1327 оны дөрөвдүгээр сарын 6-нд Умард Италийн Авиньон дахь Гэгээн Клэрийн сүмднэгэн санваартан залуу мөргөл үйлдэж яваа бүсгүйг харжээ.
Энэ онцгой мөч юм. Чухам энэ мөч нь өрнөдийн урлагийн эргэлтийн цэг болж, уугиж байсан Сэргэн мандлын цучил тэгэхэд л асчээ.
Тэр бүсгүйг олж харсан залуу нь Петрарка. Аавынхаа хүслээр хуулийн сургуульд суралцсан ч тууштай байж чадаагүй, ядуурснаас санваартан болж гэдсээ тэжээхээс аргагүй болсон хорин гурван настай залуу. Харин бүсгүй бол 15 настайдаа айлын эхнэр болж, хэдийнэ хоёр ч хүүхдийн эх болчихсон Лаура.
Лаура чухам тэгэхэд санваартан залууг анзаарсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Залуу ч баттай мэдээгүй. Тэр тухай ямар ч тэмдэглэл үлдсэнгүй. Тэр зүгээр л бүсгүйг харсан. Тэгээд дурласан. Сэтгэлээ бүсгүйд илчилсэнгүй. Бүр өчүүхэн ч хандлага гаргасангүй. Учир нь залуу өөрөө санваартан, нөгөөх нь айлын эхнэр. Тэр цагийн католик шашны итгэл бишрэл, хатуу дэгёсны үүднээс бол айлын эхнэрт хайр зарлан сээтгэнэх нь санваартан байтугайд нь байж болшгүй гэмт хэрэг, бурханд тэрсэлсэн явдал. Нэг талаас ингэж тайлах хувь хүний онцлог ч байж болно. Сэтгэлээ илчлэхээс айсан, өөртөө итгэлгүй, бүрэг дорой, эсвэл хэт бардам зантай гэх мэт өөр шалтгаан ч байж мэднэ.
Залуу тэрхүү анхны учралынхаа талаар хожимхон ийн бичжээ.
... Энхрий минь, чамайгаа анх харсан
гэрэлт тэр өдрийг бишрэнэм
Эгнэшгүй еэ, тэр агшин, тэр мөчийг
юутай ч зүйрлэнэм
Гэгээн зовлонгоо эрж хайсаар олж очжээ, би.
Тавилан минь
Гэрэлт харцны чинь талимаанд тэгээд
би үүрд цаламдуулжээ.
(Petrarca, II Canconier, 61)
Залуу бүсгүйд зориулан шүлэг бичив. Ганц хоёр, арав хорь биш. Бүр 366 шүлэг бичжээ. Ганц хоёр жил биш, дөчин хэдэн жилийн турш бичжээ. Насан туршдаа хайрлажээ. Гэхдээ сэтгэлдээ л хайрлажээ. Насан туршийн тэмүүллээ, амьдралынхаа учир утгыг тэндээс олж харжээ.
Петрарка бүсгүйгээ нэг ч удаа тэвэрсэнгүй, илж таалсангүй, бүр үг ч сольж үзсэнгүй. Яг л гүүнд хайртай морь шиг, алсаас хайрлаж. Бодит байдал дээр Петраркагийн хайр Лаура бүсгүйд ямар ч хүртээлгүй, ямар ч үнэ цэнэгүй байв. Харин үнэ цэнэ нь хүн төрөлхтөнд хамаатай болжээ.
Бүсгүйн инээмсэглэн тонгойж буйг нь харан шүүрс алдаж, бужгардуу хонгор үсийг нь сэвэлзүүлэх салхинд атаархаж, гишгэсэн мөрийг нь илж, халуун хайрыг тэндээс мэдэрч, илээд өнгөрсөн хүйтэн чулуун баганыг нь даран зүрх сэтгэлээ булгилуулна.
