Элинор Остром бол эдийн засгийн салбараас хамгийн анх Нобелийн шагнал хүртсэн эмэгтэй юм. Тэрбээр 1933 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо төржээ. Тайзны дизайнер аавтай, хөгжимчин ээжтэй, ядуу зүдүү амьдралд өссөн хэдий ч тэрбээр түүх бүтээж чаджээ.
Калифорнийн их сургуулийг улс төр судлал мэргэжлээр дүүргэж, бизнесийн салбарт олон жил ажилласан ч хожим нь эдийн засгийн чиглэлээр судалгааны ажил туурвин, 2009 онд Нобелийн шагнал хүртсэн түүхтэй.
“Тайм” сэтгүүлээс гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад Элинор Остромыг багтаасан байдаг. Дэлхийн түвшинд хамтдаа шийдвэл зохих асуудлуудыг оновчтой дэвшүүлэн гаргаж ирсэн гэж түүнийг өндрөөр үнэлдэг юм. Байгаль хамгаалал, олон улсын санхүүгийн тогтолцоо, баялгийн тэгш бус хуваарилалтын талаар Остромын бүтээлүүд хөнддөг. Хамгийн гол нь баялгийн тэгш бус хуваарилалтаас зайлсхийх арга, аргачлалыг олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан гаргасан эмэгтэй судлаач болж чадсан байдаг.
Хуваарилалт нь шог гэх юм уу, эсхүл шавхагдаж үгүй болох дөхсөн байгалийн баялгийн тухайбид байнга л сонссоор ирсэн. Аливаа зах зээлд хэсэг бүлэг хүн байгалийн баялгаас хэт их ашиглаж байна, Засгийн газрын зохицуулалт дутуу байна гэх зэргээр хэн нэгнийг байнга л буруутгадаг. Харин зөв зохицуулалт хэрхэн хийх талаар оновчтой шийдэл тэр бүр гардаггүй. Элинор Остромын хэлснээр бол төр, засаг, эсвэл чөлөөт зах зээл хоёрын аль нь ч байгалийн баялаг ашиглах зөв шийдлийн хариуг өгдөггүй агаад хүн төрөлхтөн үүссэнээс хойш урт удаан хугацааны туршид дээрх хоёргүйгээр асуудлыг шийдсээр л ирсэн гэнэ. Ер нь Остромын судалгаанууд улс төр, нийгэм, хүн судлал, түүх, эдийн засаг, экологи зэрэг шинжлэх ухааны хүрээнд олон мянган жишээнд тулгуурлан хийснээрээ анхных болжээ.
Нийтийн нөөц баялгийн асуудлаар шийдвэр гаргах, эсвэл сонголт хийхэд ямагт хүндрэлтэй тулгардаг. Хүмүүсийн бие даан гаргасан шийдвэр хүрээлэн буй орчинд сөрөг үр дагавар, гамшиг учруулахаас зайлсхийх боломжгүй гэсэн итгэл үнэмшилд тулгуурласан шийдлүүд нь өнөөгийн бодит байдалтай огт нийцэхгүй гэж тэрбээр бичжээ. Баялгийг зүй зохистой ашиглах талаар хүмүүс өөрсдөө зохион байгуулалтад ороход тэднийг удирдан чиглүүлэх онолын суурь ч мөн адил цагийн шалгуур даахгүй болжээ. Тэрбээр “Нийтийн баялгийг удирдах нь” номоо бичсэнээр үүнийг шийдэх онолын суурийг бүтээлцсэн юм. Энэхүү бүтээл нь Элинор Остромыг Альфред Нобелийн эдийн засгийн салбарын шагнал хүртсэн анхны эмэгтэй болоход нь ихээхэн түлхэц өгсөн байна.
Аристотелиос эхлээд Хоббс хүртэл олон эрдэмтэн нийтийн нөөц баялаг үнэгүй, үнэлгээгүй тохиолдолд хүмүүс зөвхөн хувийн эрх ашгаа хангахаар бүх нийтийнхийг золиосолдог гэсэн байна. Тухайлбал, эрдэмтэн Гаррет Хардин 1968 оны “Шинжлэх ухаан” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ “нийтийн баялгийн эмгэнэл”-д малчдыг сонгон жишээ татсан байдаг. Малчид богино хугацаанд дундын бэлчээрийг талхилж дуусдаг. Тэгсэн атлаа бэлчээрийн даац хэтэрснээс үүдэн гарсан хохирлыг нөхөн сэргээхэд өчүүхэн бага төлбөр төлдөг. “Маргаашдаа санаа зовохгүй, өнөөдөр боломжтой бол ашигла” гэдэг энэхзз хандлага нь тэдний цорын ганц нөөц болох малын бэлчээрийг үгүй хийдэг. Нийтийн баялаг дандаа эмгэнэлтэйгээр дуусдаг гэсэн сануулга нь зөвхөн байгалийн баялаг биш, түүнчлэн хүн амын хэт өсөлт, бүс нутгийн дайн дажин, төрийн өмчийн хэт үрэлгэн байдалд ч мөн хамааралтай.
