учирсан хоёрын сэтгэл удах тусмаа жаргалтай байдгаар Дашнямын нэг овог илэрхийлэгддэг. Тэрбээр Хэнтий аймгийн соёл урлагийн хөгжилд оюуны үлэмж их хөрөнгө оруулснаар барахгүй Монголын хөгжмийн зохиолын олон төрөл хэлбэрт давтагдашгүй бүтээлүүдээрээ өөрийн зохих байр суурь эзэлсэн нь түүнд зарлигаар олгосон Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор нь тодорхойлогдох байх” хэмээжээ. Л.Дашням гуайд 1978 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгосон аж.
Л.Дашням гуай 1954 онд 17 настайдаа сумын улаан булангийн эрхлэгчээс аймгийн клубийн найруулагчаар очсон жилээ уран бүтээлээ туурвиж эхэлснийг гэргий нь ч бидэнд дурсан ярьсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашням гуайн хань, Гавьяат жүжигчин Д.Даариймаа “XX зууны шилдэг дууны нэгээр “Жонон хонгор морь” шалгарлаа” хэмээн шагналыг нь надаар гардуулуулах ёслолд оролцож, үг хэлж байлаа. Охид минь “Тансаг сайхан үг хэллээ” хэмээн баяр хүргэж байсан юм шүү. “Адуучны жавхаа” гэж 25 ятга, 15 морин хуурт зориулсан бүтээлээ бичиж тоглуулж байсныг Р.Чойном харж суугаад шүлэг зохион бичиж өгч байсан юм. Р.Чойномтой хамт өвгөний минь бичсэн олон дуу бий. Гэхдээ Р.Чойномын нэрээр бус, өөр хүнийхээр автор нь явдаг юм. “Сэтгэлийн уянга” гэдэг шүлгийг Р.Чойном бичээд Түвшинбаяр гэдэг хүний нэрээр олон нийтийн арга хэмжээнд уншуулж байв. Түүнд нь өвгөн ая зохиосон юм. Чойном бид хоёр нэг ангийн төдийгүй, нэг ширээнд суудаг хүүхдүүд байлаа. Манайд хүний хөл татарсан хойно ирээд өвгөнтэй хамт уран бүтээл ярьж суудаг сан.
Миний хань Л.Дашням ямар ч уран бүтээл хийсэн зүрх сэтгэлээ зориулдаг, хэвтэж амарч байхдаа хүртэл хөгжмийнхөө санааг тэмдэглэж байдаг, хүнтэй эвсэг найрсаг, уур унтуугүй хүн сэн. Зарим нь түүнийг “Инээдэг бор” гэж л нэрлэдэг байсан юм. Ер нь их нутаг амьтай хүн байсан юм шүү дээ. Нэгэн удаа нутагтаа амарч байхдаа “Чогчоохой” гэж хошин дууны үгийг хөгшдөөс сонсож ирээд дан найралд зориулан бичсэн түүхтэй. Түүнийгээ Өмнөдэлгэр сумынхаа соёл урлагийн гурав хоногт уран сайханчдаар дуулуулж байсан удаатай. Найрал дуугаараа Хэнтийн бүх сумын соёл урлагийн гурав хоногт номер бэлдүүлэн дуулуулсныг мэдэх хүмүүс бий байх. Найрал дуу хийдэг хүн өнөөдөр бараг л алга болж” хэмээн дурслаа.