...Шаргалхан бужгар гэзгийг нь сэвшээ илбэнэ
Санаан зоргоороо л илж таалан самнан байнам
Энгүй гоёмсог бужгар зангилаа болгон нийтгээд
Энд тэндгүй алтан ялтас мэт цацлан байнам
Хайр гэрэлтсэн харцанд чинь аргамжаатай
би хөөрхий
Хаашаа ч алхаж үл зүрхэлнэм, уйлан хайлнам,
Үнэт эрдэнэсээ хайн тэнүүчилсэн би энд ирээд
Өршөөл гуйн дагжтал чичрэн байнам.
Одоо л ойлголоо, эрснээ олжээ би, гэвч
Очихын аргагүй хол байгааг нь ч мэдлээ
Тайвшрал уу, цөхрөл үү, алин болохыг үл мэднэ,
Ариун цэнгэг агаараар л хамтдаа амьсгалж
буйгаас хойш
Алтан нарны гэрэл дор адилхан алхаж
яваагаас хойш
Аяа би, үүнээс өөрийг хэрхэн хүсэж чадах билээ?...
Лаура бүсгүйн талаар нэгэн бүдэг бадаг мэдээлэл байдаг нь Гүн Гюг де Садын эхнэр байжээ.
Энэ үнэн бол тэдний удмаас буюу өнөөх Лаура бүсгүйгээс гарсан хүүхдүүдийн үрудам доторолон жилийн хойно Маркиз де Сад гарч иржээ. Бид Садизм гэж мэднэ, бусдыг зовоон таашаал авдаг. Маркиз де Сад гүнтний олон зохиол бүтээл төдийгүй үйлдлээс улбаатай энэ изм-ыг нэрлэжээ. Тэргэгээн хайрын хүслэн болсон хүний үр хойчис ийм байна гэдэг бас хувь тавилангийн наадгай ч гэлтэй. Магад ханаагүй хүслэнгийн төлөөс ч юм билүү.
Вүди Аллен “Гагцхүү хариу нэхээгүй хайр л мөнхийнх” гэсэн. Мөнхийн гинжин хэлхээ ямраар ч үргэлжилж бас болно.
Амар амгаланг хэзээ ч олохгүй, хэзээ ч ханамгүй, хэзээ ч тайван байхын заяагүй тийм хайрын, тийм тавилангийн тухай гал мэт шатааж, мөс мэт хөлдөөх найраг шүлэгс...
... Тайван байхын учиргүй тавилан
заяагаа л бахаднам би,
Тарчлаант сүүлчийн амьсгал минь хүртэл
чамайг л дуудан гасална
Ингээд л миний тэмцэл дууслаа, гэтэл
худлаа байжээ
Итгэл хайр гэгчийг үхэл ч ялан дийлж үл
чадах ажээ.
Он жил өнгөрч, Лаурагийнх нь нас ахиад, олон хүүхдэд дарагдаад, нүүр царайнд нь тодорсон алжаангүй үрчлээ бүхнийх нь тоогоор зүрх нь үрчлээтэх шиг болон, анх цэл залуухан цагт нь харж байснаас ч илүүгээр гүн дотно хайрлана. Илүү ихээр уяран догдолно. Тэр бүхнээ яруу шүлэг болгосоор, түүнийг нь уншсан Европ бахдан биширч, түүнд лаврын титмээзүүнэ.
Лаурагаа нас барсных нь дараах бичсэн сонетийн мөрүүдэд уй гашуу үерлэж, зүүд зөнгийн мэдрэмжүүдхалгижээ.
Петраркагийн сонетууд зүгээр нэг нялсан хоосон уянга байсангүй, амьдрал, үнэ цэнэ, үхэл хагацал, учрал, мөн чанар, бурхны хайр болон гэсгээл гээд үй олон гүн бодролуудтай сүлэлдэнэ.
XIII зуунд Сицилийн ордны найрагчдын дунд үүссэн байж мэдэх сонет хэмээх (соннета) шүлэглэл Петраркийн шүлгүүдээр төгс хэлбэрээ олжээ.
Урьд өмнө Европ дахин тийм шүлэг уншиж байсангүй, Алигери Дантегийн хатуу чанд суртхуунлаг чанар, зарчмаас анхи өөр, илүү иргэнлэг, хэн хүнд илүү ойр байжээ.
