1904 оны олимпын тоглолтын хүрээнд болсон холын зайн гүйлт (марафон)-ийг түүхэнд тохиолдсон хамгийн хачирхалтай явдал хэмээн Олон улсын олимпын хорооны цахим хуудсанд тэмдэглэсэн байх юм. Энэ уралдаанд оролцогчдоос хамгийн цөөн нь барианд орсонд тооцдог билээ. Өөрөөр хэлбэл, 32 оролцогчоос 14 нь л зорьсон газраа хүрч, дараа нь бараг бүгд эмнэлэгт хэвтжээ. Учир нь тэмцээний болзол тэвчихийн аргагүй байж, зохион байгуулагчид нь тамирчдыг туршилтын туулай болгосон аж. Уралдааны замд тамирчдад хор хүртэл өгсөн гэдэг.
ХIX зууны эцсээс янз бүрийн орнуудад дэлхийн дахины үзэсгэлэн тогтмол зохион байгуулсаар ирж. Үзэсгэлэн нь ололт, нээлтээ илтгэн харуулах нэг ёсны соёлын харилцааны арга хэмжээ болдог байв. 1904 онд ийм нэг үзэсгэлэн АНУ-ын Миссури муж улсын Сент-Луис хотод болжээ. Түүнд 60 улсын худалдаачид бараагаа дэлгэсэн байв. Ганц хөдөө аж ахуйн барааны танхим нь гэхэд л 300 гаруй мянган хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж байлаа. Үзэсгэлэнгийн танхимуудад концерт тоглож, төрөл бүрийн хөгжөөн цэнгээнт арга хэмжээнүүд зохион байгуулж, үзэж сонирхогчид нь ч богино хугацаанд бэлтгэсэн хоол амсаж, олон арван зоогийн газруудад нь зоог барих боломжтой байв. Дөрөвдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сар хүртэл долоон сарын хугацаанд тус үзэсгэлэнг 19 сая хүн үзжээ.
Нэг сонин зүйл нь үзэсгэлэнд Африк, далайн орнуудын уугуул хүн амын төлөөллөөс бүрдсэн “хүний зоопарк” байсан нь тэр үедээ Өрнөдөд танил болсон үзвэр аж. Ийм “зоопарк”-д хүмүүсийг их болхи зэрлэг байдлаар харуулдаг байв.Уг “үзмэр” арьсны өнгөөр ялгаварлах үзлийг тод илэрхийлнэ. Орчин үеийн түүхэнд III олимпын тоглолт долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 23-нд бас л нэг үзэсгэлэнгийн хүрээнд болсон байна. Шударгаар хэлэхэд, тухайн үед спортын уралдаан тэмцээн олны сонирхлыг төдийлөн татдаггүй, үзэсгэлэнгийн хажуугаар нэмэгдэл арга хэмжээ мэт өнгөрдөг байж.
...Гүйгчид ухаан алдаж, үхэтхийн унацгаав. Орос, Америкийн тамирчдын дунд зохион байгуулсан “үхлийн уралдаан” хэнд хэрэгтэй байсан юм бэ? Барон Пьер де Кубертений толгойлсон Олон улсын олимпын хороо энд ажиглах байр суурьтай л оролцож. 1904 оны тоглолтын бүхий л явцад гол хүн нь Дэлхийн үзэсгэлэнгийн Биеийн тамирын департаментын тэргүүн Жеймс Салливан байлаа. Тэрбээр нэлээд эрс үзэлтэй, цагаан арьстнууд бүхнээс илүү гэдэгт итгэдэг, цагаан арьст хүмүүс бусдаас давуу гэдгийг дэлхий дахинд байнга сануулж байх нь чухал гэсэн бодолтой нэгэн аж. Мөнөөх Жеймс Салливан ч “хүний зоопарк”-ийн ажлыг бас эрхэлж байжээ.
Салливанын хувьд холын зайн гүйлтийн үеийн туршилт амжилттай болж өнгөрчээ. Тэрбээр уралдаан болох 24.84 мил (39.99 километр) урт замыг өөрөө тогтоосон гэнэ. 1904 оны олимпын тоглолтын хамгийн нарийн төвөгтэй гараа ийнхүү задгай лаборатори болж хувирсан байна. Оролцсон гүйгчид нь “туршилтын туулай” болсон аж.
