Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нарын ижий Х.Пүрэвбадамын бичсэн “Аварга ингэж төрсөн” номын нээлт өчигдөр боллоо. Нэгэн хүмүүний амьдралын дурсамж бичвэрээс Монголын нэгэн цаг үеийн нийгмийн амьдралыг тольдох боломжийг энэ ном олгож буйг хамтран бүтээсэн “Нэпко” хэвлэлийн газрынхан онцлов. Нээлтийн ёслолд Ардын уран зохиолч, Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, Төрийн шагналт, зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой шагналт, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо зэрэг утга зохиолын салбарынхан болон улсын заан Д.Долгорсүрэн, хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй гэр бүл, найз нөхөд нь оролцсон юм.
“Аварга ингэж төрсөн” номын зохиогч Х.Пүрэвбадам “Энэ сайхан өдөр номынхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Би Монголын нэгэн сайхан удамт гэр бүлийн галыг асааж, өрхийг татсанаас хойш 62 жил өнгөрчээ. Үр хойчдоо амьдралаа бичиж үлдээхсэн гэх хүслээс энэ ном бүтсэн. Өөрийнхөө амьдралаар тухайн цаг үеийн тухай өгүүлсэн” хэмээн ярилаа. Төрийн шагналт, зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Энэ ном бол ХХ зууны сүүлийн хагасын нийгмийн толь. Уншсан хүн уйдахгүйгээс гадна тамирчин гэр бүлийн түүхийг бидний өмнө дэлгэж, тэндээс мөн өөрсдийнхөө амьдралыг унших боломж олгоно. Энэ ном цаашид олон хэлээр гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ижий минь амьдралынхаа 60 гаруй жилийн түүхийг өгүүлэх бүтээлээ нээлээ. Энэ номд бидний амьдралын өнгөрсөн түүх, өвөө, эмээ нарын минь эгэл амьдралын замналыг өгүүлсэн. Миний, бидний мэдэхгүй маш сайхан түүхийг хуваалцсан. Эхийн ачийг хариулна гэж байдаггүй. Гэхдээ ээжийнхээ ачийг хариулахыг ямагт хичээдэг. Ээж минь хичээл зүтгэлтэй, хариуцлагатай, сахилга баттай, тэсвэр хатуужилтай хүн байхыг зааж сургасан. Хүний үгийг дааж, бусдын үгийг ямагт сонсдог байхыг үлгэрлэн харуулсаар ирсэн. Ээжээрээ маш их бахархаж, баярлаж байна” хэмээв. Номын редактороор МЗ Э-ийн шагналт зохиолч А.Амарсайхан ажиллажээ. Тэрбээр “Хүмүүс намайг энэ номыг редакторлаж, их ажил хийсэн гэж бодож байгаа байх. Үнэндээ ажиллах биш, үйл явдалд нь хөглөгдөн уншиж, редакторлах ажлаа умартаж, жаргасан. Х.Пүрэвбадам эгч төрөхөөсөө л сонин түүхтэй хүн юм билээ. Түүний аав нь Хад гээд хоёр ч кинонд дүрээ мөнхөлсөн хүн байв. Хүүхдүүдээ эрдэм номтой хүн болгох гэж багаас нь номын мөр хөөлгөсөн. Х.Пүрэвбадам эгч ч сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан гээд маш олон сонирхолтой түүхийг энэ номоос мэдэх боломжтой” гэлээ.
Улсын заан Д.Долгорсүрэн “Би авто тээврийн байгууллагад 28 жил ажилласан. Олон өдөр, сараар тээвэрт явна. Энэ хугацаанд хань минь л үр хүүхдээ өсгөн бойжуулж, цэцэрлэг, сургуульд нь зөөнө. Цаг хугацааны энэхэн түүхээрээ “Аварга ингэж төрсөн” гэх сайхан бүтээл төрүүлж, олны хүртээл болгож буйд нь талархаж байна. Миний дуртай спортыг маш сайн дэмжиж, ямагт ард минь бат зогсож, үр хүүхдүүдээ өдий зэрэгтэй өсгөн хүмүүжүүлсэн ханьдаа ямагт баярлаж явдаг. Түүнийх нь хүчинд Монгол Улсын манлай заан, Гавьяат тамирчин гэх эрхэм алдрыг хүртсэн юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.