Чухам эдгээр шүлэг нь оюун санааны цоо шинэ ертөнцийн хаалгыг нээж, тэр дэлгэгдсэн хаалгаар Сэргэн мандлын салхи сэвэлзжээ.
Хожмын олон найрагчдын сэтгэл оюунд хүчтэй ул мөр үлдээж, улмаар ертөнц дахиныг сэрээжээ. Тиймээс л тэр нэгэн буйдхан сүм дэх учрал их эргэлтийн цэг болсон хэрэг. Хоёр зууны дараа л Их Шекспир сонетийн бас нэг өөр хэлбэрийг бий болгожээ. Цаашлах тусам сонет нь хайрын талбараас халин гарч Жон Донны шашны, Жон Милтоны улс төрийн агуулгаар баяжиж, бүхий л сэдвийг хамжээ...
Өнөөх 1348 оны хаврын тэр өдөр, Улаан өндөгний баярын дараахан Баасан гарагт сүмд анх харсан бүсгүй царайлаг, цайвар шаргал үстэй, даруухан ч эрхэмсэг. Тэр цагаас хойш 21 жилийн дараа бүсгүй 11 хүүхэд төрүүлээд 38-тайдаа таалал төгсөв. Тахлаар, эсвэл 11 дэх хүүхдээ төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээс болж өнгөрсөн ч байж магадгүй, аль аль нь таамаглал.
Ер Петраркагийн сонетууд (II Cansoniere) хоёр бүлэгт хуваагддаг.
Эхнийх нь амьд байгаа Лаурагийн тухай, хоёрдахь нь түүний үхэлд харууссан уй гуниг, зүүд зөнлөг мөртүүд. Эцэст нь Лаура нь хайр, хайрыг төрүүлэгч гоо үзэсгэлэн, эрхэм чанарын бэлгэ тэмдэг болов. Арван нэгэн хүүхдийн эх эгэл жирийн эмэгтэй шидлэг, сүнслэг хайрын сахиулсан тэнгэр, хүрэхийн аргагүй дээд оршихуйн дүр төрх болжээ.
Лаурагаа бурхан болсноос нь хойш ч дахиад хорин хэдэн жилийн турш уяран хайлан бичсээр л байжээ. Лаурагаа анхлан харсан тэр мөчөөс хойш хайр сэтгэлийн үг нь улам мэдрэмтгий, улам гүн болсоор байв. Аль ч цаг үеийн их найрагчид хайртынхаа тухай харамгүй бичсэн. Анхныхаа учралыг ч гайхам бичсэн.
Их Пушкин Кернийгээ олж харсан агшнаа бичсэн нь бас л Петраркагийн лугаа адил.
Агшин зуурын үзэгдэл мэт
Аргагүй үнэний суу мэт
Анхилсан чамайгаа олж харсан
Алтанхан хормыг би мартахгүй ээ.
Хожим Байрон ч бичсэн, Ади ч бичсэн. Вордсворд, Спенсер, Шекспир, Жон Китс гээд бараг бүгд л бичицгээсэн.
Аа, тийм. Түүний өмнө Данте Биатричедээ зориулан бас насан туршдаа бичсэн. Ганц Данте ч биш Петраркагийн өмнөх үеийн Италийн найрагчид рюцариуд ганц эмэгтэйн төлөө гавьяа байгуулахаар жадаа дөрөөвчлөөд морддог шиг зөвхөн ганцхан эмэгтэйд зориулсан сонетийг эгшиглүүлж байсан ч Петракагийнх шиг хожмын бүхэл бүтэн үеийг төрүүлсэн нь үгүй. Түүний яруу найргийн хүч Английн Элизабетийн ордонд хүртэл дэг ёс тогтоож байжээ.
Түүний шүлгүүд, хүний хувь оршихуйн дотоод зөрчлийг ухсан идэвхтэй бодрол бясалгалууд нь Сэргэн мандлын үеийн гуманист гүн ухаантнуудын маргааны сэдэв болж байв.