Салливан юу бодож олоо вэ? Нэгдүгээрт, хар арьст тамирчид хөл нүцгэн гүйх ёстой болсон нь цагаан арьстнуудад давуу байдал бий болгож, цагаан арьстан илүү болохыг нотлон харуулахад тус болжээ. Хоёрдугаарт, гүйгчид замынхаа эхний хагасыг туулж байж ердөө нэг удаа ус ууна. Энэ нь онол зөв болохоо харуулбал дээд зэргийн үр дүн үзүүлнэ гэж хүлээсэнтэй холбоотой байв. Ташрамд, ХIX зууны эцсээр бий болсон олимпын хөдөлгөөнийг юуны урьд сонирхогчдын уралдаан тэмцээн гэж үзэж байсныг ойлгох хэрэгтэй. Тиймээс Сент-Луист болсон уралдааны гараан дээр урьд нь тэр хэмжээний хол зайд огт гүйж үзээгүй хүмүүс зогсож байсанд гайхах хэрэггүй.Марафонд оролцсон 32 гүйгчийн ердөө тав нь л 40 километр зайд өмнө нь хүчээ сорьж үзсэн байсан гэдэг. Энэ нь 1900 оны тоглолтод холын зайн шилдэг таван гүйгчийн нэг болсон Артур Ньютон, 1902 оны Бостонд болсон холын зайн уралдаанд түрүүлсэн Сэм Меллор, Майкл Спринг, Жон Лордон, Томас Хикс нар байв. Өөр нэлээд сайн бэлтгэсэн нэг оролцогч байсан нь Америкийн сонирхогч тамирчдын холбооны ивээл дор тухайн жилийн зун зохион байгуулсан тэмцээнд сайн тамирчин болохоо харуулсан Фред Лорц аж.
Тэмцээний бусад оролцогч нь спортоос хол хүмүүс. Тухайлбал, Кубээс шуудан хүргэгч Феликс Карвахаль тэдний дунд багтжээ. Тэрбээр ийм үед спортын зориулалтын хувцас хэрэгтэйг ер бодолгүй, ажилд явахдаа өмсдөг ботинк, урт өмд, урт ханцуйтай цагаан цамцтай ирсэн байлаа. Тэмцээнд оролцогчдын нэг нь урт өмд, цамцаа хасахыг түүнд зөвлөсөн байна. Энэ тэмцээнд орохоо мэдэгдсэн Грекийн тамирчдын нэг нь гүйлтийн спортоор бэлтгэл хийж байгаагүй гэдэг. Өмнөд Африкийн Лен Тауньяне, Ян Машиани нар ерөөсөө тамирчин биш байжээ. Тэд Сент-Луист тэмцээнд оролцох зорилгогүй ирсэн аж.
Тэмцээний гарааны дохио наймдугаар сарын 30-ны өглөө дуугарав. Оролцогчид замаа хэрхэн туулсан тухай түүхийг одоо сонсохуй үлгэр домог мэт санагдана. Халуун гэж жигтэйхэн, гүйх зам тоос ихтэй учраас амьсгалахад бэрх. Гүйгчдийн хөлөөр тоос дэгдэхийн зэрэгцээ машин олон, урд талд нь бас морьт отряд давхихыг яана. Түүнээс гадна замын чулууг цэвэрлээгүй, энэ нь Салливаны санаатай хийсэн үйлдэл үү, эсвэл санамсаргүй тохиолдол байсан уу, алиныг ч бүү мэд. 14 километр гүйсний дараа эхний оролцогч тэмцээнээс гарав. Сан-Францискогоос ирсэн Уильям Гарсия эхлээд ханиалгаж амнаас нь цус гарч байснаа ухаан алдлаа. Ам, хамар луу нь тоос, шороо орсноос ходоод, гэдэсний зам нь гэмтсэнийг эмнэлгийн шинжилгээ нотлов. Бас бие нь хуурайшсан, өөрөөр хэлбэл шингэн дутагдсан байлаа. “Тоос их залгиснаас ходоодны нь салслаг бүрхэвч урагдсан байсан” гэж түүхч Нэнси Парезо бичсэн байдаг. Дахиад 2-3 километр зам туулсны дараа Жон Лордон огьж бөөлжөөд тэмцээнээ үргэлжлүүлэхээс татгалзав.
Кубийн шуудан зөөгч Феликс Карвахаль гүйж явахдаа алимнаас хордсон байна. Замын туршид ердөө нэг удаа тодорхой хэмжээний ус ууна гэдэг мэдээж хэтэрхий бага л даа, тамирчин эр дутагдаад буй шингэнээ замын хажуугаар ургасан жимсээр нөхөхөөр шийдэж. Тэгтэл тэр алим нь муудсан байснаас куба эрийн ходоод өвджээ. Гэхдээ л Карвахаль бариандаа орж, хөдөлгөөн нь даанч удаан, арай ядан хөлөө хөлөө зөөж байв. 16 дахь километр дээр Фред Лорцын шөрмөс татаж тэмцээнийг орхилоо. Чухам энэ тэмцээнээс болж тэрбээр спортын түүхэн дэх луйварчдын нэг гэгдэх болжээ. Тэрбээр тэмцээнийг үргэлжлүүлэх бололцоогүй болж зохион байгуулагчдаас нуугдаж 15 километр зайд машинаар явчихсан аж. Ингээд барианд түрүүлж орсон ч энэ мэх нь тэр дороо илэрч, насаараа тэмцээнд оролцох эрхгүй болжээ. Гэлээ ч энэ шийдвэр удалгүй цуцлагдаж, нэг жилийн дараа Бостоны уралдаанд түрүүлсэн байдаг.