Остромын хэлснээр иймэрхүү бодол ньхүмүүс хувиа хичээсэн зангийн өмнө хүчгүйддэг, өөрсдөдөө хоосон найдсанаар улс орны, дэлхий нийтийн баялгийг сүйтгэдэг гэдгээс урган гарчээ. Хялбар санагдах шийдэл нь төрийн хэт хатуу зохицуулалт, байнгын хяналт байж болох юм. Гэвч байгалийн баялгийн ашиглалтыг бодлогоор хангаж, хяналт тавих үүрэгтэй Засгийн газрын агентлагийг үүсгэн байгуулж, тогтвортой үйл ажиллагааг нь санхүүжүүлэх нь сайн хэрэг ч асар их зардалтай гэдгийг хүмүүс анзаардаггүй. “Нийтийн баялгийн эмгэнэл”-ээс сэргийлэх өөр нэгэн шийдэл нь нийтийн өмч, нөөц баялгийг хувийн өмчид шилжүүлэх гэнэ. Бэлчээр болгон ашиглах боломжтой газар нутгийг хуваагаад, тус бүрийг нь малчдад өмчлүүлнэ. Тэгснээр тэд өөр хоорондоо биш, харин байгалийн эсрэг тоглоом тоглох болно. Ингэснээр малчид өндөр ашиг олохын тулд их зардал гаргадаг юм байна гэдгийг өөрсдөө мэдэрнэ. Газрын үнэ цэнээ авч үлдэхийн тулд байгалийн нөөцөө ариг гамтай ашиглаж сурна. Өмчилсөн бэлчээрийн газар бүр байгалийн нөөц баялгийн тогтолцооны нэг хэсэг болох бөгөөд хувийн өмчийн олон газрыг хамарсан гэдгийг мэдэж болно. Газрыг ч яах вэ, хувьчилж болдог юм байж, тэгвэл далай тэнгисийг хэрхэн хуваах вэ? Хууль хэрэгжүүлэгч, өмчийн эрхийг зохицуулагчийн хувьд, аливаа Засгийн газрын хувьд төрийн зохицуулалт болон хувьчлал чухал үүрэгтэй. Гэхдээ энэ чиг үүрэг нь маш их өртөг, зардалтай гэдгийг татвар төлөгчид төдийлөн мэддэггүй.
Остромын хувилбар нь бүх төлөөллийг оролцуулсан тусгай байгууллага бий болгох удаан бөгөөд хүндрэлтэй үйл явц байх аж. Шинэ байгууллага нь тухайн баялгийг удирдаж, оролцогч талуудыг зохицуулна, бүртгэл хөтөлнө. Талууд баялгийн өнөөгийн байдал, мэдлэг, туршлагад тулгуурлан ойлголцол буюу гэрээгээ боловсруулна. Энэ үйл явц нь маргаан дагуулах магадлалтай ч өртөг зардал багатай шийдэл гэнэ. Маргаанд ялахын тулд шүүхэд хандах шаардлагагүй, бас тусгайлсан хууль батлуулах хэрэггүй. Тухайн нөөц баялгийг хамгаалж хадгалахад огт оролцоогүй атлаа хөндлөнгөөс үнэгүй ашиглах гэсэн “туулайнууд”-ын асуудлыг ил тодоор шийдчихнэ.
Талууд арбитр юм уу, хөндлөнгийн хянагчийг ашиглах, шийдвэрийг нь дагахаа харилцан зөвшөөрч, холбогдон гарах зардлыг хуваадаг. Энэ хэлбэрийн зохицуулалт өнөөгийн бизнесийн салбарт түгээмэл буйг Остром судалгаандаа дурдсан байна. Спортын талбарт тамирчид, багууд шүүгчийн шийдвэрийг үг дуугүй дагадаг шүү дээ. Улсын шүүх тогтолцоо нь тухайн орон нутгийн нөхцөл байдлаас хэт хол байдаг бол орон нутаг дахь талууд арбитрууд аливаа зөрчлийг шуурхай илрүүлэх, хялбаршуулан хянах боломжтой.