Ромын ид үед, Кипр аралд Пигмалион хэмээх гайхамшигтай уран барималч, мөрөөдөмтгий гэж жигтэйхэн залуу байжээ. Нэгэнтээ тэрээр нутгийнх нь бүсгүйчүүд өчүүхэн ч эмзэглэлгүйгээр шившигтэйгээр биеэ үнэлж байгааг харан ихэд гутарчээ. Эмэгтэйчүүдийн ариун бусд итгэл алдарч, жигшиж гүйцсэн залуу барималч, тэд бол байгалийн гамшигт алдаа хэмээн үзэх болж, тэгээд ер энэ хорвоогоос тийм нандин ариун бүсгүйг олох найдвар нь тасарснаас гагц уран төсөөлөл, уран барималдаа л мөрөөдлийнхөө бүсгүйг бүтээхийг хүссэн байна. Зааны ясаар хүссэн бүсгүйгээ ч урлав. Үнэхээрийн төгс урлажээ. Уруул нь яг л хайрын үг шивнэх гэж байгаа мэт, харц нь талимаарах шиг, бас гоо биед нь наалдсан нимгэн цагаан панс юу юугүй мултран унах гэж байх шиг... Түүнээ Галатея хэмээн нэрлэв. Тэгээд зогсохгүй мань эр Галатеядаа бүр ухаанаа гартлаа дурлаж орхижээ.
Барималдаа дурлачихсан залуу Пигмалион гантиг цагаан биеийг нь үнсэж, илэн таалж, хацраа, зүрхээ нааж, бэлэг сэлтээр булж, бас тансаг нандин ор дэр бэлдэж өгөв. Залуу эрийн тэр их хүсэл мөрөөдөлд нь уярсан гоо үзэсгэлэн, хайрын бурхан Афродита зааны ясан Галатеяг нь адислан амилуулж өгсөн гэдэг. Эртний Эллинээс гаралтай нэг ийм домгийг Ромын их гурвалын нэг Овидий бичиж үлдээжээ.
Дэлхийн утга зохиолд үүнтэй төстэй түүхүүд цөөнгүй.
Харин уран зохиолд бус бодит түүх гэвэл Петраркагийн дурлалын түүх байж магадгүй юм. Мань Петраркагийн дурлалт Лаура бол бодит Лаура биш. 11 хүүхдийн ээж Лаура Петраркагийн найраг шүлгэндээ уянгалуулснаас тэс өөр хүн ч байж мэднэ. Бие муутай, эрт өтөлж, үрчийж хорчийсон, гал цоггүй, бас уймраа ч байж магад. Түүнийг бодит байдал дээр яг ямар дүр төрхтэй, ямар мөн чанартай хүн байсан тухай нэг ч өгүүлбэр, бүр үг ч байхгүй. Тэр бүү хэл тэр яг өнөөх Гүнгийн хатагтай мөн эсэх дээр ч маргаантай. Гагцхүү Петраркагийн шүлгэнд л бий.
Найрагч маань зөвхөн нандин төсөөллийн Галатеягаа тэрхүү Авьенины сүмд харсан айлын эхнэр Лаурад өмсгөж орхижээ. Тэгээд төсөөллөөрөө энэ орчлон дээр байхгүй ер бусын Лаураг бүтээж, түүндээ насан туршдаа дурласан байвал яах вэ?. Тэр нь тэгээд бүр шинэ эринг эхлүүлэх онч дохио болчихсон. Мянган жилийн дараах, сэргэн мандлын босгон дээрх хоёр дахь Пигмалионы төсөөллөөрөө бүтээсэн Галатея буюу Лаура. Харамсалтай нь Петраркагийн хүслийг гүйцээж өгөх Афродита байсангүй, магад тэр цагт гоо үзэсгэлэн, хайрын бурхан хэдийнэ “Нас барчихсан” байсан биз. Хүмүүс түүнд итгэхийг байж, түүний оронд Загалмай үнсэж, Христэд залбирдаг болчихоод байсан үе шүү дээ. Христ харин бусдын эхнэрт тийнхүү тачаан дурлахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, тиймээс Петраркад тусалсангүй. Афродита азтай Пигмалионы хүслийг нь гүйцээдэг шиг юм болсонгүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн Домгийнхоо эрин үеэс гарч, Петраркагийн өөрийнх нь хэлснээр “харанхуй зуун”-уудад бүйвээлэгдэн байсан үе. Бүхнийг гагц Ертөнцийн эзэн л мэднэ, түүний хүсэл зорго таашаагаагүй л бол мянгантаа мөргөж залбирааднэмэргүй. Домгийн биш, Шашны эрин үе шүү дээ.