Гэргий, Гавьяат жүжигчин Д.Даариймаа
Д.МӨНХБААТАР: ААВ ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ҮРГЭЛЖ ДАГУУЛЖ ТОГЛОЛТООР ЯВДАГ БАЙЛАА
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Дашнямын хүү Д.Мөнхбаатар өдгөө Улаанбаатар төмөр замын харьяа “Рэйлком” төвийн захирлаар ажилладаг юм. Тэрбээр аавынхаа талаар ийн дурсав. “Аав минь хүүхдэд их сайн хүн байсан. Намайг нялхаас минь эхлээд энхрийлж хайрлан өсгөсөн. Гадаад руу юм уу, Улаанбаатар хот руу явах болгондоо машин авчирна, эсвэл мод зорж байгаад чавхаддаг буу хийж өгнө. Ясли, цэцэрлэгт бараг л яваагүй, аав, ээжийгээ дагаж, Соёлын ордонд л байж байдаг, тэндхийн уран бүтээлч шиг л байлаа. Цэцэрлэгт нэг удаа аав, ээж минь хүргэж өгсөн юм билээ. Гэтэл би өдрийн унталгын цагаар нь “оргоод” “Соёлын ордон хаана байна. Би хөгжмийн багш Дашнямын сэргэлэн Мөнхөө байна. Соёлын ордныг заагаад өгвөл аавыгаа олох гээд байна” гээд явж байсан. Түүнээс хойш цэцэрлэгт яваагүй, аав, ээжийгээ л дагаад явж байдаг байлаа. Аав минь намайг хөгжмийн сонсгол сайтай гэдэг байсан юм. Намайг ном уншиж эхэлмэгц суут хөгжмийн зохиолчдын намтрыг уншуулдаг байв. Өөрөөр хэлбэл, намайг нэгдүгээр ангиас минь л И.С.Бах, С.В.Рахманинов, Ф.Лист, Л.В.Бетховен, В.А.Моцартын намтрыг уншуулж, хөгжмийн боловсролд маань нэмэр болсон гэж боддог. Аав, ээжийгээ дагаад аймаг, сумуудаар тоглолтоор явна. Соёлын ордны дарга Хишигжаргал гэж сайхан ах байлаа. Түүний хүү Хэрлэн бид хоёр найзууд. Бригадаар ч хамт явна. Бүжигчин, дуучдын зараалд их гүйнэ. Тэд буудалдаа хувцас, эд зүйлээ үлдээчихээд биднийг гүйлгэдэг байв. Нэг удаа Увсын Хяргас нуурын Хар Тэрмэс амралт дээр тоглолтоо толилуулж байх үед Хэрлэн бид хоёр завинд нь сууж тоглох гэж байгаад сонин амьтан хараад бөөн уйлаан болж, аав, ээжийнхээ тоглолтын дундуур гүйгээд орж байсан минь санаанаас гардаггүй юм.
Дэлхийн залуучууд, оюутны 8 дугаар их наадмын мөнгөн медальт Л.Дашням
Аав минь “Хэрлэнгийн барьяа”, “Араараа модтой Биндэръяа” гээд олон уран бүтээлээ 1978 онд нийслэлд болсон Хэнтий аймгийн соёл урлагийн арав хоногийн үеэр толилуулж, өнөөгийн УДЭТ-ын тайзнаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоо гардаж авч, Сүхбаатар ах тэргүүтэй олон хүн дээш нь өргөж явж байсан нь санаанаас гардаггүй. Би аавынхаа зохиосон Р.Чойномын шүлэг “Адуучны жавхаа” бүтээлийг морин хуураар тоглохоор оролдон сурч байна даа. Аав минь намайг хөгжмийн мэргэжилтэй болгох хүсэлтэй байсан ч би холбооны инженер мэргэжлээр Орост сургууль төгссөн. Миний бага хүү харин хөгжмийн авьяастай, өвөөгийнхөө авьяасыг үргэлжлүүлэх болов уу гэж харж байгаа.
Аав хот руу явах болгондоо намайг дагуулна. Хөгжмийн зохиолчдын холбоо руу очоод Г.Бирваа гуайн өрөөнд хамгийн түрүүнд орно. Тэгж байтал гаднаас С.Гончигсумлаа, Л.Мөрдорж зэрэг олон хөгжмийн зохиолч орж ирээд ярилцаж суухдаа тэд намайг их өхөөрддөг байв.
Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээд “Сайд нар”-ын хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлдэг болсон юм. Тэгэхэд нэг удаа өндөг гуалиг залуутай тааралдсан нь өнөөгийн алдарт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай байлаа. Ааваас “Энэ хэн бэ” гэж асуухад “Жанцанноров гэж хүн байгаа юм. Ирээдүйд Монголын их суутан хүн болох хүн дээ” гэсэн нь санаанаас гардаггүй” гэж ярилаа.