Гурван сар гадаадад аялж, ажиллаад нутаг буцсан хүмүүсийг ямар их соёлтой болсныг нь сонсож, үнэхээр л төрөл арилжсан юм байх даа хэмээн гайхдаг байлаа. Гэвч өндөр соёлтой орны хилээр нэвтрээд л хамаг бие цэгцэрч, үйлдэл төлөвшиж, дуу намсдаг бололтой. Их Наран улсын “Нарита” олон улсын нисэх буудлаар нэвтрэх төдийд л мэхийн ёслох соёлтой “танилцав”. Монголдоо буцаж ирсний дараа зүүн гараа барьж алхаж сурснаа хүртэл анзаарсан юм. Ердөө долоо хоног тус улсад байсан би энэ мэт энгийн соёлд суралцаад зогсоогүй тэдний амьдралын хэв маяг, хөгжлийн “түлхүүр”-тэй танилцаж, амьдралынхаа туршид хэрэгжүүлэх чухал дадлыг суулгаж чадсандаа өөрөө ч итгэхэд бэрх санагдана. Гэхдээ “дархлаажсан”, хүчирхэг соёлтой улс ямар ч хүнийг богино хугацаанд өөрчлөх увдистай мэт санагдсаныг нуух юун.
Жуулчин, аялагч бүрийн үзэж, мэдрээгүй олон зүйлийг таниулсан энэ ховор, үнэ цэнтэй боломжийг 2007 оноос хойш Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй “JENESYS” (Japan-East Asia network of exchange for students and youths) хөтөлбөр энэ удаа Монголын 50 залууст олгосон юм. Бид спорт, мэдээллийнтехнологи, соёлын гэсэн гурван группэд хуваагдаж, тус тусын нарийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Японы соёл, түүх, амьдралын хэв маягтай танилцлаа. Нарийвчилсан гэж онцолсныг минь хүн бүр л мэдэж буй байх. Япончууд ямар ч ажлыг сайтар төлөвлөж, яг түүнийхээ дагуу ажилладаг зарчимч хүмүүс. Тиймээс бага, жижиг гэлтгүй бүх ажлыг цаг, минутаар хуваарилна. Өглөө, өдөр, оройн хоол нь хүртэл яг тогтсон цагтай. Энэ нь тэдний эрүүл амьдралын хэв маягт их нөлөөлдөг мэт санагдав.
Хүн бүрийн мэдэж байгаачлан энэ мэтээр япон хүнийг магтах зүйл олон. Гэхдээ тэдэнд байхгүй олон сайн зан чанар, ур чадвар монголчуудад бийг энэ богино хугацаанд мэдэрсэн юм. Үүнийг япон хүн анзаараад хүлээн зөвшөөрснөө хэлж байна. Тухайлбал, ЖАЙКА олон улсын байгууллагын Зүүн, төв Азийн хэлтсийн Монголын тээвэр, хотын хөгжил, байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан ажилтан Миүра Жүний хэлснээр монгол хүн шийдвэр гаргах буюу удирдах чадвар сайтай гэнэ. Мөн цаг нь тулсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, богино хугацаанд ажлаа сайжруулах, шинэчлэх зэрэг ажил гүйцэтгэх өндөр чадвартай хэмээн тодорхойлсон юм. Бид бүгд л япончуудыг харилцааны өндөр соёлтой хүмүүс гэж боддог. Гэвч эсрэгээрээ, тэд биднийг нэгэнтэйгээ илүү сайн ойлголцож, харилцаа тогтоож чаддаг хэмээн тайлбарлав. Харин тэдний тодорхойлсноор менежмент болон багаар ажиллах ур чадварын хувьд монголчууд тэднээс арай “муу” гэнэ.