Ер ийм түүх цаг ямагт, өдөр бүр давтагдаж байдаг биш билүү? Хайрыг мөрөөдөгч олон залуус зөвхөн мөрөөдлийнхөө дүрийгхэн нэгэнд өмсгөж орхиод, тэр өмсгөсөн багандаа хууртан үнэмшиж, итгэж, хайрлаж явдаг. Тэгээд нэг л өдөр өөрийнх нь “хичээн урласан” баг ховхрон унаад, хувь хүний алдаатай сул талууд тэр багийн цаанаас тодрон гарч ирэхэд “Сэтгэл хөрлөө” гэдэг. Харин яагаад сэтгэл хөрснөө тэр бүр анзаардаггүй.
Их Байрон, романтизм гэгчийн хамгийн хүчирхэг туурвилчдын нэг, тэр Байрон “Хэрвээ Петрарка тэр Лаура бүсгүйтэйгээ гэрлэсэн бол бид хэзээ ч тийм яруу тунгалаг найраг шүлэгтэй танилцахгүй байсан биз ээ” хэмээжээ. Магад ч үгүй.
Бодит амьдрал найраг шүлгээс өөр байх тохиолдол бий.
Ингэхэд Санваартан хүн тэр шашны хатуу дэгтэй цагт хайрын шүлэг бичээд болж байсан уу? Петрарка насан турш санваартнаараа үлдээд, Лаурадаа үнэнч байсан уу? гэвэл эхнийх нь болж байсныг илтгэх сонетууд үлджээ. Хоёр дахь нь санваартан Петрарка хоёр ч хууль бус хүүхэд (хүү, охин хоёр)-тэй байжээ. Санваартан учир албан ёсоор эхнэргүй байх ёстой, гэвч юутай ч тэрбээр шашныхаа дэг ёсыг зөрчжээ. Угаасаа л зөрчөөд хайрын шүлэг урсгаад байсан л даа. Бас сонет шүлгэндээ шаналж энэлж байсан дүр төрх нь бодит байдалдарай өөрөөрхарагдана. Магад шаналал нь зөвхөн төсөөлөл төдий ч байсан юм билүү?
Хүү нь эрт тахлаар өнгөрч, охин нь эцгийгээ насан эцэслэх үед ойр байжээ. Тэр бас охиндоо, зээ нартаа өмч хөрөнгөө гэрээслэн үлдээсэн байдаг.
Салхин тээрэм хараад мангас хэмээн итгэж, өчүүхэн ч эргэлзээгүйгээр дайран ордог яруу алдарт Дон Кихот, эгэл нэгэн бүсгүйг хараад тэнгэрийн гоо үзэсгэлэн, гоо дагинын газар дээрх төлөөлөл хэмээн дурласан Петрарка нарын хооронд бас адил төстэй чанар бий шүү. Өөрөөр хэлбэл, төсөөлөлдөө өчүүхэн ч эргэлзээгүй итгэснээр гайхамшгийг бүтээсэн Петрарка маягийн шинж хоёр зууны дараах Дон Кихотоор баяжин үргэлжилжээ. Баяжихдаа Петраркагийн нандин хайрын яруу төсөөлөл нь Кихотын юутай ч тулгарсан үл нугарах, ямар ч бодит байдал урам зоригоос нь өчүүхэн ч үл дундалж чадах шинжээр илүү гүнзгийрэн төгсөрчээ.