Лорцыг заль мэх хэрэглэсэн гэж зарлаад ялалтыг Томас Хиксэд хүртээв. Түүнийг замд явахад нь сэргээш хэрэглүүлсэн гэнэ. Машинаар дагаж явсан дасгалжуулагчид өндөг, стрихниний (бөөлжис хүргэдэг айхтар хортой зүйл, анагаах ухаанд, хортон шавж устгахад хэрэглэдэг) хольсон коктейль өгчээ. Зарим эх сурвалжид бичсэнээр бол түүнд тариа хийсэн гэдэг. Энэ нь хулгана, харх, нохой болон бусад амьтанд хэрэглэдэг, хүнийг хөнөөж чадах хор боловч бага тунгаар хэрэглэвэл булчингийн ажиллагаанд дэм өгдөг гэнэ. Хикс гүйж явахдаа тамир тэнхээ нь муудаад нэг бус удаа унасан ч босоод гүйсээр байж. Тэрбээр тухайн холын зайн тэмцээний шилдэг гүйгч болсон ч 3.5 цагт замаа туулсан нь тун доогуур үзүүлэлт байв. Тухайн үед энэ зайг туулсан дэлхийн рекорд хоёр цаг 58 минут 50 секунд байжээ. Одоо бол хоёр цаг нэг минут есөн секунд болоод буй. Барианд ороход түүний нүд сүүмгэр, юм онож харахгүй болсон, нүүр нь цэлдэн хөх, хөл дээрээ арай ядан тогтож, өвдөг нь нугарахаа больсон байв.
Тэмцээний дараа Хиксэд юу тохиолдсон тухай хэд хэдэн таамаг байдаг. Тэрбээр шууд ухаан алдсан, эсвэл хий юм хараад бариа хүртэл дахиад хэдэн километр зай үлдсэн гэж бодоод зогсохгүй гүйгээд байсан. Ямар ч гэсэн 1904 оны энэ тэмцээнээс хойш Хикс спортын аливаа уралдаанд оролцохоо огт больсон гэдэг нь тодорхой юм. Уг тэмцээний талаар түүний хэлсэн “Намайг ердөө л тасчиж хаясан” гэсэн ганц өгүүлбэр хадгалагдаж үлджээ.
Бодвол Салливан өөрийн туршилтыг амжилттай боллоо хэмээн үзэж, сэтгэл нь нэн таатай байсан биз. Тэрбээр холын зайн гүйлтийг чадал хүч их шавхсан нөхцөлдус ер уухгүй байх нь ашигтай гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл хоёр хоногийн дараа “Post Dispatch” сонинд гарсан “Энэ холын зайн тэмцээн хүмүүсийн аминд хүрэв” гэсэн гарчигтай өгүүлэлд ийм уралдааныг олимпын тоглолтоос хасахыг уриалсан байлаа. Үүнд Салливан хариулахдаа “Холын зайн гүйлт нь тэсвэр, тэвчээр их шаардана. Энэ үед юм уух, идэхийг зуршил болгох хэрэггүй. Нэр алдартай зарим тамирчин идэж, уудаг. Энэ нь ашиггүй” гэж хэлсэн байна.
Түүнээс гадна цагаан арьст Хикс тэмцээнд түрүүлсэнд их баярласнаа Салливан нуухгүй байв. Хар арьст Тауньяне, Машиани нар ес, 12 дахь километрт тэмцээнээ дуусгасанд, Өмнөд Африкийн цагаан арьст, нэг багийн нөхөр Берти Харрис нь барианд хүрч чадаагүйд Салливан ер анхаарал хандуулсангүй. Пьер де Кубертен “Агуу сайхан үзэл санааг, Олимпын хартийг нулимчихлаа. Цагаан арьстнуудад зориулсан олимп боллоо. Бидэнд ичгэвтэр байлгүй яах вэ. Надад ч ичмээр байна, ноёд оо” гэж хэлсэн нь ч энэ америк эрд юм бодогдуулсангүй. 1904 оны тоглолтоос хойш спортын зүтгэлтний хувьд Салливаны нэр алдар буурсангүй. Тэрбээр Америкийн эмэгтэй тамирчдыг оролцохыг хориглосон 1912 оны олимпын тоглолтын үед Үндэсний Олимпын хорооны тэргүүнээр ажиллаж байв.
Бэлтгэсэн Р.Жаргалант