Харин хэзээ ч төсөөлж байгаагүй зүйл нь япон залуусын нээлттэй зан чанар, хандлага байв. Япон хүнийг ажил хэрэгч, зарчимч гэдгээр л төсөөлж байсныг минь өөрчилсөн юм. Токио хот дахь залуусын загвар, соёл, энтертайнмент, худалдаа, үйлчилгээний төвүүд гэгдэх “Шибуяа”, “Шинжүкү” зэрэг түм түжигнэсэн томоохон дүүргээр алхаж явахад олонхзалуус инээмсэглэн зөрж, зарим нь бүр яриа өрнүүлэхээр ирнэ. Тэд Монголоос ирснийг минь сонсоод ихэд баярлаж, манай улсын талаар олон зүйлс асууж байлаа. Ингэж би аяллын явцад хөтөлбөрөөс гадна гурван япон найзтай болсон. Япон залуусыг нээлттэй болохыг баталсан бас нэг зүйл нь “мэйд” (үйлчлэгч) кафе байсан юм. Энэ нь косплэй ресторан бөгөөд тэнд үйлчлэгчийн хувцас өмссөн зөөгч нар ихэд элгэмсэг дотноор үйлчилгээ үзүүлдэг. Уг кафед ганцаараа орж ирээд үйлчлүүлэх хүн ч байсан ба тэнд залуус юунаас ч санаа зоволгүй хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж байлаа. Ази хүмүүс гэхээр л бүрэг ичимхий гэж боддог байсан маань өрөөсгөл байв.
Ингээд бодоход би яг л Монголын зэрэгцээ ертөнцөд зочлоод ирсэн мэт санагдана. Олон сая хүн бужигнасан Токио хотод гэхэд энэ хугацаанд нэг ч удаа түгжрэл үүсээгүй гэхээр итгэмээргүй. Гудамж, талбай нь яг л гэрийн минь шал шиг цэвэрхэн. Бүр метроны буудалд байх орон гэргүй хүмүүс нь хүртэл цав цагаан оймс өмссөн харагдана. Гэхдээ энд нэг зүйл онцлоход япон хүн бүр хог хаядаггүй, цэвэрч соёлтой биш ээ. Залуусын дүүрэг “Шибуяа”-д гэхэд хөглөрсөн хог олонтоо үзэгдэнэ. Гэвч Монголоос өөр нь тэд үүрээр бүгдийг нь аваад, бүр усаар шүршээд цэвэрлэчихдэг. Үүнээс гадна хамгийн том ялгаатай зүйл нь тэдний сэтгэлгээний онцлог байлаа. Жишээ нь, хүн бүр өөрийгөө залуу хүн шиг хөдөлмөрлөж, амьдарч байгаагаа илэрхийлэхийг хүсдэг санагдсан. Энэ нь тэдний амьдралын хэв маяг, урт наслалттай холбоотой ч байж мэднэ. Тухайлбал, галт тэрэг, метронд өөрөөс нь ахмад хүнд суудал тавьж өгдөг манай “соёл” тэнд бүр доромжлол мэт үйлдэл аж. Хэн нэгэнд суудал тавьж өгвөл өөрийг нь хөгшин хүн гэж боддог хэмээн тэд тайлбарласан юм.