Петраркагаас бараг хоёр зууны дараа XVI зууны төгсгөлөөр рыцариудаасаа холдон тасарсан европ дахин тэднийхээ сайн сайхан талыг, магадгүй бүр дутмаг ч байсан байж мэдэх шулуун шударга, зорилго хийгээд тангарагтаа, бас хайр дурлалдаа үнэнч, ямар нэгэн их үйлсийн төлөө өөрийгөө золиослоход бэлхэн рыцарь шинж гэгчээр цангаж эхэлж байх үед рыцариудын баатар түүх өгүүлсэн роман моодонд орж байх цагт Дон Кихот яг цагаа олж мэндэлжээ.
Ер нь төсөөлөлдөө итгэх, итгэлдээ сүсэглэхийн хүч их. Манайд нутгийнх нь цагаан чулуу Цагаан дарь эх болж хувирсан түүх ч бас бий.
Алс газарт сурахаар одсон хүүдээ эх нь Цагаан дарь эх захижээ. Бүтэлгүй хүү олон жилийн ард эргэж нутгийнхаа захад ирэх дээл ээжийнхээ захиасыг санаж, гэвч оройтсон тул нүдэнд харагдсан цагаан чулуу авч, хадганд ороогоод ээждээ “Цагаан дарь эх” авчирлаа хэмээн итгүүлдэг. Гол нь нээж л үзэж болдоггүй Цагаан дарь эх. Ээжийгээ бурхан болсны ард өнөөх хадганд хулдаатай өөхөн цагаан чулуугаа үзвээс үнэхээр Цагаан дарь эх болчихсон байсан тухай нэгэн домог бий.
Тэгээд үрийнхээ алс газраас зүтгэн авчирсан үнэ цэнэтэй Цагаан дарь эх үнэхээр буй хэмээн сүслэн залбирсан итгэл бишрэлийн хүч ийм буюу гэх. Магад эх мэдээд, хүүгийнхээ сэтгэлийг зовоохгүйн тулд хүүдээ мэдэгдэлгүй жинхэнэ Цагаан дарь эхийн чулуун сийлбэрээр сольчихсон ч байж мэдэх юм. Хэрвээ тийм бол, гэхдээ яалаа ч болхи матери болох, энгийн бор бааз реализмын, бодит байдлын төлөөлөл Санчогоос илүүтэй худал хоосон нь тийм ч чухал биш, зөвхөн итгэл үнэмшлээр халгиж цалгисан идеализмын төлөөлөл Кихот нь энэ бүхий л цаг үеийн туршид хүмүүсийн сэтгэлд ойр байж ирсэн шүү дээ.
Магад тэр сүнслэг шинж л хүн төрөлхтнийг өдий хүртэл чирч, эрж хайлгаж, эрмэлзэн тэмүүлэх яндашгүй их хүч болж байсан байх.
Бодит байдал дээрх урт хамартай, унжуу царайтай Дулсинья Кихотод чухал биш, түүнд өөрийнхөө итгэл үнэмшлийг тохох, өмсгөх хэн нэгэн эмэгтэй л хэрэгтэй, түүн лугаа адил Петраркад бас яруу найргийнх нь халдашгүй гэгээн дүрээ өлгөх хэн нэгэн хэрэгтэй байсан юм биш байгаа.
Эртний Грекийн домогт бас нэг ийм хүүрнэл бий. Эрт цагт, тэр Зевсийн үед, хүмүүс бид эр, эмийн хосолмол шинжийг агуулсан, хүн цээжтэй, морин бөгстэй хачин амьтан байжээ. Кентавр гэнэ. Эр эмийн хосолмол, бас хүн адгуусны хосолмол учир ер бусын хүчирхэг. Тэгээд Зевс тэргүүтэй тэнгэрүүдтэй дайтаж дээ. Манай уламжлалт домог зүйд байдаг Асур тэнгэрүүд дээд Тэнгэрстэй дайтдаг шиг. Үгийн далимд хэлэхэд монголчууд биднийг тэр Асур тэнгэрүүдээс тасарсан гэдэг.
Кентаврууд эцэстээ дийлдэв. Ялсан Зевс ихэд хилэгнэж, энэ хэвээр нь үлдээвэл бөөн яршиг төвөг болж мэдэх Кентавруудын тэр хүчирхэг чанарыг нь үгүй болгов. Эр эмээр нь, бас адгуус хүнээр нь салгажээ.
