Хүүхдийн мөнгөнөөс мултарсан ард иргэд бухимдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт нэхэж, цахим орчинд давалгаалж байна. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур буюу хүүхдийн мөнгийг ижил тэгш хуваарилах ёстой төрийн сайд олддоггүй. Хэвлэлийнхэн ХНХЯ-нд ээлж дараалан очиж, Т.Аюурсайхан сайдыг сураглаж, өрөө тасалгааных нь үүдийг сахиад ч тусыг эс олов.
Энэ зуур банкнаас зээл хүсэхээр орлогогүйдээ тооцогддог ард иргэдийн 91 нь хувь баян тансаг амьдралтай, олонх нь 2-3 байр, хэд хэдэн автомашинтай болж таарав. Энэ ч гайгүй. Гол нь е-монголиа цахим сайт зарим хүний төрүүлсэн үрийг нь төөрүүлж, үгүй хийж, заримынх нь нууц хүүхдийг илчлэв. Нэг иргэн төрүүлсэн нэг хүүтэй атал, төөрсөн дөрвөн охинтой болжээ. Тиймээс тус иргэн өөрийгөө “алдарт эхийн одон” авах болзлоо бузгай сайн биелүүлсэнд тооцож, хороо хориноороо явж байгаа сурагтай. Бас нэг иргэний төрүүлсэн ганц үр нь алга болчихоод уймарч, уйлж, адгаж яваа тухайгаа Фэйсбүүкийн нүүр номдоо бичжээ. Өөр нэг айл охинтой атал хүүтэй хэмээх бүртгэл гарч ирээд сүйд хийх дөхсөн байна. Аа бас ээжийн утсанд ирдэг хүүхдийн мөнгөний мэдээлэл аавын утсанд ирээд өрх гэрт багахан хэмжээний дайн дажин үүссэн гээд Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой өдий төдий асуудал үүсээд байна.
Тиймээс олон нийт энэ бүгдийн учрыг ухаж асуухаар салбарынхаа сайдыг хайж, сураглаж эхлэв. Харамсалтай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан олдохгүй байна.
Олны шуугих нь тэрбээр хүүхдийн мөнгөний бүртгэлтэй холбоотой асуудлыг цэгцлэх байтугай өөрийн холбогдсон хэргээ баллуурдах завгүй яваа гэнэ. Учир нь өчигдөр түүнтэй холбоотой ноцтой мэдээллийг нэгэн сэтгүүлч олон нийтэд дэлгэсэн. Тиймээс эл асуудлаа цэгцлэхээр арга саам хайн, гүйж яваа дуулдав.
Тодорхой хэлбэл, УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж буй Т.Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгах ёстой хэмээн “murch.mn” сайтын эрхлэгч Х.Ган-Ялалт мэдээлэл хийж, холбогдох баримтыг Тагнуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-т өгсөн.
Сэтгүүлчийн мэдээлэлд “Т.Аюурсайхан эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилуулах замаар хөрөнгөжсөн байж болзошгүй. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 5-наас өнөөг хүртэл үргэлжилж буй жагсаалд алсаас нөлөөлж, төрийн эрхийг хууль бусаар авах, өөртөө болон хамтрагчдадаа ашигтай байдал бий болгохыг завдсан байж болзошгүй зэрэг асуудлыг шалгуулна. Мөн Т.Аюурсайхан “Нүүрсний” гэх хэрэг буюу БНХАУ-ын “Норинко интернэйшнл кооперэйшн” ХХК-тай хийсэн оффтэйк гэрээтэй холбоотой асуудалд оролцсон байж болзошгүй. “Норинко интернэйшнл кооперэйшн ХХК” групп нь 62 тэрбум ам.долларын борлуулалттай, танк, бага оврын зэвсэг, автомашин, иргэний техник хэрэгсэл үйлдвэрлэдэг компани. Африк, Өмнөд Азийн орнуудад томоохон төслүүд хэрэгжүүлдэг байсан ч Орост зэвсэг нийлүүлсэн нь илэрсэн. Азид хорионд орсон ч Монголд нүүрсний худалдаа, тээврийн чиглэлээр ажиллаж, 2020-2022 онд Монголын Засгийн газартай оффтэйк гэрээ байгуулж амжсан зэргээс ньхардах үндэслэл бий болсон.
Түүнчлэн Т.Аюурсайхан нүүрсний асуудалтай 2016 оноос холбогдсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалд найз, хамтрагч Б.Ганхуягийг томилуулахад нөлөөлсөн. Эндээс түүний нүүрсний хулгайтай холбогдсон гогцоо хөвөрнө. Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа тус компанийн удирдлагын багт Монголын оюутны холбоо, МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүд болох Т.Аюурсайханы хамаарал бүхий найман хүн орсон байдаг. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын оюутны холбооны үе үеийн төлөөллийг жагсаал цуглаантай холбоотой асуудлаар шалгаж буйгаа мэдээлж байсан. Гэтэл МОХ-ны нэр нөлөөтэй гол зохицуулагч нь Т.Аюурсайхан. Үүнийг батлах хамгийн том баталгаа бол “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам”, “Тавантолгой түлш” зэрэг төрийн өмчит гурван компанид түүний нөлөөгөөр томилогдсон гүйцэтгэх захирлуудаас тодорхой харагдана” хэмээн дурджээ.
Тиймээс Т.Аюурсайхан хүүхдийн мөнгөтэй холбоотой бүртгэл, алдаа мадгийг залруулах сөхөөгүй яваа. Товчхондоо, өчигдөр үүссэн, өнөөдөр ч үргэлжилж байгаа Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудал Т.Аюурсайхан сайдтай салшгүй холбоотой ч тэрбээр өнөөдрийн 13.00 цагийн Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой мэдээлэлд ч оролцолгүй, усанд хаясан чулуу шиг алга болжээ.