НЭГ ХУВИЙН ГАЙХАМШИГ-БЭНИ
Япончууд өөрсдийн соёлыг ямар ч үнээр хамаагүй хамгаалан, хадгалж, түгээж байдаг эх оронч, сэтгэлтэй ард түмэн байлаа. Үүний хамгийн тод жишээ ньXVII зууны эхэн үеэс гейша, япон эмэгтэйчүүдийн уруул, хацар, нүд, түүгээр барахгүй хумсаа хүртэл буддаг байсан байгалийн бэни улаан будаг юм. Өнөө цагт химийн гаралтай төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн бий боловч Япон Улс Эдогийн үеэс (1603-1867 он) өнөөг хүртэл байгалийн гаралтай уг будгийг гар аргаар үйлдвэрлэсээр ирсэн нь үнэцэнтэй, сонирхолтой түүхийн “бүтээл” гэлтэй. Тэд үүнийг том соёлын өв гэж үзэн, үр хойчдоо өвлүүлж, олонд таниулахын тулд уламжлалт аргаар нь буюу Ямагата уулд долдугаар сард ургадаг гүргэмийн улбар шар цэцгийн дэлбээнээс гарган авдаг аж. Уг цэцэг нь 99 хувийн шар пигмент, зөвхөн нэг хувийн улаан өнгөтэй. Хамгийн гайхалтай нь үүний нэг хувийн улаан өнгөнөөс бэнийг гарган авдаг нь асар их хөдөлмөр шаарддагийг илтгэнэ. Тус цэцэг нь өргөс ихтэй тул үүрээр зөөлрөх үед нь түүж аваад улаан өнгөтэй дэлбээг нь салган авахын тулд сайтар угаан, шүүж, дараа нь хатаадаг аж. Түүн рүүгээ ус цацаж, исэлдүүлэн, чулуугаар няцалж, бөөрөнхийлөөд, гадаа дахин хатаадаг байна. Сонирхолтой нь, бэни хатаад бэлэн болохоороо ногоон өнгөтэй байдаг ч усаар чийгшүүлэн биенд түрхэхэд улаанаар гардаг.
Мэдээж үүнийг байнга хэрэглэх хүн цөөн тул “Бэни” музейн хамт олон төр, засгийн туслалцаа, дэмжлэггүйгээр сайн дурын үндсэн дээр хүмүүст музейгээ үнэгүй толилуулдаг аж. Мөн Японд ердөө хоёр мастер л бэни будаг гаргаж, тус музейн хэрэгцээг хангадаг байна. Музейд нэг бэни будгийг9000-18 000 иенээр зардаг ба борлуулсан ашиг болон бусад гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн орлогоор музейнхээ үйл ажиллагааг санхүүжүүлдэг.
Мөн айзоме (индиго) буюу Японы даавуу будах уламжлалт аргатай бид танилцав. Тэд өөрсдийн “брэнд” цэнхэр өнгийг гаргаж аваад дэлхий нийтэд түгээн, дэлгэрүүлсээр байгаа нь биширмээр. Жишээ нь, энэ өнгийг бие даасан цомгийнхоо гол өнгө болгон ашиглаж, бүр “Индиго” хэмээн нэрлэсэн дэлхийн алдартан ч бий.
Айзоме гэдэг нь байгалийн гүн цэнхэр өнгийг нэрлэх бөгөөд энэ өнгийг тадэяа гэх ургамлын навчнаас гаргаж аван, даавуу будахад шууд ашигладаг гэдгээрээ онцлогтой. Бидний очсон газар өөрсдийн талбайдаа тус ургамлыг ургуулан, улмаар навчийг нь түүн боловсруулж, сүкүмо буюу цэнхэр өнгийн шингэнийг гаргаж авдаг аж. Энэ нь даавуу будах уламжлалт урлагийн гол материал болдог юм байна. Японы Эдо хааны үед үүнийг дэлгэрүүлсэн гэж үздэг батухайн үед Япон Улсын олонхиргэн айзомегээр хийсэн даавуун материалыг эдэлж хэрэглэж байсан тул гадаадын иргэд Японыг хөх өнгөөр илэрхийлдэг байсан гэдэг. Иймд дэлхий даяар айзомег Japan blue буюу Японы хөх өнгө гэж тодорхойлжээ. Айзомегээр нийт 48 өнгө гаргах боломжтой агаадэдгээрийн дунд асаги буюу цайвар цэнхэр өнгө нь хамгийн алдартай гэдгийг тайлбарлагч хэлж байлаа. Төрөл бүрийн дизайнаар будах боломжтой бөгөөд энэхүү аргыг ашиглан эрт үед мэргэ төлөг хийдэг байжээ. Тухайлбал, өнгө оруулах үед даавуун дээр тэнгэрт нисдэг жигүүртэн амьтад, луу, эсвэл эрвээхэйн дүрс гарвал сайн сайхан удахгүй тохионо хэмээн бэлгэддэг юм байна.