Өмнө нь нэгэн бие байсан эр эм хоёр ийнхүү хоёр өөр хүйстэн болон хуваагдав. Энэ цагаас хойш хүн гэгч амьтан, эр эм ялгалгүй, өөрийнхөө өрөөл биеэ эрж хайх эцэс төгсгөлгүй, төвөгтэй, зовиуртай эрэлд хатах болжээ. Өөрөөр хэлбэл, өөр хэнээр ч орлуулашгүй, давтагдашгүй өөрийнхөө өрөөл биеийг хайх няцаагдашгүй хүслэн бий болжээ. Хүн бүрд л бий дээ. Платоны нэгэн бичвэрт иймэрхүү санаа байдаг.
Тэр хэнээр ч орлуулашгүй өрөөл биеэ эрж хайх эрлийнх нь нэг эмгэг өнөөх зөвхөн далд ухамсарт байх төсөөллийн хайртаа хайдаг зүдэргээтэй эрлээр илэрнэ. Хамгийн хурц илрэл нь магад Петрарка байх. Хүн бүрд нэг тийм эрлийн гогцоо их бага ямар нэгэн хэмжээгээр байдаг болоод Петраркагийн яруу тунгалаг сонетууд тэр олон хүний зүрхний гүнд, далд ухамсарлуу нь ярган орсон хэрэг биш үү? Яагаад гэвэл хүн бүхний сэтгэлийн мухарт нэгтийм Цагаан морьтой ханхүү, эсвэл Тэнгэрийн дагина бий.
Аранзал дарвуулт хөлгөөрөө нэгл өдөр туяаран гэрэлтсээр ирдэг гэдэгт итгэдэг. Чухам Евгений Богатын “Мөнхийн хүн” энд нуугдан байдаг.
Зөвлөлтийн зохиолч Михиал Зощенкогийн нэг даажинтай өгүүллэг бий.
Октябрийн хувьсгалын дараах их өлсгөлөнгөөс дөнгөж ангижраад байх үед Зөвлөлтийн зохиолчдыг улс орны өнцөг булан бүр лүү илгээжээ. Пролетари ард түмэн хэрхэн баатарлаг тэмцэн амьдарч буй тухай бичээд ир гээд...
Нэгэн яруу найрагч Каспийн далайн эрэг дэх бяцхан тосгонд томилогдож таарав. Наран жаргаж байх цагаар мань эр тосгонд хүрчээ. Их шуурганы дараах наран ер бусаар улаарсаар далайн мандалд шургаж байжээ. Ер бусын гайхамшигт үзэгдэлд хөтлөгдсөн догдлуун найрагч маань шууд л далайн хөвөөнд очив. Гэтэл өнөөх нарнаас ч илүү хачирхалтай зүйлийг мань эр харсан нь тосгоныхон бараг бүгдээрээ шахам, хөлгүй нь мөлхөж, хөлтэй уралдан далайн эрэг рүү тэмүүлцгээнэ.
Алс хязгаарын энэ загасчин тосгоныхны уран сайхны мэдрэмжийг гайхан бахдаж, шагшин магтсан уран сайхан найраглалын мөрүүд урсаж орж, бичиж тэмдэглэж аваад буцжээ.
Өмссөн хувцас ч үгүй шахам үгээгүй ядуу атлаа байгалийн тэр гайхамшигт үзэгдлийг харахаар хошууран гүйлдэж буй тэднийг боловсролгүй, бүдүүлэг гэх аргагүй, жинхэнэ хүмүүс, жинхэнэ уран сайхны өндөр боловсролтой пролетариуд... гэх мэтээр л бичсэн байх даа.
Гэтэл яг үнэн хэрэгдээрээ бодит байдал огт эсрэгээрээ байжээ. Далайн шуурганы дараа эрэг дээр элдэв зомгол, холтосоос эхлээд үхсэн амьтны үлдэгдэл хүртэл гарч ирдэг байна. Түүнийг л өлсгөлөнд удтал нэрвэгдсэн тосгоныхон нэгнээсээ амжиж авахаартийн хошууран зүтгэцээсэн ажээ. Энэ хэдий гэнэн хошин явдал ч бас нэг төрлийн Дон Кихот, Петрарка. Түүний нэг ядмагхан хэв шинж тод харагдана.