Төрийн хатуу зохицуулалт, эсхүл хувьчлал гэсэн хоёр арга замын адилаар энэхүү өөрөө удирдах тогтолцоонд тодорхой бэрхшээл байдаг гэнэ. Гэхдээ энэхүү загвар нь баялаг хүртэгчдэд “Нийтийн баялгийн нөөц бол миний ч өмч” гэсэн зөв хандлагыг төлөвшүүлж байдгаараа давуу талтай юм.
Олон нийтийн өмч бий болгохын тулд өөрөө засаглах байгууллагыг үүсгэх бололцоо нь тухайн хүмүүсийн амьдарч байгаа улс төрийн бүтэц, тогтолцоонд ийм бие даасан байдлыг хэр их хүлээн зөвшөөрдөг гэдгээс ихээхэн хамаарч буйг Остром онцолжээ. Дэлхийн олон оронд баялгийн хуваарилалтыг орон нутгийн ард иргэд, нийт үндэсний эрх ашиг биш, харин авлигач шинжтэй улстөрчдийн хувийн шунал болон тэдний ивээлд байдаг хувийн хэвшлийнхний явцуу сонирхол зохицуулж байдаг. Нэг бол үндэсний хэмжээний төрийн албан тушаалтнууд орон нутгийн онцлогийг ойлгодоггүйгээс, олон жилийн турш тогтсон албан бус харилцаа, нутгийн иргэдийн хил заагийг үл хайхран тухайн орон нутагт төрийн зохицуулалт байхгүй гэж хэт хөнгөхнөөр боддог. Хөгжиж байгаа ихэнх оронд нутгийн иргэд хүрээлэн буй орчиндоо сөрөг үр дагавар учруулахгүйгээр ой модыг үе дамжин ашиглаж амьжиргаагаа тогтвортой залгуулсаар ирсэн боловч төр, засаг нь тэр уламжлалыг үл хайхран ой модыг улсын өмчлөлд авчээ. Жишээ нь, Балба улсад хувийн өмчлөлийн ой модыг “нийтийн тусын тулд” улсын мэдэлд шилжүүлэх хууль баталж байв. Үр дүнд нь орон нутгийн иргэд өөрсдийн ой модоо ашиглах эрхээ бүр мөсөн алдаж байна гэж сандарцгаан, хайр найргүй огтлон сүйтгэжээ. Хэрвээ тэд өөрсдөө өмчлөгч юм уу, зохицуулагч л биш бол “үнэгүй зорчигч” буюу “туулай” болж хувираад чадах бүхнээ авах нь илүү ухаалаг харагдах нь зүй биз. 1978 онд Непалын Засгийн газар дээрх хуулийг хүчингүй болгосны дараа ой мод нь аажмаар нөхөн төлжсөн түүх бий.
Дундын сан бүхий нөөц баялгийг ашиглах гэрээнүүд нь үр ашгийг сайжруулах талд чөлөөт зах зээлийг гүйцэхгүй гэж зарим нь хэлдэг. Гэхдээ аливаа хүн цаг хугацаа, гэр бүл, зан заншил, газар нутгаа гэсэн сэтгэлээр шийдвэр гаргадаг бөгөөд энэ нь богино хугацаанд ашиггүй мэт байвч урт хугацаанд төрийн, эсвэл цэвэр зах зээлийн шийдлүүдтэй харьцуулахад хавьгүй илүү үр дүнтэй байж чаддаг гэж Остром онцлон тэмдэглэжээ.
Түүний дэвшүүлсэн бас нэг чухал санаа бол эдүгээ үед өмнөх түүхийн хоёр алдаа хавсран давтагдах юм. Үүнд өвлөгдсөн эд баялгийн тэгш бус байдал болон асар их ялгаатай цалингийн зөрүү (бүтээмж, давуу талд суурилсан) багтана. Зөвхөн хувь хүний авьяас чадвараар үнэлэх туйлшрал нь авьяастнууд болон түрээсээр мөнгө хүүлэгчдийн хооронд хэвийн бус өрсөлдөөн үүсэхэд хүргэснээр бусад хүнийг хохироох, нийгмийн тогтворгүй байдал бий болгох талтай аж. Түүнчлэн Засгийн газраас татварын, нийгмийн шилжин суурьших их нүүдлийг сааруулах шинэ бодлого, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол XIX зуунаас хойш огт байгаагүй орлогын тэгш бус байдлын ангал руу ойртож, магадгүй нийгмийн эргэлттэй ч нүүр тулахыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүсэж болзошгүй ажээ.
Бэлтгэсэн Э.Долгион( Эдийн засагч, аюулгүй байдлын судлаач )