БЯСАЛГАЛ БОЛ УРТ НАСЛАХ ГОЛ ТҮЛХҮҮР
Өнгөрсөн жилийн байдлаар япон хүний дундаж нас ойролцоогоор 85, харин монгол хүнийх 70 байна. Япончууд“Яаж урт насалдаг вэ” гэх асуулттай байнга л тулгардаг. Өмнө нь дурдсанчлан, япончуудын урт наслалтад тэдний хоол хүнс их нөлөөлдөг нь илт санагдлаа. Тогтсон цагийн хуваарийн дагуу хооллохоос гадна тэдний идэж буй хоол хүнс эрүүл, бас шинэхэн. Хоол идсэний дараа мөстэй хүйтэн ус, эсвэл ногоон цай ууж заншсан тэдний соёл биднийхээс тэс өөр, дасахад хэцүү байсан юм. Магадгүй идэж буй хоол хүнс нь өөх тос бага байдагтай холбоотой болов уу.
Хоол хүнснээс гадна тэдний шашин, итгэл үнэмшил нь урт наслах гол нууц нь мэт. Бид Токио хотын “Мейжи Жингү”, “Сэнсо-жи” болон Камакүра хотын “Кэнчожи”, “Котокү-ин” хийдээр зочлон, тус улсын уламжлалт шашин шинтотой танилцсан. Эдгээр хийдийг цэцэрлэгт хүрээлэн шиг тохижуулж, иргэдийн амрах, тайвшрах, бясалгах бололцоог бүрэн хангаж өгсөн байв. Тэнд лам нар ном унших ба бурхдын өмнө байрлах том хайрцагт таван иений зоос шидэн хүслээ шивнэж, залбирдаг аж. Энэ дундаас Камакүра хотын алдарт “Кэнчожи” гэх хатуу дэг жаяг, дүрэмтэй хийдэд бясалгал хийсэн нь энэ аяллын хамгийн сонирхолтой бөгөөд тэвчээр шаардсан үе байсан юм. Тус хийдэд утас дуугарах битгий хэл, хоорондоо ч ярих хориотой төдийгүй бидний яаж суухыг хүртэл зааварчилж байлаа. Эхний арван минутын бясалгалын үеэр толгойд элдвийн зүйл бодогдож, төвлөрч чадахгүй, бас нойрмоглоод их л зүдэрч дуусгасан юм. Өөрийн оюун бодлоо ийнхүү захирч чадахгүй байгаа бол хийдийн их багшид дохио өгөн, хоёр далан дээрээ урт том саваагаар хүчтэй гэгч нь цохиулдаг сонин ёс жаягтай байв. Ингэснээр муу бүхэн холдож, төвлөрөхөд тус болдог болохыг хийдийн их багш тайлбарласан. Хоёр дахь удаагаа бясалгахдаа зориг гарган цохиулав. Яг л шинээр мэндэлсэн мэт сонин мэдрэмж төрлөө. Шувуудын жиргээ, салхины исэргээ, горхины хоржигнох чимээ гээд гадаа болж буй бүхэн сонсогдож, тэр үед л амар амгаланг жинхэнэ утгаар мэдэрсэн юм. Япончуудын бясалгал хийж өөрсдийгөө тайвшруулж, амар амгалан оршин байхад суралцсан энэ байдал нь ихэд таалагдаж, монгол хүн бүр өдөр бүр үүнийгхийж хэвшээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэв.
Жижиг, том гэлтгүй ийм соёлын өвөө тэд яг байгаагаар нь хайрлан, хадгалж, амьдралынхаа гол чиг шугамаа болгон авч явж буйг харахад багагүй атаархал төрж байлаа. Монголчууд үүнээс бага ч болов суралцаасай хэмээн хүснэ.
Л.Мишээл