Ер яруу найрагт энэ мэт худал хуурмаг, гэнэн романтик төсөөлөл бишгүй. Гэвч тэр нь амьдралын золгүй бодит үнэнээс ангижруулж, яруу сайханд хөтлөн дагуулах шидтэй байх нь ч бас байна. Магад урлагийн мөн чанар нь энэ ч юм билүү?
Гэхдээ хайр дурлал бүхэн угаасаа ийм үл бүтэх, төсөөллийнх гэсэн үг бас биш ээ. Хүн төрөлхтний түүхэнд төсөөллөөрөө бус, учраад хайрлалцсан гайхам хайрууд бишгүй бий. Бидний хамгийн сайн мэддэг нь Таж Махалыг бариулсан хайр. Петрарка тэврэх нь бүү хэл, үг сольж үзээгүй бүсгүйдээ зориулан гэрэлт мөрүүд үлдээсэн бол Шах Жахан хаан ханилан суугаад, 15 хүүхдийн эцэг, эх болсон хатан Мумтаз Махалдаа хайрын гайхамшигт цагаан бунхан босгожээ. Тэгээд зогсохгүй яг ижлийг нь өөртөө зориулан хар гантигаар босгуулж, Ямуна мөрний хоёр эргээс эгнэгт нэгнээ харан гэрэлтэж байхыг хүсжээ. Гэвч хүслээр нь болсонгүй. Мөрний нөгөө эрэгт байх цайзад он жилээр хоригдож байхдаа өвгөн Жаханы ганц хүсэл нь хатныхаа бунхныг л харах байж. Тиймээс хоригдож буй өрөөнийх нь цонхоор Таж Махал бүрэн харагдаж байхыг хүсэж, өөр юу ч түүнд хэрэггүй. Нас дээр гарч, холын хараа нь муудахад хөгшин эцгээ өрөвдсөн охин нь цонхны эсрэг талын хананд том толь байрлуулжээ. Өвгөн тэртолинд Таж Махалыгаа буюу хайртай хатнаа, хэнээр ч орлуулашгүй нэгэн биеийн өрөөлийгөө харсаар амьдралаа дуусгаж. Харин түүнийг хатных нь бунханд, зэрэгцүүлэн оршоожээ. Энэ бодит түүх, тэдний хоорондямарнэгэн мөрөөдлийн төсөөлөл байсангүй. Петрарка хэрвээ Лауратайгаа гэрлэсэн бол тийм мөрүүд гарах эсэх нь эргэлзээтэй. Харин Шах Жахан эсрэгээрээ байв. Энд бас өрнө, дорнын сэтгэлгээ, дотоод мөн чанарын ялгаа ч бий. Өрнө бол “би” буюу альтерэго нь барьж имэрч байж итгэдэг, баталдаг, харин Дорно. Дорно бол оршихуйд дотоод мөн чанараараа уусан нэгдэхийг эрмэлздэг.
Ийм түүх олон, ялангуяа дорнын ард түмний дундэлбэг.
Тэр бүү хэл хэний ч мэддэггүй, алдар цуугүй эгэл хүмүүсийн дотор нь ёстой өөр хэнээр ч орлуулашгүй өрөөл биеэ олсон мэт хайр бишгүй бий. Өвгөнөөсөө өмнө өнгөрч буй эмгэн үгээ зөөж ядан, сүүлчийнхээ хүчийг шавхан хөгшнөөсөө өршөөл эрж байна. “Ингээд чамайгаа ганцааранг орхиод явж байгааг минь өршөөгөөрэй. Олон жил чамтайгаа хамт байж, чамайгаа асарч, халамжилж чадсангүй дээ” гээд...
Жинхэнэ хайр тэнд, тэр төсөөллийн ертөнцөд биш, энд, газар дээр ч бас байж болох биш үү. Бас ямар ч имз энд хүртээлгүй.
Б.НОМИНЧИМЭД Холын аялагч