Улаанбаатар хотын Авто замын ачаалал, түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022 оны гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийхэд сурвалжилсныг сониноос уншиж үзлээ. Миний бие хэлэлцүүлгээс гарсан санаа, санаачилгаас арай өөр бодол санал байгаа тул өөрийн санаачилга, саналыг танай сониноор уламжлан цаашид санаа аваасай гэж энэ нийтлэлийг бичив.
Миний төслийн санаачилга нь:
1. Хамгийн бага зардлаар төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой
2. Авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулж түгжрэлийг тайлах
3. Улаанбаатар хотын утааг нэмэгдүүлэхгүй багасгах, бууруулах боломжтой
4. Зорчин явагчид тээврийн хэрэгсэл дотор түгжирч цагаа алдахыг багасгаж, тээвэр хоорондын хүлээлтийн хугацааг багасгах болно.
Хотын дундуур явж байгаа “төмөр замыг” Хөшигтийн хөндийгөөр тавьж өөрчилнө гэдэг бол нүдээ олсон санаа юм. Ингэж өөрчлөхдөө Эмээлтэд зорчигч сууж, буух вокзал барих хэрэгтэй юм.
Хөшигтийн хөндийд вокзал байгуулбал, Яармагийн түгжрэл дээр, Хөшигтийн хөндийгөөс ирэх нисэх онгоц, галт тэрэгний зорчигчдын автобус болон хувийн автомашины түгжрэл нэмэгдэж бүр “0” зогсолт болно.
1. Олон улсад ер нь ихэнх улс нийтийн тээврийг трамвайгаар гүйцэтгэж байгаа шүү дээ. Тунел ухаж хийх нь зардал маш их гарах тул манай эдийн засаг даахгүй, мөн хурдны замыг тойрог маягаар тавина гэж байна. Энэ замыг тавихын тулд хаана, хаанаа газар чөлөөлүүлнэ гэхэд маш их хөрөнгө зарцуулах болно шүү дэ. Зам тавилаа гэхэд энэ замаар явах нийтийн тээвэр мөн нэмэх шаардлагатай болно. Ийм учир хот дундуур явах галт тэрэгний замын хоёр талаар байгаа өргөн зай газрыг ашиглаж Эмээлтээс Налайх хүртэл трамвайн зам тавьж ашиглах хэрэгтэй юм.
Трамвайны зам тавихдаа Баруун замын гарам, Нарантуулын гарам, Амгалангийн гарамнуудыг машин зам биш дээгүүр нь гардаг нүхэн гүүр хэлбэрт шилжүүлж саадгүй машин зогсох, хүлээхгүй болгох хэрэгтэй.
2. Трамвай нь авто зам шиг намхан замаар явахдаа хойно хойноосоо явах тул түгжрэл гэж ерөөсөө байхгүй цахилгаанаар явах учраас шатахуун зарцуулахгүй, утаа гаргахгүй зардал хэмнэнэ.
3. Трамвай явах замыг тавихад тунел ухах, баганат зам тавих хэмжээний зардал гарахгүй.
4. Трамвайн зам бэлэн тул зам тавих, газар чөлөөлөх шаардлагагүй.
5. Троллейбус шиг олон трамвай шаардлагагүй. 100 ширхэг трамвай байхад хоёр урсгалаар зөрөөд л бүрэн үйлчлэх болно.
6. Нийтийн тээврийг троллейбусаар хангах гэж 500 ширхэг троллейбус захиалж байгаа нь шаардлагагүй 100 ширхэг трамвай хүрэлцэх болно.
Эмээлт дээр Хөшигтийн хөндийгөөр явах төмөр замын зогсоол бүхий вокзал байгуулж вагоноос буусан зорчигч вокзалын баруун хаалгаар орж зүүн хаалгаар гарч, хот явах хурдан цахилгаан трамвайнд сууж явахаар зохицуулах хэрэгтэй юм. Трамвайныхаа зогсоолуудыг босоо тэнхлэгийн огтлолцох хэсэгт хийх нь зүйтэй. Зогсоолыг жишээ нь, Эмээлт, Хархорин зах, Гурвалжин, төв вокзал, хүүхдийн парк, ЗЦГ-ынурд, “Да хүрээ” зах, Чулуун овоо, Япон-Монголын эмнэлэг, Амгалан, Хонхор, Налайх 1, Налайх 2 гэх мэт 30-аад зогсоол хийхэд болох байх.
Мөн босоо тэнхлэгийн чиглэлийн үйлчилгээний автобусууд богинын рейс хийхээр зохицуулах юм. Жишээ нь:
1. Найрамдал, Орбит, Толгойт чиглэлийн автобус Толгойтын вокзал дээр эцсийн зогсоолоо болгон хүнээ буулгадаг байхаар.
2. Чингэлтэй, 7 буудал чиглэлийн автобуснууд төв вокзал дээр ирж эцсийн зогсоолд хүнээ буулгадаг байхаар.
3. Дарь эх, Сэлбэ, Сэлх чиглэлийн автобус бол Зүүн дөрвөн замаар уруудаж “Нарантуул” захаар эргэх гэх мэт байдлаар богинын рейс болгохоор эргэлт хурдан, автобусны хэрэгцээ багасаж түгжрэл мөн багасна. Автобус хоорондын хугацаа ч богиносно.
-Яармагийн чиглэлийн түгжрэл нь Туул гол дээрх гүүрээр гараадл түгжирдэг юм. Тэгэхээр гүүрээр гараадл баганат гүүрэн зам тавьж төмөр зам дээгүүр давуулан төв замтай холбох шаардлагатай.
-Яармагаас Зайсан хүртэлх уулын зам Зайсан чиглэлд байнга түгжирдэг тул тус замын Зайсан чиглэлийн урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй болов уу.
Ийм байдлаар хөндлөн чиглэлийн үйлчилгээг трамвай 100 хувь гүйцэтгэхэд хөндлөн чиглэлийн урсгал чөлөөлөгдөж түгжрэл буурах бүрэн боломжтой юм. Зардлыг маш ихээр хэмнэж, хугацаа хожин, түгжрэлээс хурдан гарах болов уу гэж бодож байна.
Миний энэ санаачилгыг хэлэлцэж, боловсронгуй болгон ажил төрөлдөө авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж хүндэтгэн ёсолъё.
Эдийн засагч, санхүү банкны тэргүүний ажилтан Ч.ЧАДРАА
2023.02.06